“Алтан гарт эмч шилдэг залуу эмч” шалгаруулах ёслол тусгаар тогнолын ордонд боллоо. Ёслолыг “Залуучуудын эрүүл мэндийн корпораци” зохион байгуулж “Интернэт маркетинг медиа”, “Эрин клиник эмнэлэг”, “Монос” груп, “М код” компаниуд дэмжин ажилласан юм.
Ёслолын үйл ажиллагааг удирдан явуулсан “Залуучуудын эрүүл мэндийн корпорацын захирал, Хүний эх эмч Ц.Буджавтай ярилцлаа.
-Олон улсын эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе! Уг үйл ажиллагаа хэд дэх жилдээ болж байна. Энэ жилийн онцлог юу вэ?
-Баярлалаа. Энэ арга хэмжээ хоёр дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Олон улсын эмч нарын өдөртэй давхцан зохион байгуулж байгаараа онцлог цаашид энэхүү ёслолоо жил бүр уламжлал болгон зохион байгуулах бодолтой байгаа.
-Шилдэг залуу эмч нарыг ямар шалгуур үзүүлэлтээр сонгон авсан бэ?
-Дөчөөс доош насны, улсад 3-5жил ажилласан туршлагатай, ажиллах хугацаандаа гаргасан амжилт зэргийг харгалзан үзэж шалгаруулсан. Эмч нарын маань ур чадвар их дээшилж, шилдэг 35 эмчийг шалгаруулахад жоохон бэрхшээл гарсан.
-Энэ шалгаруулалтад эрүүл мэндийн бүх байгууллагуудын эмч нар хамрагдаж чадсан уу?
-Ер нь бол улсын хэмжээний бүх эрүүл мэндийн салбарыхныг хамруулсан. 21 аймаг болон есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн залуу эмч нар бас Монголд ажиллаж байгаа гадаад эмчийн материал ч ирсэн байгаа. Тэр дундаасаа шилдэг 35 нь шалгарч өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн.
-Энэхүү ёслолын гол зорилго нь юу вэ?
-Манай “Залуучуудын эрүүл мэндийн корпорац” нь залуу эмч нараа дэмжих, урам хайрлах зорилгоор байгуулагдсан. Энэ ч үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Цаашид эмч нараа дэмжин олон олон арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!
Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу эмч”-ээр шалгарсан яаралтай түргэн тусламжийн төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх
-Юуны өмнө Олон улсын эмч нарын өдрийн баярын мэндийг, “Тэргүүний залуу эмч” болсонд тань давхар баяр хүргэе!
-Баярлалаа. Баярынхаа өдөр энэхүү ёслолд оролцож “Тэргүүний залуу эмч” болсондоо баяртай байна.
-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна?
-Би хориод жил зон олныхоо төлөө эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Одоо ч бараг хөгшиндөө орж байх шиг байна. Энэ хугацаанд “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн дэргэд “Амь дүйсэн үед яаралтай туслах төв”-ийг байгуулан сургалт сурталчилгаа хийж, хойч үеийн залуу эмч нараа араасаа бэлтгэн сургаж байгаа.
-“Амь дүйсэн үед яаралтай туслах төв” гэхээр түргэн тусламжтай адилхан гэж ойлгож болох уу?
-Болохгүй. Түргэн тусламжийг бол заавал эмч гэхгүй онцгой байдлын алба хаагч ч үзүүлж болох талтай. Харин амь дүйсэн үед яаралтай туслах тасаг маань заавал эмч мэргэжилтэй хүн хүний амийг яаралтай үед яаж аврах, хэрхэн тусламж өгөхөөс шалтгаалан хүний амь настай холбоотой байдаг болохоор илүү хүнд салбар юм.
-Шилдэг залуу эмч нарыг тодруулж байгаа энэ арга хэмжээний талаар ямар бодолтой байна?
-Нүдээ олсон сайхан арга хэмжээ. Ер нь эрүүл мэндийн салбарт дутагдаж байгаа нэг асуудлыг нөхөж байна гэж харж байна.
С.ОТГОНБАЯР