Categories
мэдээ нийгэм

Трамп, Ким хоёрын уулзахад тохиромжтой газрууд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт хаана болох тухай асуудал дэлхийн анхаарлын төвд байна. Трампын хувьд аялах дургүйгээрээ алдартай бол ноён Ким 2011 онд аавыгаа нас барснаас хойш Хойд Солонгосыг орхиж яваагүй, “гэр амь”-тай нэгэн юм.

Цагаан ордны зарим албан тушаалтнууд хоёр удирдагчийн уулзалт хэзээ ч болохгүй гэж үзэж байгаа аж. Ийм түүхэн мөчид тохиромжтой газар хэрэгтэй. Энд хэд хэдэн сонголт байгаа талаар “The New York Times” мэдээлжээ.

ЦЭРЭГГҮЙ БҮС

Цэрэггүй бүс дэх Панмунжон тосгон нь хамгийн боломжтой байршил юм. Дэлхийд хамгийн өндөр хамгаалалт бүхий энэ газарт хааяа уулзалтууд зохион байгуулагддаг. Панмунжомын Өмнөд Солонгосын тал дахь Энхтайвны ордон нь хоёр удирдагчийн уулзалтад илүү тохиромжтой байж болох юм.

Өнгөрсөн сард Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пёнчаны өвлийн олимпын Хойд Солонгосын төлөөлөгчдийг оролцуулахаар уулзалт зохион байгуулсан билээ. Улмаар ноён Ким Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй уулзахаа илэрхийлснийг уламжилсан байдаг.

ПХЕНЬЯН. ХОЙД СОЛОНГОС

Өмнө нь Хойд Солонгосын нийслэлд өндөр дээд түвшний уулзалтууд болдог байв. Өмнө нь Ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон нар айлчилж байсан бөгөөд 2000, 2007 онд Солонгосын дээд хэмжээний уулзалтууд зохиогджээ. Гэвч Трампын хувьд тийм ч таатай байхгүй байх талтай.

2000 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлейн Олбрайт Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийн баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох, түүний дотор олон нийтийн суртал ухуулга хийх оролдлого хийх зорилгоор Пхеньянд зочилжээ.

ЧЕЖҮ АРАЛ. ӨМНӨД СОЛОНГОС

Өмнөд Солонгосын Чежү арлын захирагч энэ уулзалтыг зохион байгуулах саналаа илэрхийлжээ. Энэ нь Солонгосын хойгийн хойд зүгт байрладаг аялал жуулчлалын газар билээ. Хүн ам сийрэг, цомхон энэ газарт аюулгүй байдлыг хангахад илүү хялбар байх юм.

ВАШИНГТОН

Вашингтон боломжийн цэг байх болно. Гэхдээ Хойд Солонгосын удирдагч Кимийн хувьд анхны гадаад айлчлалаа АНУ-аас эхлүүлэхээсээ болгоомжилж болох юм. Түүнчлэн уулзалтыг Цагаан ордонд хийхэд тохиромжгүй. Учир нь хойд зүгт өгөх суртал ухуулгын үнэ цэнийг бууруулах талтай.

2000 онд Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтан, маршал Жо Мён Рок Вашингтонд айлчлахдаа Клинтоныг Пхеньянд урьсан бөгөөд анх удаа доктор Олбрайттай уулзахад тэрээр ажил хэрэгч хувцасласан байжээ.

БЭЭЖИН

Хятад улс Хойд Солонгосын цорын ганц холбоотон бөгөөд тэдний харилцаа сүүлийн жилүүдэд илт хөрж буй билээ. Хятад улс бүх талын хэлэлцээрийг идэвхжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж, арван жилийн өмнө зургаан талт яриа хэлэлцээрт оролцож байв.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Генг Шуан өчигдөр хоёр орны удирдагчийн уулзалт болох гэж байгаад баяр хүргээд, “цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулах” асуудлаар “тасралтгүй хүчин чармайлт гаргах” болно гэжээ. Гэвч Бээжинд уулзалт болох уу гэсэн асуултад шууд хариулт өгсөнгүй.

ЖЕНЕВ

Төвийг сахисан Швейцарийн Женев хотод 1985 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев нарын өндөр түвшүний уулзалтууд зохион байгуулагдаж байв. Ким Чен Уны хувьд тэнд 1990-ээд оны сүүлээр суралцаж байсан учраас бусад улс орноос илүүтэй мэдэх билээ.

МОСКВА

Хятад Хойд Солонгосын удирдагчид хааяа тэнд очдог. Ким удирдагчийн хувиар тийшээ явж байгаагүй. 2015 онд Дэлхийн II дайны үед нацист Германыг ялсны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр Москвад очих төлөвлөгөөгөө цуцалжээ. Трампын хувьд Москвад айлчлах нь тийм ч таатай биш юм. Учир нь оросуудыг 2016 оны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон, түүний кампанит ажилд тусалсан гэж буруутгаж буй билээ.

СТОКГОЛЬМ

Швед нь АНУ, Хойд Солонгос хоёрын хооронд гол зуучлагч юм. Хойд Солонгост АНУ-ын Элчин сайдын яам байдаггүй. Тиймээс Швед нь америкчуудад зориулсан консулын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд түүнд тэнд хоригдож байгаа иргэдтэй уулзах зэрэг багтдаг байна.

Швед улсад АНУ, Өмнөд Солонгос, өөр бусад орны төлөөлөгчид, Хойд Солонгосын албаны хүмүүс, мэргэжилтнүүд хооронд яриа хэлэлцээ хийгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногт Шведийн “Dagens Nyheter” сонин “Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо удахгүй Шведэд очиж, болзошгүй уулзалтын талаар ярилцана” гэж мэдээлжээ.

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС

ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Монгол Улс сүүлийн жилүүдэд төвийг сахих бодлого баримталж, АНУ, Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж “АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким нарын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахыг санал болгож байна. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан улс юм” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *