Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформ үүдээ нээлээ

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төслийнхүрээнд “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгож, нээлтээ хийлээ. Монгол Улс уул уурхай хөгжсөн орнууд дунд нэлээд дээгүүрт ордог. Бичил уурхайчид хоорондоо туршлага, мэдлэг мэдээллээ солилцох, бусад улс оронд болж байгаа уул уурхайн амжилтаас суралцах зорилгоор энэхүү төвийг нээжээ.

Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, бичил уурхайчдын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ “Монгол Улсад Засгийн газар бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хүрээнд зохицуулах талаар 2017 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан.

Бичил уурхайчдыг албажуулах, зохион байгуулалтад оруулах ажлуудыг хийгээд явж байна. Эхний ээлжинд гаргасан шороогоо буцаад булчих хэрэгтэй. Энэ бол байгаль орчныг хамгаалах анхны алхам. Мэдээж алт олборлогчид маань ёс зүйн асуудлыг маш сайн ойлгосон байх ёстой. Тиймээс гаргаж байгаа дүрэм журмуудыг чанд баримталж ажиллах ёстой” гэлээ.

“Тогтвортой бичил уурхай төсөл нь Монгол Улсын бичил уурхайн салбарт тулгамдаж байгаа сорилтуудыг даван туулах, олон улсын бичил уурхайн жишигт нийцүүлэх, бичил уурхайн сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Төслийн хамтрагч байгууллагуудын мэдлэг, туршлага дээр үндэслэн Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформ өнөөдөр нээлтээ хийж улмаар УУХҮЯ-нд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” гэж Швэйцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Илариа Дали хэллээ.

Бичил уурхайн Мэдлэгийн төв нь цахим платформ дээр суурилсан мэдээллийн суурь бааз бөгөөд бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээллийг олж авах, суралцах, харилцан солилцохоос гадна олон улсын бичил уурхайн мэдлэг, мэдээлэлтэй танилцах, холбох гүүр болно хэмээн нээлтэнд оролцогчид үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *