Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Ихэнх гэр бүлийн ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч явна

Холбоотой ЗурагУИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Өнөөдөр бидний хэлж заншсанаар Мартын 8-ны баярын өдөр. Таны хувьд энэ баярт хэр ач холбогдол өгдөг вэ. Олон сайхан дурсамж бий байх даа?

-Биднийг багад Мартын 8-ны баярыг тэмдэглэхэд нэлээд ач холбогдол өгдөг байсан. Аав “Өнөөдөр ядаж ганц өдөр ээжийг чинь гэрийн ажилд гар хүргэхгүй шүү” гээд хоол унд хийж өгч, гэр цэвэрлэхээс эхлээд бүхий л ажлаас ээжийг чөлөөлнө. Үүнийг хараад “Ямар сайхан баяр вэ” гэж боддог байлаа. Одоо манайхан Монита зарлаад байгаа болохоос биш сургууль дээрээ очиход ангийн хөвгүүд үзэг, харандаа, дэвтэр өгөх ч юм байдаг юм уу одоо эргээд бодоход хөөрхөн л тэмдэглэдэг байж. Би ОХУ-ын Ленинград хотод оюутан байлаа. Мартын 8-ны баярыг оросууд жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг байсан юм. Хэдийгээр баярын өдөр ч гэсэн эмэгтэйчүүд эрхээ хамгаалсан, би эмэгтэй хүн, ямар үнэ цэнтэй вэ гэдгээ мэдэрсэн тэр цаг үе оюутан цаг байсан. Эмэгтэй хүн хүнд ойлгогдох гэж биш хайрлагдах гэж байдаг юм байна гэж бодох болсон. Мартын 8-ны энэ өдөр би ээжийгээ, эгч нараа хайрлах агуу хайрын баяр юм байна гэж ойлгодог. Энэ л өдөр ээждээ баглаа цэцэг, бялуу аваад очиход жигтэйхэн баярладаг байсан юм. Ноднин ээж минь бурханы оронд заларсан болохоор одоо бол миний сэтгэл жаахан гунигтай л байна. Гэхдээ ээж минь тэнгэрийн орноос охиноо хараад түмэн олныхоо төлөө яваа юм байна, эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа юм байна гээд баярлаж байгаа байх. Монгол Улсын хүн амын 51.7 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ маш чухал тоо. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, ажлын гүйцэтгэлийг харахад маш өндөр байгаа юм. Тийм учраас эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, тэдний нөөц боломжийг ашиглах хэрэгтэй.

-Олон улсын жишиг ямар байдаг юм бол. Эмэгтэйчүүдийн оролцоо гэж их дуугардаг ч нөлөөлөл бага байна гэсэн үг үү?

-Эмэгтэйчүүдийн оролцоог судалгаанаас харахад ихэнх нь гүйцэтгэх салбар буюу оффисын ажилтан, туслах ажилтан гээд жин дарах нь хавьгүй их байна. 10 эмэгтэй байлаа гэхэд тэдний долоо нь эмэгтэй байх жишээтэй. Гэтэл шийдвэр гаргах, бодлогын түвшин, хөрөнгө мөнгө зарцуулах түвшинд хүрэхээрээ энэ байдал эсрэгээрээ болчихоод байна. 2017 оны судалгаанаас харахад Монгол Улс дэлхийн 144 орноос 107 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Гүйцэтгэх, хийж бүтээж байгаагаараа эмэгтэйчүүд манлайлж байгаа ч шийдвэр гаргах түвшиндээ харамсалтай нь бага байна л даа. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах цаг болжээ гэж бодож байгаа. Олон улсад жендерийн асуудлыг их хөндөх болсон. Энэ нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй өрсөлдөж байгаа юм биш. Тэгш оролцоог л нэмэгдүүлье гэсэн санаачилга. Гэр бүлийн хэмжээнд аваад үзэхэд аав, ээж хоёр хоёулаа байж гэмээнэ ямар их аз жаргалтай байдаг билээ. Улс орон ч гэсэн үүнтэй агаар нэг байх ёстой. Эмэгтэйчүүдийн үнэлэмж, тэдний орон зай, шийдвэр гаргах, бодлогын түвшинд түлхүү оролцуулах хэрэгтэй байна. Манайхан эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтоосоо салах цаг болсон.

-Гэхдээ боломжийн хэрээр нь оролцуулдаг болсон юм биш үү?

-УИХ дээр аваад үзье. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх үеэр “Эмэгтэй гишүүд, эмэгтэй гишүүд” гээд манайхан сүйд болсон. Үнэндээ энэ хууль эмэгтэйчүүдэд зориулагдан гарсан юм биш. Эрэгтэй хүнд ч хамаатай юм шүү дээ. Эмэгтэй хүн гэхээр ар гэрийнхээ ажлыг хийдэг, эрэгтэй хүн л манлайлдаг гэдэг энэ ойлголтыг таягдан хаях хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлахгүйгээр чаддаг зүйлсийг нь хийлгээд явах нь зөв. Энэ нь улсынхаа хөгжилд ч хэрэгтэй л дээ.

Манайд эмэгтэйчүүдийн квот гэж яриад байгаа биз. Бид дуртайдаа квот тогтоогоод байгаа юм биш. Квот тогтоохгүй бол эрэгтэйчүүдийн ертөнц гэдэг чинь сонин шүү дээ. Найрын ширээ, тоглоомын ширээнээс эхлээд янз бүрийн байдлаар эрэгтэйчүүд хоорондоо зохицоод явчихдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн шударга, шийдэмгий, зарим үед уян хатан зан чанар яалт ч үгүй хэрэг болох үе бий. Тиймээс энэ эмэгтэй үүнийг хийж чадна гэдэг итгэлийг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Оросын “Үүрэг хүлээх цагт” гээд дайны үеийн кино байдаг даа. Эмэгтэйчүүд тэр хүнд цаг үед эрэгтэйчүүдээс дутахгүй дайны талбарт тэмцэж явааг харуулсан шиг бидэнд үүрэг хүлээлгэх юм бол монгол эмэгтэйчүүдэд чадахгүй зүйл бараг үгүй. Эрэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс гадна эмэгтэйчүүд маань хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө харуулах хэрэгтэй.

Өнөөдөр дэлхийд ДНБ-ээрээ эхний гуравт Скандинавын орнууд багтдаг. Норвегид гэхэд Ерөнхий сайд нь эмэгтэй, парламентын гишүүдийн 40-50 хувь нь эмэгтэй, Сангийн сайд нь эмэгтэй хүн байх жишээтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 71 мянган ам.доллар байна. Швед улс гэхэд нэг хүнд ногдох ДНБ нь 43 мянган ам.доллараар дэлхийд гуравт орж байна шүү дээ. Финлянд гэхэд парламентын гишүүдийнх нь 43.8 хувь нь эмэгтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 41 мянган ам.доллар байх жишээтэй. Хүн амынх нь 90 гаруй хувь нь чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлж байна. Энэ нь шийдвэр гаргах, бодлогын түвшинд жендерийн харилцаа тэнцүү байгаагаас харж болно. Монгол эмэгтэйчүүд ар гэрээ авч явах, боловсролын түвшингээрээ илүү байна. Тиймээс энэ давуу талаа ашиглах ёстой гэж байгаа юм. Япон улс эдийн засгийн хямралаас гарахад эмэгтэйчүүдийнхээ боломжийг ашиглах ёстой гээд Шинзо Абэ шийдвэр гаргах түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийг тавилаа. Үр дүн нь яаж гарсан талаараа өөрөө ярьж байна. Манайхан эмэгтэйчүүдээ үнэлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа эрэгтэйчүүдээ хайрлах хэрэгтэй. Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 60-65 гэдэг. Уг нь эрэгтэй хүн ид хийж бүтээх нас л даа. Өмнө нь “Энэ эрэгтэй юм чинь амьдралаа аваад явчихна” гээд хойш нь тавьдаг байсан. Эрэгтэй хүн л болсон хойно ар гэрээ би тэжээх ёстой гээд зүтгэдэг. Зарим талаараа энэ нь стресстүүлдэг байж магадгүй. Эмэгтэйчүүд бид эрэгтэйчүүддээ боломж гаргаж өгөх, эмнэлэгт үзүүлэхээс эхлээд боломж гаргаж өгөх хэрэгтэй л дээ. Арга билиг хоёр нийлж байж амьдрал цогцолно.

-1000 ээжийн чуулга уулзалт дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн асуудлыг хоорондоо ярьцгааж байсан. Үнэхээр тийм зөрүүтэй байна уу?

-Хөдөлмөрийн үнэлэмжийг аваад үзэхэд эмэгтэйчүүдийн дундаж цалин 840 мянга байхад яг адилхан ажил хийж байгаа эрэгтэй хүний цалин нэг сая 67 мянга байх жишээтэй. Тэтгэвэр авч байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн зөрүү 68-240 мянга хүртэл зөрүүтэй байгаа юм. Тиймээс хөдөлмөрийн үнэлэмж ч гэсэн чухал. Засгийн газар Их хуралд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьсан. Тиймээс эмэгтэй гишүүний хувьд дуу хоолойгоо нэмэрлэх ёстой гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай ярилцсан. Цалинтай ээж, өрх толгойлсон эхчүүдэд тэтгэмж олгож байгаа ч үүнээс чухал асуудал нь Гэр бүлийн тухай хууль. Энэ чухал хуулийг хэдэн парламент дамнуулан батлалгүй явж ирлээ. Хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг оруулж ирж батлуулъя, би хариуцаад явъя гэдэг саналаа хэлсэн. Манай улсын хүн амын 51.7 хувийг эзэлж буй эмэгтэйчүүддээ хандсан бодлогын арга хэмжээг бид хийх цаг болсон.

-Та эмэгтэй Их хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга. Тиймээс эмэгтэйчүүд танд илүү ханддаг байх. Тэдний зүгээс ямар хүсэлт, өргөдөл голдуу өгдөг вэ?

-Ажилгүйдлийн түвшин өндөр байна. Тиймээс ээжүүд өөрсдөө ажил хийж сайхан амьдаръя гэхээсээ илүү үр хүүхдүүдийнхээ өмнөөс гүйж, өргөдөл бичдэг. Тэр нь манай хүүхдийг ажилд оруулж өгөөч гэж. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ихэнх гэр бүлийн ачааны хүндийг эмэгтэй хүн нуруундаа үүрч, дүүрч явна. Тойргийнхоо хэмжээнд аваад үзэхэд гэр бүлийн асуудлаас болоод нөхөр нь хаяад 3-4 хүүхэдтэй үлдсэн эмэгтэйчүүд их байна. Өрхийн жижиг бизнес эрхэлж, ажил хийж, сургууль, цэцэрлэгт нь хүүхдүүдээ өгөхөөс эхлээд чөлөө завгүй зүтгэж яваа залуу ээжүүд олон байна л даа. 35-аас доош насныханд гэр бүл салалт зайлшгүй анхаарах ёстой сэдвийн нэг болчихлоо. Гэр бүл салалтын хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болж байна л даа. Тиймээс бид залуу үеэ эртнээс гэр бүл төлөвлөлтөд бэлтгэх, сургах шаардлага бий болчихлоо. Үнэхээр эмзэг асуудал юм. Эмэгтэйчүүддээ итгэл өгөх зайлшгүй шаардлагатай. Манай эмэгтэйчүүд “Би чадахгүй байлгүй дээ” гээд өөрийгөө юмны ард үлдээж, боломжоосоо зугтаад байна. Тэгэхээр ийм эмэгтэйчүүдээ сургаж, дэмжих ёстой. Гадны орнуудад эмэгтэйчүүдийн банк хүртэл байдаг. Эмэгтэйчүүдээ санхүүгээр дэмждэг болох хэрэгтэй. Эмэгтэйчүүд дээшээ гарч чадахгүй байгаа гол шалтгаан нь санхүү. Нөхрөөсөө хараат эсхүл тэдний хөдөлмөрийн үнэлэмж бага байдаг. Санхүүгийн хувьд бие даасан хараат бус байдлыг бий болгоход анхаарах шаардлагатай л даа. Эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахад эрэгтэйчүүд маань их дуугарах хэрэгтэй байна. Олон улсад ийм санаачилга хэрэгжээд явж байгаа шүү дээ.

Манай сэтгүүл зүйн салбарт эмэгтэйчүүд дийлэнх нь. Гэтэл ганц бие амьдралаа авч явах гэж цаг наргүй зүтгэж буй эмэгтэйчүүд их байдаг. Сэтгүүлчийн ажил хэцүү шүү дээ. Халуун цэг бүрт хүрч ажиллах гэж зүтгэдэг. Тиймээс тэднийхээ үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа. Манайхан мэргэжлийн сэтгүүл зүй, сошиал хоёрыг ялгаж, салгаж байх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд анхаарч эрх зүйн орчноо сайжруулахаар ажиллаж байна.

-Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 105 жилийн ой мягмар гаригт тохиолоо. Сэтгүүлч хүний хувьд салбартаа ямар ажил хийх вэ. Сэтгүүл зүй улс төрөөс ангид байх ёстой гээд бор зүрхээрээ л явцгааж байна. Иргэдийн цалин, тэтгэврийн асуудлаас эхлээд бүх зүйлд анхаарал тавьдаг. Энэ салбарт зайлшгүй шийдэх ёстой ямар асуудлууд байгаа бол?

-Сэтгүүлч гэдэг оюун санааны чиглүүлэгч, пуужин байдаг. Иргэд хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл авч, ажил амьдралдаа хэрэгтэй зүйлсээ ч үздэг, хардаг. Гэтэл ийм чухал салбарын ажилтнуудын цалингаас эхлээд ярих зүйл их байна. Хамгийн ажилтай салбар хэвлэл мэдээлэл хэдий ч хамгийн хоцрогдож яваа салбар болчих гээд байна шүү. Тэгсэн хэрнээ хамгийн үнэлэмж багатай. Сэтгүүлчдийн үнэлэмж хүйтэн дайны үеийнх шиг хэрнээ үнэлэмж бараг байхгүйтэй адил. Бусад орнуудад сэтгүүлч, тоймч гэдэг хамгийн чухал мэргэжлийн тоонд багтдаг. Тэр утгаараа цалин хамгийн өндөр цалин, хангамжтай байдаг. Тэр хэрээрээ үнэний төлөө дуугарч, тэмцэж чадаж байна.

Сошиал бол хүмүүсийн сэтгэгдлээ хэлдэг чөлөөт индэр. Тэнд нүцгэн мэдээлэл байдаг юм. Мэргэжлийн сэтгүүлч тухайн мэдээг баримт, нотолгоотой, өргөн хүрээнд судалж, шинжилж байж иргэдэд хүргэдэг. Ийм чухал ажил хийдэг салбараа аврах хэрэгтэй байна. Ингэхийн тулд салбарын үйлдвэрчний эвлэлүүд ажилласан шиг ажилла. Бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Бусдын төлөө дуугарч, бусдын өмнөөс явж, олны төлөө ажилладаг хүмүүс өөрсдийнхөө төлөө дуугарч чаддаггүй. Загасчны морь усгүй гэдэг шиг л байдаг. Сая МСНЭ-ийн хурал болоход ямар чухал салбар вэ гэдэг нь харагдлаа шүү дээ. Улстөрчид, хувийн хэвшил, банкууд бараг орчих дөхлөө. Мэргэжлийн холбоод, сэтгүүлчид маань нэгдэж эрх зүйн орчноо бүрдүүлэх тал дээр анхаарч, сайн ажиллаж байгаа сэтгүүлчдээ үнэлдэг болох шаардлагатай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *