УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл авахаар асуулга хүргүүлээд байсан. Өнгөрөгч баасан гаригт Засгийн газраас УИХ-ын гишүүдийн асуулгад албан ёсоор хариулт илгээсэн билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Л.Энхболд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямаатар “Бид “Эрдэнэт”-ийн хэд хэдэн асуудлаар Засгийн газраас тодорхой хариулт авахыг хүссэн. Зарим асуудлаар АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул тодорхой хариулт өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. “Эрдэнэт” үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгчихсөн учраас өр төлөх үүрэг хүлээсэн гэдгийг хариултад тодорхой дурдсан байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим хөрөнгийг битүүмжлэх санал гаргасан нь тодорхой байна. Зээлийн хүү өдөрт 800-900 ам.доллараар өсч буй юм байна. “Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон уу гэсэн асуулт үүсээд байгаа. Энэ мөнгө “Эрдэнэт”-ийн данс руу орсон хэрнээ эргээд гарсан байгаа. Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх тоон баримтад гарын үсэг зурах эрхтэй. Үүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй байна.
Одоо яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт өндөр эсрдэл үүсэхээр байна. Аль таван жилийн өмнө үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм биш үү“ гэсэн юм.
Мөн энэ үеэр Л.Энхболд гишүүн “Миний бие “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлаар ажлын хэсэгт багтан ажиллаж байсан. Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн байсан учраас төрд авах шийдвэр гаргасан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл бодит байдлаар ажил хэрэг болоогүй байна. Цаашид бид Оюутолгой, Тавантолгойн асуудлаар төр шийдвэрүүдээ гаргах хэрэгтэй байна. Үүний төлөө тууштай ажиллах шаардлага үүсчээ” гэж тодотгов.
Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн “”Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ил цагаандаа гарсан луйвар арай ч хийгээгүй байх гэж бодож байсан. Гэтэл энэ үнэн гэдэг нь тогтоогдлоо. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажилламаар байна.
Монгол Улсын өнгөрсөн 25 жилийг хааж дүгнээд, шинэ 25 жилээ төлөвлөх цаг хугацааны өмнө бид зогсож байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд Эрдэнэтийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ.
“Эрдэнэт”-ийн асуудал манай хойд болон урд хөршид болсон бол юу болох байсан бол? Цаашдаа бид ямар нэгэн байдлаар баримттай биш мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх талаар анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина