Categories
мэдээ цаг-үе

Хэвийн боовгүй, ууцгүй цагаан сарын паян

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Шог зохиолч Шаадийбуугийн Галсанбаатар Хошин шогийн “Цуг уншсан бүсгүй” , “Сахалтай хүүхдүүд”,“Энэтхэгийн егөөтэй инээд”, “Тохуутай”, “ Тонгорготой инээд “ зэрэг 10 ном хэвлүүлсэн. Түүний цагаан сарын тухай хошин дурсамжийг сар шинийн баярыг тохиолдуулан уншигч танд өргөн барьж байна.

1966 оны нэгдүгээр сарын нэгэн монголчуудын золгодог цагаан сарын өдөр нь гэвэл 40-өөс доош насныхан бараг үнэмшихгүй биз. Харин билгийн тооллын цагаан сар бол малчдын баяр байв. Улаанбаатарчуудад бол гавшгайчдын сүлд модны наадмын өдөр. Гэвч үндэсний баяраа монголчууд нууж хаагаад яаж ийж байгаад тэмдэглэж ирсэн юм.

Маргаан будлианы эхлэл өвөг эцгээс болов оо. Тэрээр шинэ жил болохоос хоёр хоногийн өмнө хөдөөнөөс ирэв.

Далан нас хол гарсан өвгөн ахдаа золгоно, цагаан сараа тэмдэглэнэ гэж хотын ах дүүс хөөрч баярлаад сүртэй юм боллоо.

Ингээд шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр аав ээж хоёрт минь тавгийн идээ засч, ууц чанах бэрх ажил оногдлоо.

Аав хэвийн боовны эрэлд гарч, хуучнаар үйлдвэрлэл хоршооллын нарийн боовны цехүүдээр хэсч, ганц нэг хятад мухлагуудаар яваад хэвийн боов хэмээх ховор идээг олсонгүй. Тэгээд маюур гэх хар эрээн боов авчирч ээжид зэмлүүлээд эргээд артелийн гурилан цех рүү очиж, танилдаа хэвийн боов хийж өгөхийг хүссэн боловч улаанбаатарчуудыг цагаан сард уриалан дуудсан хэрэг болно гээд халгаасангүй. Гэвч эцэг маань арга ухаан сийлж Гандантэгчинлэн хийдэд байнга хэвийн боов хийдэг болохыг мэджээ.

Зөвхөн бурхан болоочийн хойтохын буянд зориулан ном хуруулсан тохиолдолд 30 ширхэг хэвийн боов хийж болдог ажээ.

Бурхан болоочийн хойтохын ерөөл буянд зориулсан хурлын арга хэмжээнд багтаан нэмэлт захиалганд орох нэг боломж байна гэсэн утгатай үг хэлэхдээ санаагаа жаахан буруу илэрхийлсэнд ээж сэжиглээд эрс татгалзлаа.

Ерөөсөө ч ээж маань шүтлэгтэй хүн л дээ. Ингээд хамгийн сүүлчийн шийдвэр бол нэг килограмм нь таван төгрөг 20 мөнгөний үнэтэй еэвэн 15 килограммыг авч суваргалан өрөхөөр шийдсэн нь тухайн үедээ их л сайхан тансаг идээ боллоо.

Мах бас л ховордуу. Нэг хүнд гуяа дагуулсан хүзүү өгөхөөс бус бүтэн хонины мах өгөхгүй. Тэр ч байтугай хоёроос илүү килограмм мах өгөхгүй гээд худалдагч нар нь гэдийчихнэ. Дугаар дараалал бол могой адил тахиралдана.

Жижиг дэлгүүрийн үүдээр гадагш гардаг үе. Ингээд эцэг минь бас л Хүүшийн мөсөн зоорийн хөргүүрийн машин барьдаг Ламжав гэдэг буянтай хүний ачаар бүтэн хонины мах авлаа. Авахдаа бас их зовлонтой.

Бүтэн хонины мах аваад явж байвал хаана мах байна гээд хүмүүс ээрээд салахгүй ахисхийвэл арын хаалгадсан байна гээд тус болсон хүнийг бантангаас нь салгаж магадгүй өлөн зэлмүүн цөвүүн цаг сан.

Махны машины жолооч орой болсон хойно мухар гудамжинд зогсож надад өгөв. Би олон шуудайгаар хулдан нууцалж, чарган дээр ачин арайхийн гэртээ авчирч гэсгээв. Одоо бодоход тэр мах нь өөдтэй ч юм биш. Арай л төлөг байгаагүй байх.

Биднийг ингэж арга чаргаа барж хөглөж буйг өвөг эцэг мэддэггүй байв. Учир нь Гандангийн хуралд сууж даган баясах маягаар өдрийг өнгөрүүлнэ.

Одоогоос 53 жилийн өмнө буюу 1965 оны 12 сарын 31 буюу битүүний өдөр өнөөх үнэт эрдэнэ мэт хонины махыг эвдээд ууцыг нь чанах үүргийг надад өгөөд ажилдаа явцгаав. Би тэгэхэд есөн настай хүүхэд уг нь хөдөө өссөн учир ууц чанахыг мэднэ л дээ. Тэгээд ууцаа том тогоотой усанд хийчихээд мөсөн гулгуурын талбай дээр хоккей тоглоом тоглож нөгөө ууцаа мартчихжээ. Гэртээ чавхадсаар иртэл шөл нь ширгэж, хиншүү хярвас үнэртээд бөөн утаа униар угтав.

Мөнөөх ууц маань нуман тулгуурт өрсөн чөлөөт бөхийн тамирчин шиг хөл толгой нь нийлэх шахаад гэдийчихжээ. Хэрэг бишдсэнийг мэдээд тэр дор нь шуурхай арга хэрэглэсэн боловч нэгэнт гэдийсэн ууц тэнийхгүй байв. Тэгэхээр нь хавтгай модон дээр тавиад дарчихсан чинь хуга үсэрчихвээ.

Та минь ингээд ууцгүй болов оо. Голоор нь төмөр нь шургуулж, эргүүлж тойруулж эвээр үзэж зөөлөн галаар чанах учиртай юм. Ингэж манайх ууцгүй, хэвийн боовгүй цагаан сар хийлээ. Өвөг эцэг энэ бүхнийг сонсож инээвхийлэн энэ төрийнхөө ёсыг дагахаас яахав гэж биднийг өршөөж билээ. Бүүр харанхуй болсон хойно, Үнэн сонины баахан сурвалжлагч нар аавтай цуг манайд ирж өвөг эцэгтэй золгов. Тэд намын төв хорооны мэдлийн боловсон хүчин хүн ийнхүү далдуур цагаан сар тэмдэглэсэн нь илэрвэл ажлаасаа донгодуулах магадлал өндөр юм.

Энэ бүхнийг дурдсаны учир бол өмнөх нийгмээ муулахыг хүссэнгүй гагцхүү ардчиллын үнэ цэнэ, чөлөөт нийгмийнхээ үнэ цэнийг гүн гүнзгий ойлгоосой гэсэн нь юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *