Categories
мэдээ улс-төр

Л.Ариунжолоо: “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй

С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарийн прокуророос ирсэн албан ёсны хариуг “Нэг цонх” клубын залуучууд танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Нэг цонх” клубын гишүүн П.Амар, Л.Ариунжолоо нар “С.Баярцогтыг уучилж, алдаагаа засах боломж олгохыг уриалсан” юм.

“Нэг цонх” клубын гишүүн Л.Ариунжолоо ярихдаа: “Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэрээ байсныг өнгөрсөн арван жилийн хугацаанд ярилцсаар ирсэн. Энэ гэрээг ашиггүй гэдгийг нотлохын тулд С.Баярцогтыг буруутгасан ч, буруугүйгээ нотлох оролдлогыг удаа дараа хийж байгаа.

С.Баярцогт гэдэг хүнийг авлига авсан гэдгийг нотлохоор бид буруу аргаар тэмцээд байна. С.Баярцогтыг буруутайг нотлох монголчууд бидэнд ямар ашигтай вэ? “Рио тинто”-той байгуулсан гэрээ бидэнд ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй. “Рио тинто”-гийн ТУЗ-ийн дарга 2017 онд ашигтай ажилласан гээд дэлхий дахинд зарлаж байна. С.Баярцогтыг хийсэн алдаагаа засах боломжийг олгоё. С.Баярцогтыг уучилъя. Алдаагаа засчихвал монголчууд бид уучилна” гэлээ.

“Нэг-Цонх” клубийн гишүүн П.Анар: “Швейцарийн шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулъя. 2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн “А”-н “С” компанийн дансанд нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн.

Швейцарын шүүхээс БНХАУ-ын иргэн “А”-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн данснуудыг царцаасан.

БНХАУ-ын иргэн “А” нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Швейцар улсын дээд шүүх хуралдаж мөнгө угаасан гэж үзэн 7 жилээр, авлигал өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар данснуудыг царцаах шийдвэр гаргасан. Давж заалдсан гомдол нь үндэслэлгүй гэж үзжээ.

БНХАУ-ын иргэн А-н С компанийн дансанд 2008 оны тавдугаар сард 10 сая ам.доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам доллар, 2008 оны долоодугаар сард 10 сая ам.долларын орлогын гүйлгээ хийгдсэн.

Энэхүү хоёр орлогын гүйлгээнд эх үүсвэрийн тайлбар хүсэхэд Банканд өгсөн тайлбартаа төмрийн хүдрийн худалдаанаас олсон мөнгө гэж тайлбарласан.

Шүүхэд өгсөн тайлбартаа “D” компанийн хувьцааг “E” компанид зарсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай гэж үзжээ.

БНХАУ-ын иргэн А-н данснаас 2008 оны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын “Legend Plus Capital Limited” компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн.

БНХАУ-ын иргэн “А”-н С компаниас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй компанийн дансаар дамжуулан С.Баярцогтын хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон.

С.Баярцогт нь тухайн үед Монгол Улсын Сангийн яамны сайд байсан бөгөөд сайд байх хугацаандаа Рио Тинто компанитай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

2011 онд Рио Тинто компани нь Африкийн Гвиней улсын төр засагт авлигал өгсөн хэргээр шалгагдаж буруутай нь тогтоогдсон.

Монгол Улс Рио Тинтотой хийсэн гэрээ нь харилцан ашиггүй байх үндэслэлтэй гэж Швейцарын дээд шүүх үзэж байна.

Энэхүү үйлдлүүд нь мөнгө угаалт, авлигын гэмт хэрэгт тооцогдоно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *