Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Бүх насаар нь хорих ял үнэндээ амьдын там юм шүү дээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-Төрийн тэргүүн цаазын ялыг сэргээх асуудлаар дөрвөн сарын өмнө бусад оронд хэрэгжиж буй хуулийн жишгийг харгалзан Хууль зүй, дотоод хэргийн яаманд саналаа хүргүүлсэн. Гэсэн ч яамны зүгээс албан ёсоор хариу ирүүлээгүй гэж мэдэгдсэн. Цаазын ялыг сэргээх тал дээр танай яамны барьж буй бодлого ямар байгаа бол?

-Цаазаар авах ялыг сэргээх асуудал яригдвал Үндсэн хуульд заагдсан хууль санаачилах онцгой бүрэн эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар гэсэн гурван этгээдийн хүрээнд хөндөгдөнө. Албан ёсоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хууль санаачилах хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор санал ирээгүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид гэж хаяглаад санал илгээж байсныг нь санаж байна л даа…

-Монгол Улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газрын санал дүгнэлт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж нэгдсэн байр сууриар илэрхийлэгддэг.

-Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бичиг нь ямар утга агуулгатай байсан юм бол?

-Засгийн газрын нэг гишүүнд “Энэ асуудлыг судалж үзээч ээ” гэдэг санал ирсэн. Үүний дагуу манай яаманд сайдын тушаалаар миний бие ахалж ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлтээ гаргасан.

-Ажлын хэсэг ямар дүгнэлтэд хүрсэн бэ. Цаазын ялыг сэргээх нь зөв гэсэн үү, буруу гэсэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор санал ирүүлсэн учраас Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн хүрээ хязгаар өмнө нь буюу манай улс цаазаар авах ялын тухайд ямар ямар эрх зүйн зохицуулалттай байсан. Цаазаар авах ялыг халсан асуудал хууль эрх зүйн хүрээнд ямар дэг процессыг дамжиж шийдвэрлэгдсэн, Олон улсын гэрээ эрх зүйн талаасаа манай улсын нэгдэн орсон, соёрхон баталсан иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколоос Монгол Улс гарах хууль эрх зүйн боломж байна уу гэдэг дээр эрх зүйн дүгнэлт өгсөн.

Түүнээс биш цаазаар авах ял зөв, буруу эсэх, байх ёстой болон байх ёсгүй талаар улс төрийн ямарваа нэгэн дүгнэлт гаргаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр гарсан дүгнэлт бол Олон улсын нэгдэн орсон гэрээнээс гарч болох уу, үгүй юу, гарах тохиолдол болон гарахгүй байх тохиолдолд олон улсын пактын ямар хүрээнд байна вэ гэдэгт эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгсөн.

-Дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ. Цаазаар авах ялыг сэргээхийн тулд энэ гэрээ конвенциос гарах шаардлага гарч таарах байх. Тийм боломж байгаа юм уу?

-Үүнийг ярихын тулд өмнө нь нэлээд хэдэн олон улсын гэрээтэй холбоотой зохицуулалтыг ярих ёстой. Манай улс хүний эрхийн чиглэлийн олон улсын есөн гэрээ конвенцид нэгдэн орсон байдаг. Мөн энэхүү есөн гэрээний есөн нэмэлт протоколд нэгдэн орсон л доо. Манай улс хүний эрхийн чиглэлд олон улсын нийт 18 гэрээ, конвенцид нэгдэн орох буюу соёрхон баталсан. Цаазаар авах ялыг халахтай холбоотойгоор НҮБ иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколыг 1989 онд батлаад, 1991 онд уг протокол хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэхүү нэмэлт протоколд өнөөдрийн байдлаар дэлхийн 85 улс орон нэгдэн орсон бол 38 улс гарын үсгээ зурсан. Манай улс үүнд нэгдэн орсон 72 дахь улс. Уг асуудал 2012 оны нэгдүгээр сард УИХ-аар иргэний болон улс төрийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколийг соёрхон батлах тухай хууль батлан гаргасан. Ингэж байж Монгол Улс албан ёсоор нэгдэн орсон. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халж, хуулиа баталсан. Ингэснээр дефакто буюу бодит байдал дээрээ цаазын ялыг хууль тогтоомжоосоо бүрэн халсан улсын бүртгэлд орсон. Олон улсын гэрээнд нэгдэх болон гарахтай холбоотой асуудлыг Венийн конвенциор зохицуулсан байдаг. Манай улс Венийн конвецид нэгдэн орсон. Энэ конвенцийн 54 дүгээр зүйлд гэрээг зогсоох буюу гарах асуудлыг зохицуулсан байдаг. Мөн Венийн конвенцийн 54 дүгээр зүйлийн Б-д нэгдэн орсон гэрээний конвенциос гарах вэ гэдгийг зохицуулсан. Уг зохицуулалтаар тухайн нэгдэн орсон протоколд тусгайлан заасан бол зохицуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд тухайн нэгдэн орсон улс уг гэрээ конвенциос гарах тухай заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэгдэн орсон гэрээнээсээ гарах тохиолдолд яах вэ гэдэг харилцаа бүхэлдээ байдаггүй гэсэн үг. Тэр утгаараа ажлын хэсгийн хүрээнд бусад орны тухайд ийм нөхцөл байдал үүсвэл хэрхэн шийдвэрлэдэг юм бол гэдэг асуудлыг судалж үзсэн. Ийм тохиолдолд гарах асуудлыг зохицуулсан гэрээ конвенци байдаггүй учраас хууль баталж юм уу, дангаараа гарах боломжгүй. Монгол Улс дангаараа уг гэрээнээс гарах, цуцлах, соёрхон батлах гэрээнд нэгдэн орсон олон улсын гэрээг хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах, гарах боломжгүй гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан.

Монгол Улс Үндсэн хуулиараа цаазаар авах ялыг хууль тогтоомжоороо зохицуулж болно гэсэн заалттай. Нөгөө талаараа манай улс олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ, олон улсын гэрээ манай хууль хоёр зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байдаг. Тэр утгаараа Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг тусгах нөхцөлд олон улсын нэгдэн орсон гэрээ үндэсний хууль тогтоомжоос давж үйлчилнэ гэдэг дүгнэлт гарсан.

Цаазаар авах ялыг сэргээх нь манай улсын олон улсад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлд гаргасан дэвшлээсээ ухарсан алхам болох бөгөөд Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэдэг ойлголтыг баталгаажуулж, Монгол Улсад итгэх итгэл буурахаас гадна, НҮБ, Европын холбоо зэрэг байгууллагаас эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээг авах сөрөг үр дагавартай гэдэг дүгнэлтийг гаргасан.

Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүний 2016-2018 оны сонгуульд амжилттай оролцсон. 2015 оны арванхоёрдугаар сард болсон сонгуульд НҮБ-ын байгууллагын гишүүн 174 орон манай улсад саналаа өгч энэхүү нэр хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээсэн. Монгол Улсын нэр хүнд НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд сонгуульт үүрэг хүлээсэн үүргийн бодлого, чиглэлд сөргөөр нөлөөлж эдгээр байгууллагаас анхааруулах шахалт ихээр ирж хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд шүүмжлэл авч манай улсын үнэлгээ буурахаар байна гэж мөн дүгнэсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1-т эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх үндсэн зорилготой. Алах ялын тухайд энэ гурван зорилго ялынхаа үндсэн зорилгыг бүрэн хангаж чадах боломжгүй гэж ойлгож байгаа. Нэгэнт амь насыг нь тасдаж буй хүнийг хүмүүжүүлэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Урьдчилан сэргийлэх утга ч мөн яригдахгүй. Цаазаар авах ял байснаар тухайн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт буурдаг гэх ойлголт олон улсад ч манай улсад ч байдаггүй.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн улмаас амь насаа алдсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар бүх насаар нь хорих ял шийтгэлтэй. Бүх насаар нь хорих ял шийтгэл бол тухайн хүндээ маш хатуу ял шийтгэл байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм байдлаар хорих ял шийтгэгдсэн хүмүүсээс амьд гарч ирсэн хүн байдаггүй. Бүх насаар нь хорих ял үнэндээ амьдын там юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачилах онцгой бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Албан ёсоор хуулийн төсөл хэлбэрээр орж ирвэл Засгийн газар албан ёсны дүгнэлтээ гаргаж өгөх байх.

-Ерөнхийлөгчийн зөвлөх мэдээлэл хийхдээ Үндсэн хуулийн 10.4-т Монгол Улс “Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж заасны дагуу цаазаар авах ялыг сэргээх хуулийн төсөл санаачилж байна гэсэн л дээ. Цаазын ялыг сэргээлээ гэхэд Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх хориг арга хэмжээ яг юу байх бол?

-Ерөнхийлөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цаазаар авах ялыг халах тухай саналыг манай яаманд хүргүүлсний дараа Европын холбоо энэ асуудлаар тусгайлсан мэдэгдэл гаргаж Монгол Улсад ирүүлсэн. Уг мэдэгдэлд цаазын ялыг халах аливаа санаачилгыг дэмжихгүй. Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулаад хэрэв энэ асуудлыг яривал Монгол Улстай байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаа албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, татварын хөнгөлөлтэй нөхцөлийн гэрээ юм. Энэ гэрээний үр шимийг хамгийн эхээр хүртэж буй хүмүүс манай малчид байгаа. Манай Үндэсний томоохон үйлдвэрлэгч Говь компани Европын холбооны зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцөлийн дагуу үндэсний бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ашиг орлого нь нэмэгдэж байна. Тэр утгаараа ноолуурын үнийн өсөлт тогтвортой, өсөлттэй, эрэлттэй байгаа нь үүнтэй холбоотой. Цаазын ялыг сэргээх асуудал нь улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн үр дагавартай гэдгийг шууд хэлмээр байна.

-Олон улсын гэрээ конвенци манай улсын дотоодын яг ямар хуулиудтай зөрчилдөж байгаа юм бол?

-Хууль зүйн хүчин чадлын эрэмбэ дараа гэж байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль хамгийн хүчтэй үйлчилнэ. Ямар ч олон улсын гэрээнээс илүү давж үйлчилнэ. Хэрэв давж үйлчлэхгүй бол тусгаар тогтносон улс гэдэг шинж үгүйсгэгдэнэ. Үндсэн хуультай байна гэдэг нь бие даасан тусгаар тогтносон, бие даасан улс гэдгээ нотолж буй хамгийн дээд улс төрийн эрх зүйн бичиг баримт. Үндсэн хуульд цаазаар авах ялын тухайд онц хүнд гэмт хэрэг дээр хуулиар хэрэглэж болно гэдэг эрхийг нээж өгсөн. Заавал хуулиар байна гээгүй, болно гэдэг сонголтыг зааж өгсөн байна. Хуульдаа байлгах эсэх нь хууль тогтоогчийн эрх мэдлийн асуудал. Манайх 2015 онд Эрүүгийн хууль тогтоомжоороо цаазаар авах ялыг халсан байна. Монгол Улс Үндсэн хуульд харшилсан гэрээг дагаж мөрдөхгүй гэдэг заалт байдаг. Сая хэлсэнчлэн иргэний болон олон улсын пактын нэмэлт протокол бол манай Үндсэн хуульд харшлаагүй гэдэг дүгнэлт гараад үүнийг соёрхон баталсан. Олон улсын гэрээ үндэсний хууль тогтоомжийн заалттай зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөнө гээд Үндсэн хуульд мөн байгаа. Хүчин чадлын хувьд нэгдүгээрт, Үндсэн хууль, хоёрдугаарт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, гуравдугаарт, үндэсний хууль тогтоомж гэдэг эрэмбэ бий.

Миний яриад байгаа дүгнэлт зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлт гэж ойлгож болохгүй. Уг дүгнэлтийг гаргахад дээр хэлсэнчлэн Монгол Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад харилцааны яам, Хуульчдын холбоо, эрдэмтэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 100 хувийн саналаар дүгнэлтээ гаргасан. Уг ажлын хэсэгт орсон байгууллагуудын төлөөлөл нь тухайн байгууллагынхаа байр суурийг илэрхийлж байгаа юм. Эдгээр байгууллагууд нэгдсэн байр суурьтайгаар нэгдсэн дүгнэлтийг гаргасан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *