Categories
мэдээ цаг-үе

“Би эндээс явахгүй” жүжиг хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсэн бүтээл болжээ

Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байв. Гэвч, аз жаргал гэдэг алган дээр бөнжигнөсөн өндөг шиг л хэврэг юмсанжээ. Дорлиг эмч нэг эмнэлэгт хамт ажилладаг Сэржмаа хэмээх залуухан, сайхан бүсгүйд сэтгэлийн жолоо алдарна. Сэржмаа ч ажил үйлээрээ манлайлан олондоо нэр хүндтэй эмчид татагдана. Нууцхан хоёрын явдлыг Эмнэлгийн дарга, Дорлигийн анд Жамцын гэргий эмч Дэжид мэдсэнээр жүжгийн үйл явдал хурцдана. Дэжид Дулмаатай цагийг өнгөрөөх зуур түүний сэтгэлийн мэлмий Дорлигт хэт хайртайдаа сохорсныг дуулгана. Хэрвээ итгэхгүй байгаа бол Сэржмаагийнд очоод үз, тэнд Дорлиг байгаа гэж мөрийцсөн ч алдахгүй гээд гэрийнх нь хаягийг өгөөд одно. Дулмааг очиход Дорлиг залуухан амрагийндаа тухлагхан хэвтэж харагдана. Дулмаа нөхрөө аваад гарах гэтэл Сэржмаа “Хэвлийд минь Дорлигийн үр бий” гэж итгүүлнэ. Хань нөхрөө маягтай залуу бүсгүйд алдсан Дулмаа “Чамдаа би хэчнээн хайртай байлаа. Бүхнээс нууцалж явсан цорын ганц сайхан нууцаа ч хэлж явсангүй. Уучлаарай, намайг бүү хайгаарай” гэсэн захиа үлдээгээд одно.

Дорлиг хүнд мэс засал хийгээд гэртээ ирэхэд Сэржмядаг хялав цэхэвхийж нүүр үл өгнө. Нөгөөх хэвлий дэх үр нь лөөлөө болно. Ажлын бүтээмж муудаж тасгийн эрхлэгчээсээ хусагдан, сэтгэл санааны гүн дарамтад орсон тэрээр өнөөгийн хэлээр “өвгөнтийн хөндий”-д очно. Алдаж онож яваа эр хүнд эрх мэдэл, танил тал, амьдралын алив сайхан бүхэн аргалын утаа мэт замхарч оддог эд ажээ. Түүний сэтгэл зүрхнээс харин Дулмаагийн дулаахан эелдэг зан, ариухан хайр, даруухан төрх л замхарсангүй. Бага эмч Сэржмядаг Цэвэг хэмээх авьяас чадвар муу адгийн бодолтонтой хамсан Дорлигийг ажлаас халуулах зорилготой төдийгүй Жамцын эмнэлгийг ч завшихаар анхнаасаа үгсэн хуйвалдсан байжээ. Тэр бүү хэл тэр хоёр бүтэлгүй бодлоор төдийгүй бөөр бөгсний ч сүлбээтэн байсан хэрэг. Үүнд эмгэнэсэн Дорлиг архины лонхоор Цэвэгийг хашраасан нь архи саваа ч дийлдгийн үлгэр буюу.

Амьдралдаа алдсан Дорлиг эмч хөдөө аймгуудын эмнэлгүүдээр хайрт хань Дулмаагаа хайж ажилласаар арваад жилийг орхижээ. Эцэст нэг аймгийн эмнэлэгт саажилттай нэг хүүг эмчлэн мэргэжлийн ур чадвар, хүн чанарын дээдийг үзүүлж хөл дээр босгоно. Мөнөөх хүү ч эмчийг “Аав аа” л гэнэ. Жүжиг төгсгөл тийшээ ойртох тусам үзэгчдийн сэтгэлийн нандин утсыг хөндсөөр нулимсан булаг ундруулсанаар хүний амьдралын утга учир, хайртай хоёрын харьцаанд хүлээхийн сайхныг мэдрүүлсэн учралаар төгсөнө. Жүжгийн бэлтгэл хийгдэж байхад тэртээх жаран жилийн өмнө бичигдсэн зохиол тайзнаа хэрхэн амилдаг юм бол доо гэж гайхаж байсныг нуух юун. Энэ асуултаа төрийн соёрхолт найруулагч Наранбаатарт ч тавьсан. Тэрээр “Ямархан бүтээл болсныг үзсэнийхээ дараа яруу тодорхой мэдэгдээрэй” хэмээж байсан нь талаар болсонгүй. Түүнд Монголын үзэгчдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлье. Өнөөгийн будангуй энэ цагт хүн чанарын дээдийг өгүүлсэн сайхан бүтээл болжээ гэж хэлье.

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн нээлт өнгөрөгч сарын 27-нд УДЭТ-ын алтан тайзнаа болсон нь энэ. Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1958 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драмын жүжгийг бичиж эл бүтээлийг 1959 онд ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар театрт тайзны бүтээл болгожээ. Жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ. Дээрх жүжгийн найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар УДЭТ-ын Ерөнхий зураач Т.Ганхуяг нар ажиллаж, зохиолыг УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан шинэтгэн бичсэн аж. Гол дүр Дорлигт соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх, Дулмаад соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Баярмаа, Сэржмаад жүжигчин Б.Одончимэг, Жамцад жүжигчин Д.Баттөмөр, Дэжидэд авьяаслаг жүжигчин Ц.Баясгалан, Цэвэгт соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, сувилагч Должинд гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглож дүрээ жинхэнэ утгаар амилуулцгаалаа. Жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд 1997 онд “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглосноосоо хойш хорь дахь жилийнхээ нүүрэн дээр ийнхүү шинэ дүр бүтээсэн нь энэ аж.

Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм. “Би эндээс явахгүй” жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биедээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндсөн нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй бүтээл болсноос илэрхий. Дорлиг Дулмаатайгаа, хүүтэйгээ эргэн учраад амьдралын хамгийн гайхамшигт агшныг мэдрэх үед үзэгчдийн хацар дээр уярлын нулимс бөнжигнөж байлаа. Ерэн сая төгрөгийн өртгөөр бүтсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 10-ны өдрийг хүртэл тавигдах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *