Categories
мэдээ соёл-урлаг

Удирдаач Б.Лхагвасүрэн Кубын үндэсний симфони найрал хөгжмийн чуулгыг удирдан тоглов

Гаванад сууж буй Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан удирдаач Б. Лхагвасүрэнгийн Кубын үндэсний симфони найрал хөгжмийн чуулгыг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Кубын үзэгчдэд анх удаа толилуулсан концертыг Гавана хотын Үндэсний театрт 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Концертын үеэр Кубын симфони оркестр Л. Бетховен, А. Дворжак нарын зохиолуудаас гадна Монгол улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Үлэмжийн ертөнц”, нэрт хөгжмийн зохиолч З. Хангалын “Эрдэнэсийн уул”, “Салхич шувуу” зэрэг зохиолуудыг тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа.

Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр өнцөгт алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэйг Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр концертын нээлтэн дээр онцлон тэмдэглэв. 2016 оны 11 дүгээр сард Гавана хотноо болсон Алисиа Алонсогийн нэрэмжит олон улсын балетын их наадамд МУ-ын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д. Алтанхуяг ирж оролцож байсан.

Концертыг Кубын соёлын яам, Кубын хөгжмийн институт, Соёл урлагийн их сургуулийн багш сурагчид, Кубын үзэгчид зэрэг нийт 600 орчим хүн үзэж сонирхсоноос гадна Гаванад суугаа ДТГ-ын тэргүүнүүд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд урилгаар ирж үзэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *