Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Батсүрэн: Фүкүшимагийн осол бол хэмжээгээрээ Чернобылийн дараа орох том осол болсон

З.Батсүрэн МУИС-ыг цөмийн технологич мэргэжлээр төгссөн. Румины Бухарестийн Политехникийн Их Сургуульд Цөмийн Инженерчлэл мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. Геологийн төв лабораторид ажилладаг. Тэрээр удахгүй ОХУ-ын Дубнагийн Олон улсын цөмийн энергийн судалгааны төвд ажиллах юм байна.


-Өнгөрсөн онд Японд цөмийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн тухайгаа сонирхуулахгүй юу?

-Өнгөрсөн онд гурван сар цөмийн технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Тэр үеэр Японы цөмийн цахилгаан станцууд, өнөөгийн Японы цөмийн технологийн хөгжил ямар байгааг судалж, танилцсан.

-Манай монголд цөмийн судалгааны ажил ямар түвшинд байдаг вэ?

-Мэдээж манай улсын цөмийн судалгааны ажил Японыхтой харьцуулах аргагүй.Цөмийн технологи, цөмийн физикийн хэрэглээ гэдэг нь цөмийн эрчим хүчнээс гадна олон салбарт хэрэглэдэг. Цөмийн эрчим хүчээр бол манайх дөнгөж судалгааны шатандаа явж байгаа. Бусад салбарт цөмийн технологи хэрэглэж байгаа. Жишээлбэл, би геологийн салбарт ажиллаж байна. Манайх геологийн бүх төрлийн дээжинд шинжилгээ хийж, химийн найрлагын тодорхойлж өгч байна. Зөвхөн геологит биш, уул уурхай, эмнэлэг, гааль, хөдөө аж ахуй, барилга олон салбарт цөмийн технологийг хэрэглэж байна.

-Бусад салбарт яаж хэрэглэдэг вэ?

-Гааль дээр цүнхэндээ ямар ачаа тээштэй байгааг задалж үзэхгүйгээр гаднаас нь хараад мэдчихэж болно. Эмнэлгийн салбарт рентген туяагаар харах, зураг авах, барилгын чанарыг шалгах, барилга нь зөв баригдсан эсэх, нягт, материалын орц норм нь стандартын шаардлага хангасан эсэхийг цөмийн технологи ашиглаад мэдэж болно. Хөдөө аж ахуйд хүнсний хадгалалтын хугацааг уртасгах, муутгахүй байхад ч ашигладаг. Түүгээр ч зогсохгүй шинэ төрлийн ногоо гаргаж авахад цөмийн технологи ашиглана. Энэ бүхнээс зарим нь манайд хэрэгжиж байна.

-Манайхан уран олборлохыг маш их эсэргүүцдэг. Энэ тийм аюултай эд үү?

– Уран олборлох, ашиглах олон улсын стандарт байдаг. Энэ стандартыг мөрдвөл ямар ч аюулгүй. Хэмжилт, шалгалтаа байнга хийгээд явбал олборлох, ашиглахад ямар нэг эрсдэл байхгүй. Стандартаа л хатуу мөрдөх хэрэгтэй.

-Олон улсад цөмийн цахилгаан станцыг хэр их хэрэглэж байна?

-Сүүлийн үед цөмийн цахилгаан станц барих нь нэмэгдэж байна. Улс үндэстэн эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Хэрэгцээгээ хангахын тулд зөвхөн атомын цахилгаан станц гэлтгүй олон төрлийн эрчим хүчний эх үүсвэртэй байх зарчим баримталдаг. Улсын тогтвортой, аюулгүй байдалтай холбоотой учраас тогтвортой эрчим хүчний эх үүсвэр гэдэг нь өнөөдөр чухал болсон. Хамгийн тогтвортой эх үүсвэр нь цөмийн цахилгаан станц болоод байгаа юм. Сэргээгдэх эрчим хүчний хувьд найдвартай, тогтвортой тооцогдохгүй. Яагаад гэвэл нар, салхинд ямар нэгэн баталгаа өгч хэн ч чадахгүй шүү дээ. Нүүрсийг тогтвортой эрчим хүчний эх үүсвэрт тооцдог. Гэхдээ сүүлийн үед байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзээд хэрэглээг бууруулах бодлого олон улсад баримталж байна.

-Монголд уран багагүй бий гэдэг. Манайд тохирсон бага оврын атомын станц байж болох уу?

-Сүүлийн үед атомын цахилгаан станцууд дөрөв дэх үе рүүгээ орж байна. Овор хэмжээ нь бага, аюулгүй байдал илүү найдвартай болсон. Жижиг хот суурин, манайхаар бол аймгийн төв хангахаар бага хүчин чадалтай реакторууд хүртэл байдаг.

-Цөмийн технологиор аль орон тэргүүлдэг вэ?

-Америк, Герман, Орос, Япон, франц улсууд тэргүүлдэг. Хятадууд бол эрчимтэй хөгжүүлж байгаа. Дэлхийд нийт цөмийн цахилгаан станцны 80 гаруй хувийг Америк загварын станцууд эзэлдэг. Япон бусад орныг бол арай жижиг реактортай. Хэдий жижиг ч ганц реактор ажиллуулахад л бүхэл бүтэн цогцолбор шаардлагатай болдог.

-Манайд цөмийн технологийн мэрэгжилтнүүд олон байдаг уу?

-Цөөнгүй бий.

-Энэ мэргэжилтнүүд юу хийх вэ?

-Хувь хүний сонирхлоос хамаарна. Цөмийн физикийн онолоор явах. Эсвэл хэрэглээ чиглэлээр ажиллах вэ гэдгээ шийднэ. Хэрэглээ, хяналт чиглэлийг сонгох бол аль салбарт гээд ажлын байр цөөнгүй байдаг.

-Япон улс Фүкүшимагийн АЦС-ын ослын дараа реакторуудаа зогсоох тухай мэдэгдсэн.

-Энд буруу ойлголт яваад байгаа юм. Япон улс реакторуудаа хаах, бүрмөсөн зогсоох тухай яриагүй. Харин шинэчлэл хийх хугацаандаа зогсоох тухай мэдэгдсэн. Шинэ стандарт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд реакторуудаа зогсоогоод одоо эхнээсээ ажилд орж байна. Фүкүшимагийн ослоос сургамж, туршлага авч шинэчилсэн стандарт боловсруулсан.

-Ураны хаягдлыг дахин боловсруулах технологи шийдэгдсэн үү?

-Ураны хаягдлыг боловсруулах технологи хөгжиж л байна. Анх хаягдал дахин боловсруулах тухай ойлголт байхгүй байсан бол өнөөдөр нэг, хоёрдугаар шатны боловсруулалт хийгдэж байна. Үүнийг нөгөө л цөмийн том гүрнүүд хөгжүүлж байгаа.

-Японд мэргэжил дээшлүүлэхэд юу үзүүлэв?

-Реакторуудаа шинэчилж байгаа явцаа үзүүлсэн. Шинээр ашиглалтад оруулж байгаа станцуудаа танилцуулсан. Япончуудын технологи нь АНУ-ын загварынх байдаг.

-Япон, АНУ-ын АЦС-ын ялгаа байна уу?

-Байна. Японы аюул бол цунами, харин АНУ-ын гамшгийн аюул нь хар салхи байдаг. Японы реакторууд газар дор байрладаг учраас цунами илүү хөнөөл учруулдаг. Харин АНУ-ын өндөрлөг газар байрладаг учраас хар салхинд өртөх аюул ихтэй.

-Япончууд энэ тохиолдолд ямар шинэчлэл хийж байна?

-Уг нь цунамигаас хамгаалах далан, байгууламжууд байдаг. Гэхдээ сүүлийн цунами бол тооцооноос илүү аюултай байсан. Одоо нөөцөө өндөр газар байрлуулах арга хэмжээ авч байгаа. Фүкүшимагийн осол бол хэмжээгээрээ Чернобылийн дараа орох том осол болсон. Тийм учраас япончууд стандартаа маш сайн болгож байгаа. Гэхдээ АЦС-аас татгалзахгүй. Япон бол асар их цахилгаан хэрэглэдэг улс. Хэрэглээ нь өсөн нэмэгдэж байдаг. Бусад эх үүсвэрээр ч нэмэгдэж байгаа хэрэглээгээ нөхөх бодлого баримталж байна.

-Энэтхэг, Хятад улсууд ч цөмийн цахилгаан станц олноор барьж эхэллээ.

-Том гүрнүүд, цахилгааны хэрэглээ өндөртэй орнууд АЦС-аас татгалзах боломж бараг байхгүй. Хамгийн хямд өртөгтэй цахилгааны эх үүсвэр бол атомын цахилгаан. Нар салхины эрчим хүчээр том үйлдвэрүүдийг хангах хэцүү. Том гүрнүүд хөгжихийн тулд том үйлдвэрүүд ажиллуулна. Нүүрс энэ их хэмжээний үйлдвэрлэлийг хангах ирээдүй алга. Тиймээс АЦС барихаас өөр замгүй болж байгаа юм. Манай багшийн ярьсанаар бол япончууд өөр олон арга зам хайж байгаа. Нүүрснээс байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай түлш гаргаж авахаар багагүй судалгаа хийсэн. Гэхдээ энэ технологийнх нь өртөг нэлээд өндөр тусаад байгаа гэсэн.

-Хятад олон АЦС барьчихвал бидэнд уран зарах боломж нээгдэх байх. Гэтэл уран зарсан орон хаягдлыг нь буцааж авах үүрэг хүлээдэг гэсэн яриа гарсан.

-Би яг эрх зүйн мэргэжлийн хүн биш болохоор нарийн мэдэхгүй. Гэхдээ уран зарсан орон хаягдлыг нь хүлээж авах үүрэг хүлээдэггүй гэдгийг мэднэ. Уран худалдаж байгаа, худалдан авч байгаа хоёр компаний гэрээгээр л асуудал зохицуулагдана. Хэрэв бид хаягдлаа авахаар гэрээ хийвэл авна. Гэрээндээ заагаагүй бол хэн ч биднийг албадахгүй. Буруу мэдээллээс манай цөмийн технологийн ажилд битгий ухраасай гэж бодож байна.

-Ухрахгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

-Манай салбар бусад салбартай харьцуулахад төрийн бодлогоор хэрэгждэг. Хоёрдугаарт, төрийн бодлого тодорхой бол эрдэмтэд цаашид ямар чиглэлээр, юуг судлах нь тодорхой болно.

-Танай байгууллага юу хийдэг байгууллага вэ?

-Манай байгууллага бүх төрлийн эрдэс чулуунд найрлагын шинжилгээ хийж өгдөг. Дээр нь бид ашигт малтмалын баяжигдах шинж чанарын технологийг гаргаж өгнө. Хамгийн бага зардлаар хамгийн өндөр бүтээмжтэй технологийг бид санал болгодог. Бид чулуу, металл, нүүрс ус гээд бүгдийг тодорхойлж өгнө. Олон улсад гурвалсан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн. Аттестатчилсан Стандартчилсан Загвар боловсруулж гадаад дотоодод борлуулдаг.

-Иргэд алтан бурхан, манан хөөрөг мөн, бишийг танайхаар тодорхойлуулж болох уу?

-Болно.

-Оюу толгой, Эрдэнэтийн баяжмал хэдэн хувь байдаг вэ?

-Тэрийг өөр улсууд хийдэг тул би мэдэхгүй. Тухайн байгууллагуудаас авах мэдээлэл.

-Та удахгүй Дубнад ажиллана гэсэн үү?

-Тийм ээ.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *