Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс-Таван толгой” уурхайн эрдэнэ болсон бүсгүйчүүд

2018 оны 3 дугаар сарын 8. 12:30 цаг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан жилийн дөрвөн улиралд өдөр, шөнө ялгалгүй мөнхийн хөдөлгүүр шиг ажиллаж нүүрс олборлодог “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайд очиж эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэй уурхайчдын ажлыг сонирхлоо.

Март дөхөхөөр бүсгүйчүүд даашинз, гоёл зүүлтээ битүүхэндээ зэхээд хайртай хань, үр хүүхэд, хамт олон маань яаж баярлуулах бол хэмээн тэсэн ядан хүлээдэг шүү дээ. Уурхайн Ачилт, экспортын албаны ажиллаж байгаа хэсэгт очлоо. Энэ бол нүүрс ачсан машинуудыг жинлэж, холбогдох гааль, хяналтын бичгийг нь үйлдэж хяналт тавьдаг чухал алба. Уртаас урт цуваа үүсгэсэн ачааны том тэрэгнүүд уурхай руу орохдоо, шалгуулж гарахдаа ч бас нарийн хяналтаар орно. 24 цагаар ажилладаг болохоор энд ажил зогсоо зайгүй үргэлжилнэ. Хоорондоо ч ярих сөгөөгүй ажиллацгаах уурхайчдын дунд бүсгүйчүүд байна. Ээлж солигдож шөнийн ээлжийнхэндээ ажлаа хүлээлгэж кээмп буюу “Цанхи хотхон” руугаа явах автобусаа хүлээх зуураа л ойр зуурын сонин хачинаа ярьж харагдана. Маргааш Марттай ч эмэгтэй уурхайчид баяр, Мартын 8 болох гэж байгааг анзаарч байгаа шинж ер алга, ажил төрөл л ярих. Очсон газар, зочилсон айлынхаа сайн сайхныг түрүүлж асуудаг монгол заншлаар Уурхайн дарга Д.Чинбат, Ачилт экспортын албаны дарга Ц.Баярмагнай нараас уурхайнх нь ажлыг лавлалаа. Эдний хамт олон өнгөрсөн онд амжилттай ажилласан тухай Монголын ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсож байснаас биш ингэж уурхайн гүн, ажлын талбар дээрээс нь гар бие, сэтгэлээ зориулан яваа мэргэжлийн хүмүүсийнх нь амнаас сонсох завшаан тэр бүр тохиодоггүй шүү дээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд тэргүүтэй удирдлагын баг уг уурхайн ажлыг авснаас хойш дорвитой өөрчлөлтүүд гарч, борлуулалт нь 2.5 дахин өсөж улсад төлөх татвар нь нэмэгдсэн аж.

Өглөөний нарядын үеэр. 06:50 цаг

Уурхайн дарга Д.Чинбатын ярьснаар “Эрдэнэс-Таван толгой” ХК 2016 онтой харьцуулахад борлуулалтын хэмжээ 13 хувь өссөн бол борлуулалтын орлого 2.5 дахин буюу 153 хувь өссөн байна. Өмнөх дөрвөн жилд дарааллан алдагдалтай ажилласан тус компани өнгөрсөн онд анх удаа өндөр ашигтай ажиллаж цэвэр ашгийн хэмжээг 636 тэрбум төгрөгөөр өсгөж, улсад төвлөрүүлсэн татвар, хураамжийн дүн 3.4 дахин өсжээ. Нүүрсний зах зээлийн үнийн өсөлт болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн экспортод гаргасан нүүрсний хэмжээ өссөнөөс ийнхүү орлого нь нэмэгджээ.

Уг компанийг дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн сэргэлтийг сэргэг анхаарч компани зөв менежменттэй ажилласантай шууд холбоотой л доо. Үүнээс гадна “Эрдэнэс-Таван толгой” компани өр дарсан тухай мэдээлэл их гардаг. Эдний компани үндсэндээ “Чалько”-гийн 100 сая ам.доллар, олборлогч компанийн 60 сая ам.долларын өрийг бүрэн дарсан. Мөн Хөгжлийн банкны 200 сая ам.долларын 100 сая ам.долларыг оны өмнө дарж, энэ сарын эхээр 50 сая ам.долларыг нь дарчихаад байгаа билээ. Одоо тэгэхээр “ЭрдэнэсТаван толгой” ХК-ийн дотооддоо Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын өрөөс бусад нь цэгцэрсэн гэж ойлгож болно. Үүнийг хоёр сарын хугацаанд төлж дуусгахаар уурхайн хамт олон ажиллаж байна.

Ачилт, экспортын алба 120 ажилтантайгаас 35 нь эмэгтэй. Гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Ц.Оюунчимэгээс “Хоногт хичнээн машин гарч байна вэ. Танай албаар сонин сайхан ихтэй юу” хэмээн сонирхвол “Хоногт 600-гаад машин гарч байна” гэлээ. Энэ уурхайн бусад уурхайгаас ялгагддаг олон давуу талын нэг нь ажиллах хоног. 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Энэ нь уурхайчдын хувьд маш таатай нөхцөл юм. Гэхдээ 14 хоног ажиллахдаа өдөр, шөнийн ээлжиндээ долоо, долоо хоногоор ажиллана. Өдөрт 12 цаг ажиллана. Өглөө 07 цагт ажилд гараад орой 19 цагт бууна. Харин шөнийн ээлжнийхэн нь орой 19 цагт ажилдаа гараад өглөө 07 цагт бууж амарна.

Н.Удвал 60 тоннын даацтай даампныхаа дэргэд.

Уурхайн тусгай дүрэм үйлчилдэг, хүнд нөхцөлд эрчүүдтэй хамт ажиллана гэдэг зарим талаараа хүндрэлтэй. Гэхдээ эмэгтэй уурхайчдын амнаас ажлаа хүнд хэцүү гэж ярих нь үгүй юм. Ц.Оюунчимэг эрхлэгч “14 хоногийн турш гэр орноо ардаа үлдээгээд ирснээс хойш эндээ тууштай сэтгэлээр ажилладаг юм. Өглөө 05 цагт босоод өглөөний цайндаа орчихоод 07 цагт ажлынхаа байран дээр бэлэн байх ёстой. Тэгээд орой 19 цаг хүртэл 12 цаг ажиллана. Энэ хугацаанд өөрийгөө ажилдаа бүрэн зориулж чаддаг” хэмээв. Уурхайчин Ц.Оюунчимэгийн гэр Улаанбаатар хотод бий. Энд ажиллаад гурван жил болж байгаа бөгөөд ажилдаа ирэх, гэртээ харих хоёр яг ижилхэн аз жаргалыг мэдрүүлдэг гээд “Ажлаасаа буухад гоё. Нэг их том ажил амжуулчихсан юм шиг сэтгэл хөнгөрөөд сайхан болно. Энд интернэт, сүлжээ бүгд байдаг болохоор гэрийнхэнтэйгээ хүссэн үедээ холбогддог. Би гурван хүүхэдтэй. Отгон нь найман настай. Миний ирж очих хоногийг цаглабар дээр зурж тэмдэглээд намайг хүлээж суудаг юм. Ар гэрийн асуудлаа сайхан жигдэлчихээд ирэхээр ажлаа тайван хийдэг шүү. Үндэсний хэмжээний компанид уурхайчин болсондоо маш их баярладаг. Түүнээс биш ажлын бэрхшээлийн талаар бодох зав байдаггүй юм. Анх мэдээж бэрхшээл байсан ч тэр бүгдийг аль хэдийнээ даван туулаад гарчихсан л даа” гэж ярив. Оройн ээлжинд ажиллахаар ирсэн мэргэжилтэн Э.Золжаргал “Манайх Даланзадгадад байдаг. Ажиллах, амрах хугацаа нь бусад уурхайтай харьцуулбал харьцангуй сайн учраас хол гэртэй уурхайчдад айхавтар хүндрэл гараад байдаггүй шүү. Хүүхэд ханиад хүрч халуурлаа гэдэг ч юм уу ямар нэгэн асуудал гарвал ард үлдсэн ар гэрийнхэн, аав, ээж маань тэр бүхнийг зохицуулна. Бүр болохоо байлаа, хэцүүдлээ гэсэн тохиолдолд л ажлаасаа чөлөө аваад явах нь бий. Эндээ сандарч ийш тийш бөмбөгнөж гүйхээс өөр яах вэ дээ. Хол, ойр гэртэй ч бай, эрэгтэй, эмэгтэй ч бай үр хүүхэд нь өвдөнө гэдэг хэнд нь ч ялгаагүй хүнд тусдаг юм. Миний эргэн тойронд, найз нөхөд дунд уурхайд ажилладаг хүмүүс их байдаг болохоор намайг их зөвөөр хүлээж аваад сурчихсан. Би энэ уурхайдаа ажиллаад долоон жил болж байна. Би нэг хүүхэдтэй. Одоо дөрөвдүгээр ангид сурч байгаа. Энэ Ачилт, экспортын алба анх байгуулагдахад л анхных нь ажилтан болж ирж байлаа. Одоо ч уурхайдаа дасчихлаа даа. Эндээ байхдаа гэртээ байгаа юм шиг л байдаг болсон. Удах тусмаа аливаа юманд эмзэг хандахаа больчихдог юм билээ” хэмээн ажил мэргэжлийнхээ тухай ярив.

Шөнийн ээлжинд ажиллах эмэгтэй уурхайчид ажлын байран дээрээ.

Нүүрс ачсан машин пүүн дээр ирж жинлүүлэхэд жолооч нь шурдхийн гүйж ирээд жижиг цонхоор бичиг баримтаа өгч мэргэжилтнүүдээс зөвшөөрөл авч явж болно гэж толгой дохингуут хар хурдаараа эргэж гүйгээд машинаа хөдөлгөөд алга болно. Жолооч нар хоёроос гурав хоног дугаарлаж байж нүүрстэй болоод уурхайн хашаанаас гарч байгаа болохоор баярлахаас аргагүй юм.

Орон нутаг, олон нийт хариуцсан мэргэжилтэн Т.Сугир биднийг, уурхайг дээрээс нь харахад зориулагдсан зочдод зориулсан зориулалтын тавцанд хүргэх зуураа Даланзадгад нэрийн учир, Баруун, Зүүн, Цанхи, Бортээг, Ухаа худаг, уурхайн нөөцийн талаар товч сонирхуулж ярив. Таван толгойгоос коксжсон нүүрс, эрчим хүчний нүүрс гаргаж байгаа. Уурхай 6.7 тэрбум тоннын нөөцтэй бөгөөд одоогоор 30 гаруй саяыг нь олборлоод байгаа аж. Нийт нөөцийн 60 хувь нь коксжсон нүүрс, үлдсэн хувь нь эрчим хүчний нүүрс. Хэрвээ уурхайн нөөцийг зүй зохистой олборловол Таван толгой монголчуудыг 200 жил тэжээх хүчин чадалтай.

Говийн наран жаргахдаа бүдэг улбартан шингэхүйд уурхайн хөрснөөс дэгдсэн их тоос мананд дунд том тэрэг, хүчит машин механизмууд гэрлээ асаав. Түүн дээр нь гэрэлтүүлгийн том чийдэнгүүд хурцаар тусахад уурхай бүхэлдээ гэрлэн чимэглэлээ асаасан гацуур лугаа анивалзан энд тэндгүй хүчит моторын дуу тасралтгүй хүнгэнэнэ. Уурхайн бүсээс гарч “Цанхи хотхон” дээр ирэхэд өдрийн ээлжнээс буусан уурхайчид оройн хоолоо хэдийнээ идчихээд тус тусын гэртээ ороод амарчихсан байлаа. Өглөө 05 цагт босох учраас нойр авах, амрахаас чухал зүйл үгүй шүү дээ, уурхайчдад. Харин оффист нь Уурхайн дарга Д.Чинбат тэргүүтэй уурхайн удирдлагууд маргааш болох Мартын 8-наар эмэгтэй уурхайчдаа хэрхэн баярлуулах талаар ярилцаж төлөвлөгөө гаргаж, хэн хэн ямар ажлыг дааж авах тухай хуваарилцгаагаад тарав.

Удвал цэцгэн гоёлтой, уурхайчин бүсгүйчүүд гэдэг чинь эд нар шүү дээ.

Уурхайн хүний нөөцийн мэргэжилтэн С.Одонцацралттай энэ үеэр уулзлаа. Компанийн удирдлагын багийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарч эхэлсэн гэнэ. Тэрээр “Манай уурхайд 600-гаад уурхайчин байгаагийн 79 нь эмэгтэй. Тэд дөрвөн ээлжээр ажилладаг. Өнөөдрийн байдлаар 30 гаруй нь ажиллаж байна. Улаанбаатар, Өмнөговь, Орхон, Дархан, Дорноговиос ирж ажилладаг бүсгүйчүүд л дээ. Уурхайн бүхий л шат дамжлага, албанд бүсгүйчүүд маань ажиллаж байна. Уурхайн гүн, олборлолтын хэсэгт манай гурван бүсгүй том оврын техник барьж байгаа” хэмээгээд компанийн зүгээс уурхайн ажилчид, тэр дундаа эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн олон арга хэмжээ, ажил зохиохын зэрэгцээ тэтгэмж, туслалцаа ч их үзүүлдэг талаар ярилаа. Үр хүүхэд, хань ижлээ үлдээгээд гэрээсээ хол уурхайд ажиллахад элдэв янзын бэрхшээл гарах нь мэдээж. Хань ижил нь ойлгохгүй байх тохиолдол мэр сэр гарна. Тиймээс уурхайн зүгээс ар гэрийнхнийг нь уурхайн нөхцөл байдал, уурхайчдын аж амьдралыг танилцуулах арга хэмжээ үе үе зохиодог аж. Энэ ажил их үр дүнгээ өгдөг талаар уурхайчид ам сайтай байдаг юм байна. Ирж нүдээр үзэж харсан эрчүүд эхнэр, найз бүсгүйгээ ойлгож “Миний хань ч сайхан хамт олонтой юм. Биеэ бодож сайн ажиллаарай. Хань нь үр хүүхэд, гэр орноо сайн хараад байж байя” гэж урмын үг хэлдэг бол аав ээж, ар гэрийнхэн нь уурхайтай танилцчихаад “Бүсгүй хүнд ахадсан л ажил юм. Гэхдээ бүсгүйчүүд олон болохоор ханьтай, түшигтэй байдаг байлгүй” хэмээдэг аж. Захирлын зөвлөл ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч 2016 оны аравдугаар сард “Компанийн ажилтны үндсэн цалингийн сүлжээ болон цалин хөлсний журмыг шинэчлэн боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан ажиллаж ажилтны цалин хөлсний оновчтой, шударга тогтолцоог бий болгож, албан тушаалын зэрэг, дэвийн тогтолцоог шинээр нэвтрүүлж тухайн ажилтны ажилласан жил, ажлын гүйцэтгэлийг харгалзан цалин хөлсийг олгодог болжээ. Ажилтны цалин хөлс тооцож олгох, зэрэг дэвийг тогтоох, ажлын байрны нөхцөл хүнд ажлын байрны үндсэн цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, шагнаж урамшуулах зэрэг нийгмийн асуудалд ихэд анхаарч ажилладаг юм байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүх ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн бөгөөд энэ сарын 1-нээс бүх ажилчдадаа үр дүнгийн урамшуулал болгож цалин дээр нь 150 мянган төгрөг нэмж олгож эхэлжээ. Уурхай ашигтай ажиллаж байгаа үед уурхайг хөдөлгөж байгаа ажилчид түүнээс нь хүртэж байх ёстой гэдэг зарчим ийнхүү үйлчилж байгаа нь нөгөө талд ажлын бүтээмж нэмэх, ажилчдын урам зоригийг бадраах, давхар амьдрал ахуйд нь нэмэр болох гэсэн олон талын ач холбогдолтой юм байна. Түүнчлэн уурхайн ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зохиогдсон “Нийгмийн хариуцлага” нээлттэй өдөрлөгийн үеэр Цанхи хотхонд спорт заал барих шавыг тавьж байсан бол уг ажил одоогийн байдлаар 55 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм. Өнөө зун гэхэд ашиглалтад орчих аж. Мөн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс шинэ хотхон барих ажлыг төлөвлөөд байгаа талаар Хүний нөөцийн мэргэжилтэн С.Одонцацралт сонирхууллаа.

Эрчүүд нь ажлынхаа дундуур бүсгүйчүүддээ цэцэг, бэлэг өгчихөөд ажил руугаа гарч одов.

Өглөөний 07 цаг. Энэ уурхайн эмэгтэй уурхайчдын бахархал нь болсон Н.Удвал бүсгүй 60 тоннын даацтай даамп барина. Ээлжийн мастер А.Сүхбаатар “Манай Удвал уурхайн гал тогоонд ажилладаг байсан юм. Том машин барих юмсан, мастер аа. Надад хүнд даацын машин бариад явах хамгийн сайхан санагддаг гэж их ярьдаг байсан. Удвалын маань мөрөөдөл нь биелсэн шүү” гээд биднийг түүнтэй уулзууллаа. Техниктээ үзлэг хийж хүлээж аваад кабиндаа суучихаад тэмдэглэлийн том дэвтэр дээр юм бичнэ. Түүний бүхээг рүү авирч суугаад уурхайн гүн рүү очих замд ийн хөөрөлдлөө.

-Танд Мартын наймны мэнд хүргэе?

-Баярлалаа.

-Та “Эрдэнэс-Таван толгой” ХК-д хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Долоон жил болж байна.

-Таныг энэ компанид анх тогоочоор ажилд орж байсан гэж дууллаа?

-Тэгсэн. 2011 онд энэ компанидаа ажилд орсон. Тогоочоор хоёр жил ажиллаад уурхай руу орсон доо. Уурхайдаа ажиллаад таван жил болж байна.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би тогооч мэргэжилтэй. Өмнөговь аймгийн Халамжийн хэлтэст тогооч мэргэжлээ эзэмшсэн. Өмнө нь тогоочоор ажиллаж байсан, мөн “Энержи ресурс”-т даамп барьж байсан.

-Танай гэр бүлийн хүн бас “Эрдэнэс-Таван толгой”-д ажилладаг гэв үү?

-Манай нөхрийг Б.Мөнхбат гэдэг. Эксковаторчин. Гэр бүлээрээ ажиллах чинь их сайхан. Хамт ажилдаа ирнэ, хамт бууна. Амралтаараа гэртээ хамт байна.

-Танайх хаана байдаг вэ?

-Цогтцэций суманд байдаг. Ойрхон учраас кээмп дээр байрладаггүй. Гэртээ харьчихдаг юм.

-Эмэгтэй хүн ийм том техник барьж байна гэхээр бусад хүмүүс анх яаж хүлээж авдаг байв?

-Анх гоё байдаг байлаа. Одоо ч над шиг ингэж том техник барьдаг эмэгтэйчүүд олон болчихоод байна шүү.

-Дээхэн үед таксины эмэгтэй жолоочийг хараад хүмүүс бахархдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо уурхайд 60 тоннын хүнд даацын техникийг эмэгтэй хүн хөдөлгөж байна гэхэд гайхахааргүй болжээ?

-Гоё ш дээ. Миний мөрөөдөл байсан. Би чинь багаасаа техникийн хоббитой, дандаа л машин мотоцикль ярьдаг. Багаасаа мотоцикль унасан. Том машинтай таарахаараа л унаж үзэхсэн гэж мөрөөддөг байлаа. Тогоочоор ажиллаж байхдаа том машин барих юмсан гэж өдөр болгон боддог байсан. Би нэг ёсондоо мөрөөдлөө л биелүүлсэн хүн дээ (инээв). Намайг том машин барьж эхлэхэд хань маань “Болгоомжтой яваарай” гэж их захидаг байсан юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ?

-Гурван хүүхэдтэй. Бага нь гурван настай. Том нь 18 хүрчихсэн. Би долоо хоног өдөр, долоо хоног шөнө гарч ажилладаг. Гэртээ амардаг 14 хоногт их л юм амжуулна даа.

-Танаас өөр ийм техник барьдаг ямар бүсгүй байна вэ?

-Болорцэцэг гэж бүсгүй бий. Нөгөө ээлжинд ажилладаг. Долоо хоногийн дараа ирнэ. Бас Алтанцэцэг гэж эгч бий. Ийм л гурван бүсгүй “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн гүнд ажиллаж байна. Яг уурхай руугаа орж оператор хийж байна.

-Анх даамп бариад уурхай руу ороход эрчүүд яаж хүлээж авч байв?

-Гал тогоонд байхдаа л хамт олноо мэддэг байсан болохоор уурхай руу орж ирэхэд их сайхан хүлээж авсан. Хоолыг нь хийж өгч байсан юм болохоор халуун дулаан уур амьсгалтай хүлээж авсаан, манайхан чинь гэлээ.

Ингээд түүний даампнаас буухад Таван толгойн нүүрсэн дунд хоёр хөлөөрөө буув шүү дээ. Том, жижиг хоёр эксковаторт хүнд даацын машинууд ээлж ээлжээр нүүрс ачуулна. Зүүн Цанхиас хөдлөөд ажилчдын кээмп дээр буцаж ирэв. Уурхайчин бүсгүйчүүд удвал цэцгийн өнгөний оруулгатай ажлын хувцсаа өмсчихсөн баярын уулзалт, хуралдаа ирээд суучихаж. Хэзээдээ үсээ буржийлгаж, нүүрээ сайхан будсан юм бол. Бүгд баяр ёслолын байдалтай. Уурхайн дарга Д.Чинбат “Уул уурхай бол хүнд нүсэр ажил байдаг. Ихээхэн онцлогтой. Ийм ажилд эмэгтэйчүүд маань шантарч цуцалгүй, эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн сайхан ажиллаж амьдарч, энэ компанийн ирээдүйн хөгжлийн төлөө зүтгэдэг та бүхнээрээ уурхайчин хамт олон, эрчүүд бид чинь бахархаж явдаг шүү. Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд, Мартын 8-ны баярын мэндийг дэвшүүлж байна” гээд Мартын наймны баярын өдөрлөг нээснийг мэдэгдсэн юм.

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Жендерийн орон тооны бус салбар хорооны нарийн бичгийн дарга Н.Уянга энэ үеэр хорооныхоо талаар товч танилцуулав. Түүний дараа “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр тус хорооны гишүүн Н.Оюундэлгэр лекц тавилаа. Жендерийн тэгш байдлын индексүүд, Монголд жендерийн тэгш бус байдал ямар байгааг, уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд оролцооны талаар мэдээлэл өглөө. Ер нь эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүдийг оролцуулах нь хэд хэдэн давуу талтай байдаг юм байна. Эмэгтэйчүүд их ажиллах нь хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгадаг бөгөөд эмэгтэйчүүд эдийн засгийн чадавхыг орон нутгийн хөгжилд сайнаар тусгаж чаддаг хүмүүс гэнэ. Эмэгтэй уурхайчдыг ажилд авснаар бүтээмж өсөж, эрсдэл багасдаг нь эмэгтэйчүүд дүрэм журмыг маш сайн биелүүлдэгтэй холбоотой аж. Ер нь эмэгтэйчүүд дээшээ гаръя, эрчүүдтэй адилхан карьертай болъё гэвэл хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, нэг нэгнээ дэмжих хэрэгтэй юм байна. Манай эмэгтэйчүүдийн хувьд нэгнээ дэмжихгүй, хойш нь татах хандлагатай байдаг бол эрчүүд эсрэгээрээ “За миний найз дээшээ гар. Би дэмжье. Дараа нь намайг татаарай” гэдэг зарчмаар ажилладаг аж.

Уурхайн өдрийн ээлжийнхэн ажилдаа гарав.07 цаг 20 мин.

Лекцийн дараа уурхайчин бүсгүйчүүдэд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс илгээсэн гарын бэлгийг удвал цэцгийн хамт бэлэглэлээ. Хөрш зэргэлдээ уурхайнхан эдний уурхайчин бүсгүйчүүдийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удвал цэцгүүд, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эрдэнэсүүд гэх мэтээр найр наадам хийж дууддаг гэнэ. Үнэхээр ч удвал цэцэг шиг, эрдэнэ болсон сайхан бүсгүйчүүд олон байна. Хилийн Цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучин Э.Дүүриймаа, ая зохиогч, СТА С.Алтаннар уурхайчин бүсгүйчүүдэд эхийн тухай, гэр бүлийн аз жаргалыг магтсан “Миний гэр бүлийн аз жаргал” дуу, амраг сэтгэл, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг магтсан ая дууны мэндчилгээ дэвшүүлж “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дуун дээр бүжицгээв.

Энэ зуур уурхайчдын гэрт зочлов. Зүүн Цанхийн уулын диспетчер Б.Болорчимэгтэй уурхайчин бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдрал, хүндрэл бэрхшээл, жаргал зовлонг ярилцлаа. Гэхдээ түүний ярианаас бэрхшээл гээд байх юм алга юм даа гэх бодол төрөв. Тэрээр энэ уурхайн анхны ажилчдын нэг, бүр энэ уурхайн анхны эмэгтэй уурхайчин болохоор одоо түүнд бэрхшээл гээд байх зүйл бараг үгүй болсон гэж болно. Ажил нь гарт нь орсон, амьдрал нь жигдэрсэн нэгэн. Гэр нь Даланзадгадад байдаг ч бусадтайгаа адил 14 хоног ажиллаад гэртээ харина. Охин нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд сурч байгаа болохоор Даланзадгадаас илүүтэй хот руу, охин руугаа их очино. Хэдий 14 хоног амраад сайхан байдаг ч хамт олноо жигтэйхэн их саначихсан ирдэг гэнэ. Энэ өдөр хэдий Мартын 8-ны баяр ч гэлээ өдрийн ээлжтэй учир баярын өдөрлөгтөө орчихоод уурхай руу явна гэлээ. Түүнийг ажилдаа гарахынх нь өмнө амжиж ийн ярилцав.

Сайхан дууны хөг аянд хөглөгдөж, ээжийн сайхан дуунд уярсан бүсгүйчүүддээ уурхайн зүгээс хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Ингээд өдрийн ээлжтэй бүсгүйчүүд ажилдаа гарч, шөнийн ээлжтэй уурхайчид нь нойроо авахаар гэр гэрийнхээ зүг одоцгоов.

Хүнд хүчир уурхайн албанд түүртэлгүй зүтгэж яваа уурхайчин бүсгүйчүүдийн нэг өдрийн аж амьдрал ийм. Үнэхээр ч говьд дэлгэрсэн цэцэгс шиг сайхан бүсгүйчүүд уурхайд, “Эрдэнэс-Таван толгой” ХК-д ажиллаж байна. Тэднээс хэцүү байна, ядарч байна гэх үгс дуулсангүй. Удвал цэцгэн гоёлтой уурхайчин бүсгүйчүүдийн Мартын наймны баярыг тохиолдуулан уурхайчдын кээмп дээр өнжсөн тэмдэглэл минь энэ ээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *