Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Таван толгойн Цахилгаан станцын төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр “Оюу толгойн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл явж байна гэлээ.
Ц.Даваасүрэн сайд “Рио Тинто болон Оюу толгой компанийн зүгээс Таван толгойн цахилгаан станцыг баригдахгүй боллоо гэж яриагүй юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана” гэсэн байгаа. Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц өөрөөр хэлбэл Туркиз Хилл Ресурс, Оюу толгой компани өөрсдөө станц барьсан бол гэсэн үг. Хоёрдугаарт, гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн эсхүл барьсан, нүүрсээр ажилладаг цахилгаан станц. Гуравдугаарт, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ. Дөрвөн жилийн дотор үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2017 оны долдугаар сараас эхлэн Оюу толгой Монголоос эрчим хүчээ авах ёстой байсан. Гэтэл 2018 он гарчихаад байхад одоо болтол эрчим хүчээ аваагүй байна. Энэ нь хууль зөрчсөн гэрээнээс болоод аваагүй. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэж бий. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Их хурлаар орж батлагдсан. Тиймээс аливаа заалтыг өөрчлөхдөө Их хурлаар оруулж заавал танилцуулах ёстой. Гэтэл Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний 7.3-т дөрвөн жилийн дотор эрчим хүчээ Монголоос авна гэдэг заалтыг энэ гэрээгээр түдгэлзүүлсэн. Ингэж хууль зөрчсөн гэрээг бид хүчингүй болгосон. Бидний цуцалсан гэрээнд хугацаа байхгүй. Магадгүй энэ төсөл дуустал хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т байсан Монголоос эрчим хүчээ авна гэдэг заалтыг түдгэлзүүлсэн байсан юм.
“Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээ цуцлагдсанаар тоолуур эргэж эхэлсэн. Дөрвөн жилийн дотор Монголоос эрчим хүчээ авах болсон. Тиймээс бүх хувилбаруудаа судалж үзнэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс Таван толгойн цахилгаан станц баригдахгүй гэж огт яриагүй юм билээ” гэдгийг онцолж байсан юм. Асуудлын гол нь тухайн үeийн Засгийн газар 2014 оны наймдугаар сарын 14-нд байгуулсан “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг хууль бусаар байгуулж, Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталсан учир нэмэлт оруулахад ч УИХ-аар хэлэлцүүлээгүй энэ гэрээг байгуулсан. Ингэснээр Оюу Толгой компани эрчим хүчээ БНХАУ-аас импортолж, түүний хөлсөнд жилд 160 сая ам.доллар зарцуулж байсан. Тийм учраас Монголын талд ашиггүй, хууль бусаар зурагдсан энэ гэрээг цуцлах саналыг Засгийн газар хөрөнгө оруулагч талд илгээсэн гэдгийг онцолж байлаа.
Таван толгойн Цахилгаан станцын төслийн нэгжийн захирал Д.Батбилэг “ТЭЗҮ хийгдсэн. Цахилгаан станцын барилгын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Хөрөнгө оруулагч болон Рио Тинтогийн Оюу толгой компани батлан даалт өгөх юм бол долдугаар сараас эхлэх боломжтой” гэсэн юм.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Засгийн газар энэ гэрээг хүчингүй болгосноор шууд хүчин төгөлдөр хэрэгжих үү. Нөгөө талаас хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой юу?
-Засгийн газар шийдвэр гаргаснаас хойш гэрээ шууд хүчингүй болж байгаа. Хамтран ажиллах гэрээний 1.3-т Эрчим хүчний хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө хэдийд ч аль нэг тал нь нөгөө талдаа төслийн оролцоог цуцлах мэдэгдэл өгөх замаар “Таван толгой цахилгаан станц” төсөл дэх оролцоог цуцалж болно гэсэн заалт бий. Ийм нэг жүжиг л хийчихсэн байгаа юм л даа.
-Ийм гэрээ байгуулсныг Засгийн газар хэзээ мэдсэн бэ?
-Өнгөрсөн намар мэдсэн. Бүх төслийн үйл ажиллагаатай танилцаад Таван толгой төсөл явахгүй нь ээ гэдэг зүйл ярьсан. Гэтэл энэ гэрээ гарч ирсэн. Дөрвөн жилийн дотор эрчим хүч авна гэсэн заалт түдгэлзсэн байсан учраас үүнийг цуцалж байгаа юм.
Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд “Оюу толгой” ХХК заавал Монголоос эрчим хүч авах шаардлагагүй болж байгаа юм. Тиймээс Засгийн газар цуцлах шийдвэр гаргасан.
-Энэ гэрээг байгуулах ямар шаардлага үндэслэл байсан юм бол?
-Би гэрээ байгуулаагүй учраас сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Монголд ашиггүй гэрээ хийгдсэн гэдгийг мэдэж л цуцалсан.
-“Оюу толгой” компаниас гаргасан мэдэгдэлд уурхайн талбайд цахилгаан станц барих сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн байсан?
-Ер нь бол станц барих гурван хувилбар бий. Өөрсдөө барих, Таван толгойн уурхай дээр барих эсвэл “Таван толгой цахилгаан станц” төслийг авч хэрэгжүүлэх гэсэн хувилбарууд бий. Энэ гурван хувилбараас аль нэгийг нь сонгох үүргийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн. Монголоос авч байвал хувийн, хувьсгалын аль нь ч байсан боломжтой хувилбар.
-Засгийн газар болон Оюу толгойн компанийн хооронд хийсэн хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгой эрчим хүчээ дотоодоос ямар гурван хувилбарыг санал болгож байгаа вэ?
-Гурван хувилбараас сонгох эрх нь “Оюу толгой” ХХК-д байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд заасан Монголоос эрчим хүч авах заалт үйлчилж эхэлсэн. Тиймээс дөрвөн жилийн дотор өөрсдөө барьж, хангана гэдэг бол цаг хугацааны хувьд маш шахуу. Гэтэл Таван толгой цахилгаан станц төсөл өөрөө ТЭЗҮ нь бэлэн болсон, ажил эхлүүлэхэд бүрэн боломжтой хувилбар байгаа. Рио Тинто компанийн зүгээс өнөөдрийн байдлаар Таван толгой цахилгаан станц төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй, хамтраад ажиллаж байгаа. Үнийн хэлэлцээ болон батлан даалтын хэлэлцээг хийгээд явж байгаа. Энэ төсөл бол хамгийн ашигтай төсөл. Одоо БНХАУ-аас 200 сая ам.долларын эрчим хүч авахаар байгаа.
-Таван толгой цахилгаан станц эсвэл Оюу толгой өөрсдөө станц барих гэх мэт хувилбаруудын алийг нь ч сонгосон ирэх дөрвөн жил БНХАУ-аас эрчим хүчээ авахаар болж байгаа юм байна?
-Монголд байгаа эрчим хүчний нөөцөөр хангах боломжгүй учраас дотоодын эх үүсвэртэй болтлоо БНХАУ-аас авсаар л байна. Дөрвөн жилийн дотор Рио Тинто өөрөө сонголтоо хийнэ. Харин дөрвөн жилийн дараа бол Монголоос л эрчим хүчээ авахаа өөр аргагүй.
-Хэрэв дөрвөн жилийн дараа Оюу толгой энэ гурван хувилбарыг ашиглаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг хүлээхгүй бол гэрээ цуцлагдана. Тиймээс ийм асуудал гаргахгүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эрх Засгийн газарт байхгүй байсан учраас энэ асуудлаар хариуцлага тооцох боломжтой.
-Энэ гэрээ гэмт хэрэг юм биш үү?
-Нэг талаараа тийм.
-Гэрээ хийсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндөх үү. Цаашид хариуцлагын асуудлыг ярих уу?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар бол УИХ-аар хэлэлцэх ёстой. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг УИХ-аар хэлэлцүүлээгүй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигласан гэдгээр үүнийг шалгах үндэслэл байгаа.
Энэ гэрээг “Таван толгой цахилгаан станц” төслийн удирдлагууд Засгийн газрын хуралдаанд оруулсан байсан. Тэгэхээр бүгд мэдэж байсан. Ганц энэ гэрээ ч биш Дубайн гэрээг ч гэсэн УИХ-аар оруулаагүй. Хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэхгүй юм бол энэ мэт зүйл гарсаар байна. Засгийн газар нь улс оронд ашиггүй хувилбарууд гаргаад яваад байж болохгүй. Бид тодорхой асуудлыг тавина. Гэрээ яагаад байгуулагдсан талаар холбогдох байгууллагуудад нь асуудлыг тавина.
-Баталгаа нь хэд орчим байх вэ. Өмнөх нь консорциум гээд явсан шүү дээ?
Таван толгойн Цахилгаан станцын төслийн нэгжийн захирал Д.Батбилэг: -Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын талаас Эм Си Эс компани, гадны хөрөнгө оруулагч болох Японы Марубени компанитай гэрээлсэн. Уг гэрээгээр өмнийн бүсийн Таван толгой ордыг түшиглэн 450 мВт-ын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барих ёстой. Хугацаа нь дөрвөн жилийн дотор багтаан барих. 2018 онд ажил нь эхэлбэл 2022 он гэхэд станцыг барьж дуусгах ёстой. Станцын өөрийн өртөг одоогийн тооцоолж байгаагаар нэг тэрбум ам.доллар. Энэ хөрөнгийн баталгааг худалдан авагч болох Рио Тинто компани гаргаж өгөх ёстой. Хамтарсан консорциум хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байгаа. Японы болон БНСУ-ын банкууд зээл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь 30 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын батлан даалт гаргана гэж байснаа 15 жилийн хугацаанд зээлийн баталгаа гаргуулахаар Рио Тинто компанид санал тавиад хэлэлцээр хийгдээд явж байна. Үнийн тухайд Өмнөд Монголын цахилгаан эрчим хүчний компаниас авч буй үнээс харьцангуй хямд үнээр авна.
Таван толгой ордын нүүрсийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэснээрээ манай улсад татвар болон ажиллах хүчний давуу талтай. Үйлдвэр 30-40 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах учраас ганц Оюу толгой гэлтгүй Цагаан суваргаас эхлээд өмнийн бүсэд бүтээн байгуулалт хийхэд эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Улмаар илүүдэл эрчим хүчээ төвийн эрчим хүчинд нийлүүлэх боломж бий.
Э.ЭНХ