Авлигатай тэмцэх газраас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 2 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах бодлогын чанартай үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Т.Мөнхтунгалаг: Эрүүгийн 21 хэргийг шүүхэд шилжүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн
АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өгөв.
- Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан. Эндээс хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстой. 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлсэн. 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт байгаа юм. Тодорхой шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй. АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Түүнээс гадна Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Тиймээс хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой.
- 2017 оны зарим тоо баримтыг та бүхэнд маш товчоор мэдээлье. Төрийн албанд 2017 онд шинээр болон дэвшин, мөн сэлгэн томилогдсон 11115 хүний урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж үзээд хариуг зохих байгууллагад нь хүргүүлсэн. Эндээс дүгнэж үзвэл 2017 онд 11 мянга орчим төрийн албан хаагчийн ажлын байранд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн үг. Энэ тоог 12 сард хувааж авч үзвэл нэг сард дунджаар 1000 орчим ажлын байр, албан тушаалын хөдөлгөөн хийгдэж байна гэж ойлгож болох юм. Үүнийг дагаад АТГ-ын хяналт шалгалтын ажлын ачаалал ч бас нэмэгдэж байгаа гэж үзэж болно.
- Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналт хэрэгжиж эхлээд байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэдийн хяналтын зөвлөлийн 41 нэгжид 168 иргэн ажиллаж байгаа. Энэ 168 иргэн нь төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл, эдгээр 168 иргэн цаашид төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, төрийн албан тушаалтны ёс зүй, хөрөнгө, орлого зэргийг хянах Иргэдийн хяналтын зөвлөл болж ажиллана. Нэр томъёоны давхцал үүсээд байгаа тул Олон нийтийн зөвлөлөөс ялгаж Иргэдийн хяналтын зөвлөл гэж нэрлэж байгаа юм.
- 2017 онд мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой зарим нэг үзүүлэлтүүдийг та бүхэнд тусгайлан танилцуулъя. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар өссөн. Мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өссөн байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ мөн өссөн. 84 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцэн хохирол нөхөн төлүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэн хамгаалах ажиллагааны дүн ч бас өссөн байгааг та бүхэн дэлгэцээс харж байна. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 29.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Шүүхээс 7.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан. Ингэхээр нийтдээ 11.201.118.981 төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна.
- 2018 оны эхний 2 сарын байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 31 хэргийг хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн. Шинээр 19 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна. Одоо 237 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- АТГ 2018 оны эхний 2 сарын байдлаар нийт 44 хүнд холбогдох 34 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Энэ 34 хэргээс 21-ийг нь 2018 оны 2 дугаар сард шилжүүлсэн байна. Гэх мэтээр гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Үүний зэрэгцээ цагдаагийн алба хаагчид холбогдох хэргүүдийг шилжүүлсэн байна.
Т.Баярхүү: Төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэсэн АТГ-ын дүгнэлтийг авлигын индекс баталж өглөө
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Авлигын төсөөллийн индексийн 2017 оны дүн болон Оффшор бүсийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Транспэрэнси интернэшнл байгууллагаас 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дэлхий даяар зарлаад байна. Энэ оны судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд эдгээр улс орнуудын 2/3 нь “50”-иас доош оноо авсан байна. Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Монгол Улсын хувьд өмнөх оныхтой харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн оноо 2-оор буурч, байр 16-аар ухарсан дүнтэй байна. Монгол Улсыг 2017 оны үнэлгээнд 9 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.
Монгол Улсын үнэлгээнд ашигласан 9 шалгуур үзүүлэлтээс оноо буурсан 5 үзүүлэлтийг товчхон авч үзвэл:
Нэгдүгээрт. Дэлхийн банк – Улс орны бодлого, институцийн үнэлгээ 2017 -4 пункт
Төрийн байгууллага дахь ил тод байдал, хариуцлагатай байдал, авлигын түвшинг үнэлдэг. Асуултууд нь:
-Төрийн удирдах албан тушаалтнууд болон нийтийн албан тушаалтнууд албан үүргийнхээ хариуцлагыг хүлээдэг эсэх
-Нийтийн ашиг сонирхлын талаарх мэдээллийг иргэний нийгэм олж авах боломж
-Төрийн шийдвэр хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолд нийцэх
Хоёрдугаарт. Дэлхийн эдийн засгийн форум – Үзэл бодлын судалгаа 2017
Өмнөх оныхоос 8 пунктээр буурсан. Дэлхийн эдийн засгийн форумаас бизнес эрхлэгчдийн дунд жил тутам зохион байгуулдаг судалгааны нэг нь “Бизнес эрхлэгчдийн үзэл бодлын судалгаа” бөгөөд тухайн орны бизнесийн орчинг үнэлдэг. Энэ үнэлгээний 2 асуулт нь буюу индикатор нь бизнесийн орчин дахь авлигыг үнэлдэг. Үүнд:
“Танай улсад доорх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулахад аж ахуйн нэгжээс хээл хахууль болон бусад албан бус нэмэлт төлбөр төлөх явдал хэр түгээмэл байдаг вэ?
-Экспорт, импорт, нийтлэг үйлчилгээ (цахилгаан, усаар хангах үйлчилгээ), жил бүрийн татвар, төрийн гэрээ, лиценз авах, шүүхийн шийдвэрт нөлөөлөх”
“Танай улсад авлигын журмаар төсвийн хөрөнгөөс компани, хувь хүн, бүлэглэл завших явдал хэр түгээмэл байдаг вэ?”
Гуравдугаарт. Дэлхийн эрх зүйн төсөл- Хууль дээдлэх ёсны индекс 2017-2018
Өмнөх оныхоос 2 пунктээр буурсан. Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс нь дэлхийн улс орнууд бодит байдал дээр хуулийг хэрхэн сахин хангаж байгааг цогц байдлаар харуулах үнэлгээ юм. Уг индексийн мэдээллийг олон нийтийг хамруулсан санал асуулга болон орон нутгийн шинжээчдээс дэлгэрэнгүй асуулгын дагуу судалгааг авдаг.
Шалгуур асуултууд нь
2.1 Гүйцэтгэх засаглалын албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй
2.2 Шүүх засаглалын албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй
2.3 Цагдаа, армийн албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй
2.4 Хууль тогтоох албан тушаалтан албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигладаггүй
Дөрөвдүгээрт. “Глобал инсит” байгууллага – Бизнесийн орчин, эрсдлийн үзүүлэлт 2016
Өмнөх оныхоос 12 пунктээр буюу хамгийн олон пункт буурсан үзүүлэлт байна.
“Global Insight” байгууллагаас “Эрсдэлийн үнэлгээний систем”-ийг нь 1999 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийн 200 гаруй улс/газар нутагт улс төр, эдийн засаг, хууль, татвар, аюулгүй байдал зэрэг 6 факторын эрсдлийг тодорхойлох судалгаа хийдэг. ТИ-ийн АТИ-т оноо болгож “Global Insight ” байгууллагын Бизнесийн орчин, эрсдэлийн үзүүлэлтүүдийг ашигласан. Уг үнэлгээг тухайн улсаас сонгогдсон 100 гаруй шинжээчдийн үнэлгээнд үндэслэн гаргадаг.
Асуулга нь хувь хүн/компани тухайн оронд бизнэс эрхлэх, зөвшөөрлөөс авах, гэрээ байгуулахад хахууль болон бусад авлигын асуудалд холбогдох шаардлага үүсдэг эсэх.
Тавдугаарт. IMD-Дэлхийн өрсөлдөх чадварын эмхэтгэл 2017 -2 пункт
Шинжээчдийн үзэл бодлын судалгаа. Дэлхий дахинд 2017 онд 63 улсыг үнэлэхээр 6252 бизнес эрхлэгчид судалгаанд хамруулсан. (1 улсаас дунджаар 99 шинжээч)
Асуулга нь авлига, хээл хахууль: байдаг, эсхүл байдаггүй.
Эндээс дүгнэж үзвэл индексийн үр дүнгээс харахад төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй байна. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразил улсад сүүлийн 6 жилд 20 сэтгүүлч амиа алдсан байна. Энэ оны индексийн судалгаанд Сейшильс, Вануату, Свазиленд улсууд шинээр хамрагдаж манай улсын өмнө орсон, нөгөө талаар шалгуур үзүүлэлтэд ашиглагдаж буй судалгаануудын зарим нь 2017 онд хэвлэгдсэн 2016 оны мэдээлэлүүд байгаа нь байр ухрах нэг шалтгаан болсон гэж үзэж болох юм.
Авлигын төсөөллийн индексийг зарим сонирхол бүхий этгээдүүд АТГ-ын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ мэтээр олон нийтэд мэдээлэл өгдөг, өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх үүднээс буруу тайлбарладаг хандлага бий. Энэ индексийг тодорхойлоход ашиглаж буй 9 судалгаа нь тухайн орны өрсөлдөх чадвар, засаглалын байдал, хууль эрх зүйн хэрэгжилт, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай байдал, эрсдэлийг үнэлдэг томоохон судалгаанууд байдаг бөгөөд түүний 1-2 асуулт буюу индикатор нь тухайн улсын тухайн салбарын авлигын нөхцөл байдлыг тодорхойлж байдаг.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд АТГ яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүхий л шатны байгууллагуудад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн гарааны нөхцлийг тодорхойлохоор ажилласан. Үүндээ 2015-2016 он, 2017 оны эхний хагас жилийг хамруулсан.
Үүний үр дүнд төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл тогтоогдсон бөгөөд үүнийг тухайн бүр олон нийтэд мэдээлсэн.
АТГ-ын зүгээс Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэж дүгнэн Засгийн газарт болон яамдын сайд нарт зөвлөмж хүргүүлсэн. АТГ-ын энэхүү дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индекс баталж өглөө.
АТГ-ын зүгээс тухайн нэг удаагийн зөрчилд хариуцлага тооцох, нэг удаагийн гэмт хэргийг мөрдөн шалгахын зэрэгцээ тухай зөрчил, гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан, нөхцөлийг арилгахад анхаарч байгаа. Үүний хүрээнд АТГ-ын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжиллтэй танилцахаар 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дахин төрийн байгууллагуудад ажиллана. Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, ахиц гарсан гэх найдвар одоогоор тун бага байна.
Сүүлийн үед олон нийтэд ил болсон авлигын гэмт хэргүүдийн талаар та бүхэн зарим мэдээллийг авсан. МХЕГ, АТҮТ, ННҮГ гэх мэт. Албан тушаалтнууд бусдыг хясан боогдуулдаг, зохиомол хүнд суртал үүсгэж хээл хахууль авдаг, төсвийн хөрөнгөнөөс завшдаг асуудал газар авсан. Тэдгээрийн төрийн хөрөнгөнөөс завшсан, хээл хахуульд авсан, улсад учруулсан хохирлын хэмжээ тэрбум тэрбумаар яригдаж байна. Ийм нөхцөлд авлигын түвшин буурах болоогүй байна.
АТГ нь өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байгууллага юм. Гэвч авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа нөхцөл байдлын талаар зарим зүйлийг олон нийтэд мэдээлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд авлигын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон зарим албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцож чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.
“Одоогоор 4 этгээдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах асуудлаар хандаад байна”
Хууль бусаар их хэмжээний орлого олсон нь шүүхээр тогтоогдсон этгээдүүдийн хууль бус хөрөнгийг хураах хуулийн боломж хязгаарлагдсан. Тухайлбал, Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 2015 оны эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ял байхгүй болсон учир шүүх түүний хууль бусаар олсон хөрөнгийг хураалгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь өөрт нь үлдэх нөхцөл бүрдсэн.
Гэвч АТГ-ын зүгээс Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсын орлогод авч нийтийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 4 ЭТГЭЭДЭЭС ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДАХ ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА.
Гэмт этгээдийн гэм бурууг шүүхээр тогтоосон ч хууль бус хөрөнгийг нь хураахын тулд дахин шүүхээр тогтоолгох эрх зүйн орчин бүрдээд байна. товчхондоо авлигын гэмт хэрэгт холбогдсон нийтийн эрх ашгийг хөндсөн этгээдэд хариуцлага тооцохын тулд нэмэлт ажил хийхээр болоод байна.
Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан. Энэ заалт байснаар аливаа албан тушаалд ашиг сонирхлын зөрчилтэй этгээд томилогдох, цаашлаад авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор уг хуулийн заалтыг өөрчлөн найруулж, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг албан тушаалд томилж болохоор хуульчилж өгсөн. Өмнө нь сайдад нэр дэвшсэн хүмүүсийг хүртэл ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн томилуулдаггүй байсан бол 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ийм зохицуулалтгүй болно гэж ойлгож болно.
Эцэст нь дүгнэхэд авлигатай тэмцэхийн тулд төрийн бүхий л байгууллага, албан тушаалтны бодит хүсэл эрмэлзэл, оролцоо чухал байна.
“УИХ-ын 2 гишүүн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг зарж борлуулсан тухай мэдүүлсэн”
Оффшортой холбоотой дараах мэдээллийг хүргэе.
Оффшор бүсэд данс, компани эзэмшдэг, бүртгэлтэй бол түүнийгээ мэдэгдэж, мэдээлэх хуульд заасан хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дуусна. Хууль үйлчилж эхэлснээс хойш Засгийн газар 2 удаа тогтоол гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хугацаа сунгагдсан. АТГ дур мэдэн хугацаа сунгаж байгаа асуудал байхгүй.
Хуулийн дагуу УИХ-ын 2 гишүүн, Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн.
УИХ-ын 1 гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн.
Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна.
2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс АТГ төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй хэлбэрийг ил болгоно. ХАСХОМ-ийн программд хийсэн шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орж байна. Үүнээс үүдэж 2016 оны мэдээллийг хожуу мэдээлсэн. Цаашдаа газар хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд, мэргэжилтнүүд гээд ХАСХОМ гаргаж буй бүхий л албан тушаалтны мэдүүлгийн хураангуй хэлбэрийг ил зарлана. Ингэснээр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогод иргэд хяналт тавих боломж бүрдэнэ.