Categories
мэдээ нийгэм

ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж. Алдаржавхлан нарыг иргэдийн эрхэнд халдах үйлдлээ зогсоохыг шаардав

Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчид ИТХ-ын тэргүүлэгчид иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж Хан-Уул дүүргийн 160 мянган иргэний эрхийг уландаа гишгэлээ гэж үзэж байна. ИТХ-ын дарга Б. Цэрэн тус дүүргийн 16 хорооны Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахгүй байх тухай албан бичгүүдийг хороонд хүргүүлж нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд удаа дараа халдаж иржээ.

Энэ оны хоёр дугаар сарын 07-ны өдрийн А/05 тоот тогтоолоор ИНХ-ын анхдугаар хуралдаанд оролцох иргэнд тодорхой нөхцөлүүд тавьж хангаснаар Засаг даргаас санал авах журам гаргасан байна. Хуульд зааснаар тухайн хорооны иргэн бүр оролцох эрхтэй байдаг аж. Гэвч энэ эрх нь зөрчигдөж байгааг тодотгож байсан юм Мөн Иргэдийн нийтийн хурал,ИНХ-ын тэргүүлэгчид хурлаа зохион байгуулдаг байсан ч үүнийг Засаг захиргааны нэгжийн анхан шатны хорооны Засаг даргад шилжүүлснээр иргэдийн үгээ хэлж ярилцдаг, даргаа сонгодог эрхийг хааж байгаад төлөөлөгчид болон хорооны иргэд дургүйцэж байгаа хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

XV хорооны иргэн Б. Мөнхбаатар:“Манай хорооны Засаг даргыг батламжлуулахаар хүсэлтээ өнгөрсөн оны хоёр дугаар сарын 22-нд өгсөн боловч ямар ч хариу ирээгүй. Ингэснээр Нийслэлийн Засаг даргад өнгөрсөн оны таван сард гомдол гаргасан ч мөн хариу ирээгүй. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс 2017 оны 10 сарын 31-нд шүүхээс хариу ирсэн. “Энэхүү хурал нь хүчин төгөлдөр хурал. Хурлаас сонгогдсон ИНХ-ын дарга тэргүүлэгч Засаг дарга бол хуулиар батлагдсан хүн тул томилох хэрэгтэй” гэсэн шийдвэр гарсан. Мөн шүүхийн магадлалаар Дүүргийн Засаг даргыг хорооны Засаг даргыг томилохыг шаардсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй” байна гэв.

Мөн тэд хорооны Засаг дарга ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж. Алдаржавхлан нарыг хууль бус үйлдэл, дүүргийн иргэдийн эрхэнд халдах үйлдлээ нэн даруй зогсоож Тэргүүлэгчдийн энэ оны II сарын 07-ны өдрийн А/05 тоот, А/06 тоот тогтоолоо цуцлах, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд байгуулахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Г.МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *