Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү “Монгол Улсыг өрөнд оруулж буй хууль бус этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй”

О.Баасанхүү зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрээр “2018 оны нэгдүгээр сарын 23-нд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуулгын хариу ирсэн. 2013 онд би Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудлаар ХМХ-ээр яриа өгч байсан. Тухайн үед миний яриа Арбитрын шүүхэд нотлох баримт маягаар нөлөөлж болзошгүй байсан учраас энэ асуудлыг сөхөөгүй. Харин одоо асуудал бүрэн эцэслэн шийдэгджээ.

Хамгийн гол нь хэвлэлээр 51 сая, 99 сая доллар гэж янз бүрээр ярьж байна. Би сүүлд хэвлэлийнхэнд 172 сая долларын тухай ярьсан.Энэ ямар учиртай гэхээр 2007 онд Стандарт банк Монгол улсад орж ирээд 20 сая.долларын гэрээ хийж байсан, дараа нь 2009 онд 36 сая ам. долларын гэрээ хийсэн байна.

Дараа нь 2009 оны гэрээндээ 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая доллар болгосон. Ингээд 2010 ондоо шинэ гэрээ байгуулж, 75 саятай зэрэгцүүлж 27 сая долларын гэрээ байгуулсан. 2011 онд 27 сая долларын гэрээндээ нэмэлт оруулж 34 сая ам.долларын гэрээ байгуулсан.Нийтдээ 172 сая.долларын зээлийн гэрээг 2011 он гэхэд хийчхэж. “Жаст Групп” Стандарт банкнаас авсан зээлийн гэрээ ийм байна.

Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах 51 сая ам.доллар дээр нэмээд хүү торгуул, шүүхийн зардлыг нэмээд 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан. Тухайн үед Ш.Батхүүгийн зээлсэн 172 сая ам.доллараас 51-ийг нь хасахаар 121 сая ам.долларын өнөөгийн Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байгаа. Тэр үед энэ банк чинь Хадгаламж нэртэй байсан” гэж тодотгов.

Мөн тэрээр “Шүүхээс 500 мянган ам.доллараас дээш үнэлгээ бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгүүдийн мэдээллийг авахыг хүссэн байдаг. Үүнийг нь өгөөгүй учраас “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж гаргачихаад байна. Монгол Улсыг ийм хүнд байдалд оруулсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ж.Алтан, Ш.Батхүү нарын жараахайнаас гадна өөр том хүмүүс ч байгаа.

Тухайн үед зээлийн шугамыг хэн нээв. Тодорхой хэмжээгээр нуун дарагдуулсан, Монгол Улсыг шүүх дээр ялагдуулахад хүргэсэн хүмүүстэй ч хариуцлага тооцох хэрэгтэй. “Стандарт” банк одоо Хятадын компанид зарагдсан. Төлөх мөнгө нь маш их. “Эрдэнэт” өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ мөнгөнөөс төлөлтийг хийх гэж байгаа нь маш буруу жишиг. Зээлийн хүү нь өдөр хоногоор өсч байгааг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *