Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосноор агаарын бохирдол хоёр дахин буурна

Ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Уг асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.


-Засгийн газраас Улаанбаатар хотод нүүрс оруулж ирэхгүй байх тогтоол баталсан байна. Энэ тогтоол гарснаар яг ямар хөдөлгөөн хийгдэх вэ?

-Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд томоохон шийдвэр гаргалаа. Энэ нь 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсийг иргэн, аж ахуйн нэгж хэрэглэхийг хориглосон тогтоол гарсан. Уг тогтоол хэрэгжиж эхлэхээсээ 14 сарын өмнө гарч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг цаашид түүхий нүүрс хэрэглэхгүй байх, үүний бэлтгэл болж дулааны алдагдлыг шат шатандаа бууруулах ажлыг эртнээс хийлгэх үүднээс хугацаа өгсөн Засгийн газрын тогтоол л доо. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт хийгээд үнийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд Эрчим хүчний сайд, Сангийн сайд нартай хамтран эргээд долоодугаар сард Засгийн газарт танилцуулахаар болсон.

-Түүхий нүүрсийг Улаанбаатарт оруулахгүйгээр хориглолоо гэж бодъё. Гарах үр дүнгийнх нь талаар ярихгүй юу?

-Нэгдүгээрт, түүхий нүүрсийг хориглосноор Монгол Улсын хэмжээнд байгаа МNS:56792014 дугаартай сайжруулсан түлшний стандартыг мөрдөж ажиллана. Ингэснээр агаарын бохирдол буурна. Мөн түүхий нүүрсний хэрэглээ хоёр дахин багасах давуу талтай. Цаашид төв суурин газарт байгаа иргэдийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах тал дээр Засгийн газар анхаарч ажиллана.

-Нүүрсийг Улаанбаатарт оруулахаа болилоо гэж бодъё. Гэтэл сайжруулсан түлш нь өөрөө нүүрснээсээ давсан үнэтэй байвал яах вэ. Үүнийг бодолцсон уу. Нүүрснээс үнэтэй байвал иргэд эсэргүүцнэ?

-Засгийн газраас түүхий нүүрстэй эн тэнцүү буюу хямд байлгах бодлого барьж ажиллаж байна.

-Борлуулах цэгийг нь яаж тодорхойлох вэ. Шалгуур бий юу?

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гуравдугаар сард хуралдаад цаашид сайжруулсан түлшийг нийлүүлэх болон борлуулах бусад арга хэмжээ нь батлагдана.

-Өмнө нь бондын мөнгөөр сайжруулсан түлш үйлдвэрлээд үр дүнгээ өгөөгүй. Үйлдвэрүүд нь дампуурсан. Өнөө хүмүүс нь ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн гэдэг. Энэ удаа дахин сайжруулсан түлш үйлдвэрлэх компаниудыг байгуулах юм уу?

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арванхоёрдугаар сард хуралдсанаас хойш миний бие сайжруулсан түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба хамтраад Монгол шахмал түлш гэдэг нэгдлийг аж ахуйн нэгжүүд нэгдэн байгуулсан. Цаашид сайжруулсан түлшний квотыг сайжруулсан түлш үйлдвэрлэгчдэд гэрээгээр өгнө. Гэрээний үүргээ биелүүлсэн бол цаашид гэрээ үйлчилнэ. Үүргээ биелүүлээгүй бол гэрээ цуцлагдах юм.

-14 сарын өмнө засаг тогтоол гаргалаа. Гэхдээ манай иргэд яг түүхий нүүрсийг хориглож эхлэнгүүт эсэргүүцнэ дээ. Цагийг нь тулгаж байж сэхээрдэг нэг тийм зан бий. Үүнийг тооцсон уу?

-Аливаа шийдвэр гарахад цаг хугацааны хувьд болоогүй байна гэдэг. Гарсан шийдвэр хэрэгжихэд санхүүгийн эх үүсвэр дутмагаас болоод хэрэгждэггүй. Агаар орчныг бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын бохирдлын эсрэг сан байгуулаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр санхүүжилт нь баталгаажсан учраас ажил хэрэг болно.

-Аж ахуйн нэгжүүд тэгээд сайжруулсан түлшээр бүрэн хангаж чадах юм уу. Хоёр гурван сар өгчихөөд дууссан гэх вий дээ?

-Улаанбаатар хотын иргэд өвөлдөө 540-600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж тооцож байгаа. Одоо бэлэн байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь жигдэрч, тэдний ажлын чадавхийн хэмжээ энэ сарын сүүлээр тодорхой болно. Энэ оны өвөл гэхэд бэлтгэл ажил хийгдэнэ. Эдгээрийг цэгцлэхэд нэг бүтэн өвлийн сарууд байгаа учраас энэ бүхний ард гарна гэж Засгийн газар үзэж байгаа.

-Сайжруулсан түлшээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?

-Цахилгааны шөнийн тарифийн бодлого шийдвэр үргэлжилнэ. 21 мянган айлыг холбохоор Эрчим хүчний яам тусгайлан хариуцаж байгаа. Нам даралтын зуухуудыг нэгдсэн халаалтад холбох ажил үргэлжилээд явна. Агаарын бохирдлын 80 хувийг бий болгож байгаа агаарын бохирдлын эх үүсгэвэр болсон түүхий нүүрсний хэрэглээг зогсоосноор агаарын бохирдол хоёр дахин буурна. Энэ хүрээнд тусгайлан Агаарын чанарын албаа чадавхижуулах, лабораториа шинэчлэх ажлууд хийгдэнэ.

-Санхүүгийн эх үүсвэрийг нь ярихгүй юу?

-Өнгөрсөн жилүүдийн дунджийг харахад жилд 28-30 тэрбум төгрөг агаарын бохирдлын төлбөр гэж Агаарын бохирдлыг бууруулах санд орох боломж бий. 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэртэй болж байгаа. Энэ мөнгө ганцхан Улаанбаатарт биш улсын хэмжээнд зарцуулагдах юм.

-2019 оны тавдугаар сар хүртэл иргэд түүхий нүүрсээ хэрэглэх юм уу?

-Тэгнэ.

-Иргэд сайжруулсан түлш хэрэглэнэ гэхээр одоо байгаа зуухнуудаа шинэчлэх шаардлагатай юу?

-Зуухуудаа шинэчлэх шаардлагагүй.

-Түүхий нүүрсийг хориглолоо гэхээр нууцаар нүүрс оруулж шагийн үнэд орох вий дээ?

-Шагийн гэх мэт ийм зүйлийг бий болгохгүйн тулд сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй үнэ ижил, мөн бага байхаар бодлогоо барьж ажиллаж байна.

-Сайржуулсан түлшний үнэ өндөр байгааг үйлдвэрлэгчид юу гэж тайлбарлаж байгаа бол?

-Агаарын болон Агаарын төлбөрийн тухай хуулиуд дээр УИХ-ын гишүүд, иргэд асууж байсан. Сайжруулсан түлш тогтсон бизнес биш, жилийн жилд сайжруулсан түлш хэрэглэх захиргааны болон эрхзүйн хэм хэмжээ байгаагүйгээс болж сайжруулсан түлш түүхий нүүрснээс үнэтэй байсан. Аж ахуйн нэгжүүд татаасаар явдаг байлаа. Тиймээс бид аль болох төр засагт хохирол багатай, иргэдийн амьдралд боломжийн байхаар ажиллаж байна.

-Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох юм уу?

-Хоёр зүйл яригдаж байгаа. Аж ахуйн нэгжүүд урьдчилгаа төлбөрөө аваад үйлдвэрлэлээ хийе гэж байгаа юм. Засгаас хөнгөлөлттэй зээлийг нүүрсээрээ эргүүлэн төлөх нөхцөл дээр нь дэмжлэг үзүүлэх тал дээр хуулийнхантай ярьж, судалж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *