Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сонгомол эсээнүүд

Мишэль де Монтэнийн “Сонгомол эсээ” хэмээх хар хавтастай ном байдаг. Энэ номыг Гүн овогт Г.Аюурзана орчуулан 2004 онд хэвлүүлжээ. Уг ном бол Сэргэн мандлын хожуу үеийн Францын их сэтгэгч Мишель де Монтэний (1533-1592) эргэцүүллүүд буюу эсээнүүд юм. Анх 1580 онд эхний хоёр дэвтэр нь хэвлэгдэж гуравдугаар дэвтэр нь 1588 онд хэвлэгдсэн гэдэг. Одоогоос бараг 500-гаад жилийн өмнө гэсэн үг. Уг эссээг Жан Жак Руссо, Вольтер, Шекспир, Толстой, Пушкин гэх үе үеийн зохиолч сэхээтнүүд шимтэн уншиж, ширээнийх нь ном болж, онгод билгийх нь ундарга болсоор ирсэн түүхтэй. Ингээд юун тухай бичсэн байдгийг та бүхэнд ойлгуулах үүднээс зарим эссээнүүдээс нь товчиллоо.

“Юунд ч үл ажрах, туйлбартай зан чанарын тухайд” хэн нэгнийг шийдэмгий, шулуун зантай, юунд ч ажирдаггүй гэж магтана гэдэг тэр хүн ямар нэг таагүй зүйлээс зайлсхийхийг оролдох ёсгүй гэсэн үг биш гэжээ. Эр зоригийг “Дайсныхаа өөдөөс халз жагсаалаараа цэх зогсох” гэж тодорхойлсон хүнийг сонссон Сократ “Юу гэнээ, ухрах арга хэрэглээд дайснаа дийлбэл тэгээд хулчгар явдал болох уу” гэж мохотгосон гэнэ. Таагүй зүйл тохиолдоход хэн ч айж болно, энэ тийм муухай зүйл биш. Харин хямралаа хатамжлан давж аюулаас зайлсхийж гараад дараа нь учраа олох нь зөв гэжээ.

“Нэгнийнх нь ашиг нөгөө хүний хувьд гарз байдаг” талаар оршуулах зан үйл хийж ашиг олдог иргэнийг “Асар олон хүний үхлээр олз олсон” гэж шүүсэн талаар бичжээ. Түүнийг Монтэн үзэхдээ бусдын гарз үгүйгээр ямар ч ашиг байдаггүй. Худалдаачин залуучуудын үрэлгэн байдлаас, тариачин талхны өндөр үнээс,барилагчин байшин муудсанаас, шүүхийнхэн хүмүүсийн хоорондын маргаанаас тэр бүү хэл санваартан бидний сүсэг бишрэлээс болон үхэл хагацалаас л ашиг хонжоо олдог гэнэ. Бид сэтгэлийнхээ гүн рүү өнгийвөл бидний хамгийн нанидан хүсэл мөрөөдлүүд ихэнхдээ хэн нэгний төлөөсөөр буй болж байдаг гэнэ. Энэ бол байгалийн өөрийн тогтоосон дэг журмыг сахиж байгаа хэрэг аж. Ямар нэгэн зүйл өөрчлигдсөөр өөрийн хязгаарыг давбал тэр нь урьд байсан зүйлийнхээ хувьд мөхөж байгаа хэрэг гэсэн эшлэл ажээ.

“Дадал зуршилын тухайд,тэрчлэн тогтсон хууль ёсыг өөрлөх нь тун ч амаргүй байдаг тухайд” Үнэндээ ч бидний зуршлаас илүү өршөөх сэтгэлгүй, хорон санаатай багш гэж үгүй шүү. Тэрээр хүмүүнийг бага, багаар эзэрхийлж, анхандаа зөөлөн аядуу байснаа улмаар сэм чангарсаар, нэг л мэдэхэд бид түүний харц ямар аймшигтай хатуу харгис болтлоо хувирсныг эгцлэн хараад ажиглаж зүрхлэхээргүй болсон байдаг. Дадал зуршил гэдэг нэг мэдэхэд л тогтсон байдаг. Дарханы алх төшний айхтар дууг бидэн шиг мэдэрдэг байсан бол тэр ажлаа хийж чадахгүйсэн. Гэвч аль хэзээний дуунд дасчихсан учраас огт мэдэрдэггүй. Платон шагайн тоглоомд хорхойслоо гэж жаал хүүг зэмлэж л дээ. “Та намайг шал дэмий зүйлд буруутгаж байна” гэж хүү хэлэв. Харин гүн ухаантан “зуршил гэдэг дэмий хэрэг огт биш шүү” гэжээ.

“Ганцаардлын тухайд” эссээндээ “Бид өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө төрсөн” гэдгээр нэрээ хичээмтгий, завшаанч байдлаа хаацайлагсад бол яахав, нэг л цоорын аянд бүх хүнтэй ичиж зоволгүйгээр хоршин бүжиглэж байг. Гэхдээ тэдэнд хэрэв хүний үнэн мөн чанар өчүүхэн ч атугай бий бол, энэ бүх ёсорхол, хариуцлагынхаа цаад талд тэд ерөөсөө нийгэмд үйлчлэхийн тулд биш, харин нийтийн үйл хэргээс өөртөө л ашиг завшаан олох гэж яваагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэхлээр хамгийн түрүүнд өөрөө өөртөө үнэнч бай. Яг өөрийгөө олж зөвхөн өөрийнхөө биеийг л хайрлууштай. Хорвоогийн өгсөн завшааныг хангалттай эдэл. Эхнэр хүүхэд эд баялагаа, ажил хөдөлмөр бүгдийг нь эдэл. Гагцхүү түүнээс бүрэн хамааралтай бололгүй зөвхөн өөртөө л сэтгэл хана. Хорвоо дээрх хамгийн аугаа үйл бол өөрийгөө мэдэж захирах юм. Дасал болсон алхмуудаасаа бид өөртөө зориулж байгаа нэг ч зүйл олж харахгүй. Нуль шарх сорви болж бууны бай болон хэрэм өөд авирч байгаа цэргийг хар. Цайзаа тавьж өгснөөс үхсэн нь дээр гээд өлсөж хувхай цайсан хамгаалагч байна. Эд өөрсдийнхөө төлөө ингэж байгаа гэж үү. Хэзээ ч зүсийг нь хараагүй хэн нэгний өмнөөс л алалдаж байгаа хэрэг. Харин цаадах нь энэ үед найрлаж суугаа шүү дээ. Өөрийгөө бод ганцаараа бай. Харин гэхдээ өөрөөсөө ичихгүйн тулд оюун ухаан, хүн чанартаа хүндэтэлтэй эмээнгүй хандаж биеэ зөв жолоодож бай гэх зэргээр бичжээ. Нэг зүйл хэлэхэд энэ бүх эссээ бараг 500 гаад жилийн өмнө бичигдсэн гэхэд яг одоо бидний амьдарлыг хэлсэн мэт байдаг. Тэгэхлээр хүн гэдэг амьтан ер нь өөрчлөгддөггүй эд бололтой. “Шударгуу чанарын тухайд”, “Согтуурахын тухайд”, ”Сайн мууг хэрхэн хүлээн авах маань тэдгээрийн талаарх бидний төсөөллөөс голчлон хамаардаг тухайд” гэх зэргээр 35 эссээг энэ номонд багтаажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *