“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүллээ.
Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР, Т.АЮУРСАЙХАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ж.ЭНХБАЯР, Л.ЭНХБОЛД НАРААС ТАВЬСАН АСУУЛТЫН ХАРИУ
Нэг. “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар
2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк (цаашид “Стандарт банк” гэх)-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал:
-2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;
-2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.
Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.
Хоёр. Зээл авсан үйл ажиллагаа Монгол Улсын хууль тотоомжийн дагуу явагдсан эсэх талаар
Зээл авсан үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна.
Гурав. Баталгаа гаргасан холбогдох албан тушаалтнууд хууль зүйн хувьд эрхтэй байсан эсэх талаар
Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дүрэмд зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага нь 10,000,000 сая хүртэлх ам.долларын хэлцэлд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд түүнээс дээшх үнийн дүнтэй хэлцэлд оролцох эрхгүй юм.
Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсан талаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлжээ.
Энэ асуудлаар иргэн Ш.Батхүү нарт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 2015 оноос Авлигатай тэмцэх газар шалгаж байна.
Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс “Жаст групп” ХХК болон Стандарт банк хооронд байгуулсан 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцсон байдлыг дараах байдлаар үндэслэлүүдийг дурьдсан байна. Үүнд:
2009 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:
-Стандарт банк нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан;
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан.
2010 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт:
-Тус зээлийн гэрээнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК ашиг хүртэх боломжтой байсан;
-Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан;
-Тус зээлийн гэрээтэй холбоотой барьцаа гэрээний эрх шилжүүлэх тухай мэдэгдлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас дамжуулснаар эрх шилжүүлэлт хүчин төгөлдөр болсон;
-Тус зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан;
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурьдсан байна.
Дөрөв.Өмнөд Африкийн Стандарт банкнаас олгосон зээл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дансанд орсон эсэх, түүнийг хэрхэн зарцуулсан талаар
Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл 2010-2013 онуудад Стандарт банкнаас нийт 213,3 сая ам долларын орлогын гүйлгээ Эрдэнэт үйлдвэрийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь Меркентал хаус, Миллфорд Глобал корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгджээ. Уг орлогоос УБТЗ ХНН-д тээврийн хөлсний төлбөрт 55,6 сая ам доллар, Жаст компаниас нийлүүлсэн түлш, шатахууны төлбөрт 41,2 сая ам.доллар зэрэг төлбөрт Эрдэнэт үйлдвэр ХХК-аас шилжүүлсэн байна.
Тав. Зээлтэй холбогдуулан олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар
“Жаст групп” ХХК зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбогдуулан Стандарт банк нь 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандан 109,000,000 ам.долларын зээлийн гэрээнд хамаарах 86,950,000 ам.долларыг баталгаа гаргасан гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн.
Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх 2016 оны 5 дугаар сард шүүх хуралдааныг явуулж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Жаст групп” ХХК-д баталгаа гаргасан гэж үзэж, 50,988,425.60 ам.долларын төлбөрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Английн Хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах зөвшөөрлийг хүссэн боловч тус шүүх 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гаргаж, 14 хоногийн дотор 50,988,425.60 ам.долларыг шүүхэд байршуулснаар давж заалдах зөвшөөрөл олгох нөхцөл заасан байна.
Тухайн үед дээрх нөхцөлийг биелүүлэх боломжгүй байсан тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас Английн Давж заалдах шатны шүүхэд уг захирамжийг давах хүсэлт гаргасан боловч 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан захирамжаар татгалзаж эцэслэн шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэр гарсны дараа Өмнөд Африкийн Стандарт банк нь үндсэн зээлийн хүү, шүүх ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус шүүх хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг хүү, зардалтай холбоотой маргаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс давж заалдсан бөгөөд хэргийн ажиллагаа үргэлжилж байна.
Түүнчлэн Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11-р сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонссон бөгөөд үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар Стандарт банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байна.
—ooOoo—
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуултын хариуг Засгийн газар хүргүүлсэн байна.
Хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮГЭЭС ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАЖ ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУ
Нэг.Үүссэн нөхцөл байдлын талаар
“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-тай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн.
Түүнчлэн, 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг гэрээнд нэмэлт оруулж зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр “Жаст групп” ХХК Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банктай нийт 109,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-г байгуулсан.
Гэвч Ш.Батхүү зээлээ хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор “АйСиБиСи Стандарт банк ПиЭльСиСтандарт”, “Өмнөд Африкийн Стандарт банк” болон Лондонгийн “Форфейтинг компани” нар 2013 оны 7 дугаар сард Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхэд хандаж “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэж үзэж төлөгдөөгүй үлдсэн 86.950,000 ам.долларыг нөхөн төлүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас нэхэмжилсэн байна.
“Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан дээрх “Зээлийн гэрээ”-үүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь батлан даагчаар оролцсон гэдэг боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрх бүхий удирдах албан тушаалтнуудаас зохих зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч материал бүрдүүлж зээл авсан гэж тухайн үеийн үйлдвэрийн болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлдэг.
Иймд иргэн Ш.Батхүү нарт Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 201301000330 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд уг эрүүгийн хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК хохирогчоор тогтоогдоогүйгээс хэрэг шийдвэрлэгдээгүй удаж байсан.
Харин 2016 оны 10 дугаар сард Авлигатай тэмцэх газар уг эрүүгийн хэргийг сэргээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа уг хэрэг нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийг орчуулах шаардлагатай байгаагаас 2016 оны 12 дугаар сард прокуророос түдгэлзүүлээд байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2017 оны 12 дугаар сард дахин сэргээлгэх хүсэлт гаргаснаар 2017 оны 3 дугаар сард хэргийг сэргээснээр уг хэрэг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна.
Хоёр.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын шүүх, арбитрын шийдвэрийн талаар
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс Стандарт банкны нэхэмжлэлээс 35,950,000 ам.долларын төлбөрийг хэрэгсэхгүй болгож, 50,988,425.60 ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулж, Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51,000,000 ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гарсан байна.
Энэхүү шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч Стандарт банк нь Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд үндсэн зээлд холбогдох хүү, шүүхийн ажиллагаанд зарцуулсан зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3,142,063 ам.доллар, нийт 44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Түүнчлэн, Стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг компанийн хувьцааны тодорхой хувийг барьцаалсан асуудал байхгүй болно.
Үндсэн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн талаар:
1.Стандарт банктай 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр “Жаст групп” ХХК-ийн Стандарт банктай байгуулсан 2009 оны “Зээлийн гэрээ”-ний үндсэн дээр байгуулагдсан “Батлан даалтын үндсэн гэрээ”-ээр “Эрдэнэ үйлдвэр” ХХК-д үүрэг хүлээлгэж, хожим оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдээр зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн төлбөрт үүрэг хүлээлгэхгүйгээр 36,000,000.00 ам.доллларыг төлбөр, түүнд тооцогдох хүүгийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ХХК төлөх шийдвэр гаргасан.
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх Стандарт банк нь ““Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дагаж мөрддөг хууль, эрх зүйн баримтуудын хүрээнд гэрээнд оролцох чадамжтай байсан бөгөөд Эрдэнэт үйлвэр ХХК-ийн захирал Ч.Ганзориг тухай гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан” гэж үзжээ.
2.Стандарт банктай 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ”-ний талаарх маргаан
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх нь 2016 оны 6 дугаар сард “Эрдэнэт үйлдвэрт” ХХК-д 2010 оны үндсэн “3ээлийн гэрээ”-ээр үүрэг хүлээлгэж, харин тухайн үед удаа дараа оруулсан нэмэлт гэрээнүүдээр үүрэг хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК Стандарт банкинд 14,988,425.60 ам.долларын төлбөрийг тухайн үед тооцогдох хүүгийн хамтаар төлөхөөр шийдвэрлэсэн.
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүх шийдвэртээ “2010 оны зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон” гэж үзсэн байна.
Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхийн 2009 болон 2010 оны зээлийн үндсэн гэрээнд холбогдох маргааныг шийдвэрлэсэн дээрх шийдвэрүүдээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 51 сая орчим ам.долларыг Стандарт банкинд төлөх үүрэг хүлээгээд байна.
Дээрх шийдвэрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК эс зөвшөөрч, Английн хатан хааны дэргэдэх Худалдааны Дээд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК арбитрын шүүхийн шийдвэрүүдийг давж заалдах тохиолдолд 51 сая орчим ам.долларыг байршуулах нөхцөлтэй шийдвэр гаргасан байна. Үүнийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор 50.988.425.60 ам.долларыг шүүхэд төлөөгүй тохиолдолд арбитрын шийдвэрт давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Хүү болон зардлын талаар шийдвэрлэсэн хэргийн талаар:
Стантарт банк болон бусад нэхэмжлэгч Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд хандан гаргасан нийт нэхэмжлэлийнхээ хүрээнд шүүх ажиллагааны явцад зарцуулсан зардал, хүүг тооцуулж авах нэхэмжлэлийг Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.
2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхээс 2009, 2010 оны “Зээлийн гэрээ”-үүдэд холбогдох маргааны зардлын төлбөрт 14,438,164.00 ам.доллар, хүүгийн төлбөрт 26,782,381.74 ам.доллар, арбитрын шүүхийн төлбөрт 476,831.75 фунт стерлингийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аар төлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХ-ийн эд хөрөнгийг илрүүлэх тухай шийдвэрлэсэн талаар:
Стандарт банк нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Лондонгийн Олон Улсын арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг илрүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан. Уг арбитрын шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөрөнгийн мэдээлэл гаргуулах тухай захирамж гаргаж Эрдэнэт үйлвэр ХХК-ийн гадаад, дотоодод байх 500,000.00 ам.доллараас дээш өртөг бүхий эд хөрөнгийн талаарх мэдээлэл, дансны дэлгэрэнгүй мэдээлэл, авлагын мэдээлэл, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш 500,000.00 ам.доллараас дээш үнийн дүнтэй гүйлгээ хийгдсэн бүх гүйлгээний мэдээллийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотор Стандарт банкинд хүргүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид давж заалдах гомдол гаргах хүсэлтийг Английн худалдааны дээд шүүхэд гаргасныг шийдвэрлээгүй байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг санхүүгийн мэдээллээ ил болгох шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг Стандарт банкаас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн дээд шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Английн дээд шүүхийн шүүгчийн захирамжийг зөрчсөн болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргах зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.
Шүүх, арбитрын шийдвэрийн дагуу Стандарт банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар:
Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар/цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллаагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг Стандарт банкинд төлөх бөгөөд уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 ам.доллараар өсөж, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.
Монгол Улс 1958 онд батлагдсан Монгол Улсын Олон улсын гэрээ, газаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү гэрээнд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааныг шийдвэрлэсэн бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэг хүлээсэн.
Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хянуулах зөвшөөрөл авахаар Английн дээд шүүхэд хандсан боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд уг маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компаниас ялах магадлал тун бага гэсэн зөвлөмж ирүүлээд байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Стандарт банкны нэхэмжлэлтэй уг асуудлаар удаа дараа хуралдаж, болзошгүй өр төлбөрийг компанид хохирол багатайгаар шийдвэрлэх талаар хэлцэл хийх эрхийг компанийн гүйцэтгэх удирдлагад өгсөн.
Мөн Стандарт банктай хэлцэл хийх замаар холбогдох төлбөрийн хүүг зогсоож, төлбөрийг барагдуулах саналыг Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар сонсож, энэ талаар тодорхой чиглэл өгсөн.
Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд энэхүү үүсээд байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд хүрсэн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүн Танд мэдэгдэх болно.