Categories
мэдээ нийгэм

Иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэхийг анхаарууллаа

Мэргэжлийн Хяналтын Байгууллагаас 2018 онд тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийхээр зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ талаараа өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хэвлэлийн бага хурал хийлээ.

Шалгалтад Арьс, эмчилгээний гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой, оргүй нийт 56 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр байгууллагууд нь хувийн хэвшлийн эмнэлгүүд ажээ.

Шалгалтаар гадаадын эмч, мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирээд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд эмнэлгийн тусламж үзүүлсэн, эм, эмнэлгийн хэрэгслийг өөрсдөө ганзагаар авч оруулж ирж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж, 3 иргэнд нийт 21300000 төгрөгийн торгууль ногдуулж, 750000 төгрөгийн хууль бус орлого,5100000 төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж, 5 эмнэлэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн хэрэг үүсгэн холбогдох арга хэмжээг авч ажилсан байна.

Мөн нийт 2 байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай саналыг ХУД-ын прокурорын газарт хүргүүлэн, Ноён Оргилын хишиг ХХК-д холбогдох хэрэгт үйл ажиллагааг прокурорын тогтоолоор зогсоох, эд зүйл баримт бичиг хураах, устгах зэрэг албадлагын арга хэмжээ авч ажиллажээ.

Энэ талаар НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ: “Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 7 буюу 16.4% нь эмнэлгийн зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байна.Багаж материалын ариутгалыг өөрийн байрандаа хийдэг 8 эмнэлгийн ариутгалын хэсэг стандартын шаардлагад нийцэхгүй байна.Арьс гоо заслын эмнэлгүүд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс, эхэсийн тарилга зэргийг хууль бусаар, импортлон, хадгалалтын горим дэглэм зөрчигдсөн нөхцөлд хэрэглэж байгаа тохиолдол илэрч байна” гэв.

Гоо сайхны чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулахад :

-Аялал зуучлалын визээр орж ирсэн гадаадын эмч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах эмнэлгүүд нь гадаадын эмч, мэргэжилтнүүдийг ажиллуулахдаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг зохих журмын дагуу авах.

-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, үйлдвэрлэгчийн заасан хадгалалт, тээвэрлэлтийн дэглэмийг баримталж чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх.

Иргэд үйлчлүүлэгчдэд анхааруулахад:

-Үйлчлүүлэгчид эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдэлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэх.

-Нийслэлд тусгай зөвшөөрөлгүй мөртлөө “Эмчилгээний гоо сайхны газар” гэсэн олон байгууллагууд ажиллаж байгаа. Иргэд эмчилгээний гоо сайхан, гоёлын гоо сайхны газруудын ялгааг сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэж НМХГ-аас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *