Categories
мэдээ соёл-урлаг

М.Алтанхундага: Би гарынхаа сүүлчийн мэдрэлийн судас тасартал, зурсаар л байх болно

Монголын Уран Зургийн Галерейд “Монгол Тулгатны – 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус хөрөг зургуудыг уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага зуржээ.

Зураачийн хувьд бага насандаа өрөөсөн гараа гэмтээсэн. Энэ нь 10 настай үед нь үрэвсэж хүндэрч саажилт болон хатингаршилт хамран арван жилдээ бараг үзгээ барьж чадахгүйд хүргэж байжээ. Гэвч үүнээс ч илүү гай зовлон өвчин шаналал бий. Үүнийг тэвчиж хүний хийдгийг хийж чадах ёстой хэмээн хатуу зорилго өмнөө тавиад зурж эхэлсэн байна. Тэр цаг үеэс өдийг хүртэл гараасаа харандаа салгалгүй зурж иржээ. Эрдэнэт хотдоо хүүхдийн байгууллага ажиллуулж хүүхдүүдэд зааж зөвлөсөөр өдий хүрчээ. Энэ хугацаанд 3000 гаруй шавьтай болжээ. Хөрөг зургийн үзэсгэлэн гаргахаар шийджээ. Ингээд зургаан жил “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн зочдын хөргүүдийг зурж дуусгасан байна.

Зураач М.Алтанхундага нээлтийн үеэр : “Хүмүүст нэг зүйлийг хэлэх дуртай байдаг. Би зураач болох гэж зурж сураагүй юм. Гараа л урт удаан ажиллагаатай байлгаж, эрүүл байхын тулд л зурж сурсан. Ингэж хэлэхээр хүмүүс гайхдаг. Арван дөрөвхөн насандаа чи гаргүй болно гэсэн мэдээг анх сонсож нэг удаа шантарсан. Гэвч тэр хугацаанаас хойш нэг ч удаа шантарч, ухарч үзээгүй учраас өдий зэрэгтэй явж байгаа юм. Гарынхаа сүүлчийн мэдрэлийн судас тасартал, зурсаар л байх болно” гэв.


М.Алтанхундагын ээж Л.Тунгалаг:

“Өнөөдөр хүүгийн минь уран бүтээлийн анхны үзэсгэлэн гарч байна. Хүн бүхэнд хүүхэд нь үнэ цэнэтэй байдаг. Миний хувьд ч гэсэн үр минь наддаа дээдийн дээд үнэ цэнэтэй. Мөн хүүгээрээ их бахархдаг. Хүү маань нийгмийн идэвх сайтай, хариуцлагатай, хийсэн зүйлсдээ чин сэтгэлээсээ ханддаг. Зургуудаа өөрийн эрүүл мэндийн төлөө зурсан гэж ярьдаг. Хүү маань удахгүй ээжийгээ баярлуулна гэж ярьдаг байсан. Өнөөдөр тэр сайхан үйл явдал нь болж байгаад баяртай байна. Цаашдаа олон сайхан зүйлс хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Г.МӨНХЦАЦРАЛ








Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *