Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Армийн хөнөөлт зэвсэг буюу “АЛУУРЧИН ДРОН”

Алганд багтах хэмжээтэй Алуурчин дрон

Дрон буюу нисдэг камер хүн төрөлхтний салшгүй хэрэгцээ болсон гэдгийг нотлох хамгийн сүүлийн тод жишээ бол “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. 1218 ширхэг гэрэлт дроноор олимпийн таван цагиргийг агаар дээр дүрсэлж, дроныг ашиглаж олимпийн бамбараа асаасан билээ. 1218 ширхэг дроныг ашиглаж, олимпийн бэлгэ тэмдэг, цанаар гулгаж буй хүн, далавчаа дэлгэж буй шувуу гэх мэт дүрслэлийг шөнийн тэнгэрт гэрэлтүүлсэн нь энэ олимпийн нэгэн дуулиан байсан юм. Аливаа олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр бамбарыг хэрхэн асаах нь хамгийн чухал хүлээлт байдаг. Өмнөд Солонгосчууд техник, технологийн дэвшлийг ийн харуулсан нь олон улсын анхаарлыг татсан юм.

Нээлтийн үеэр дрон хөөргөх бүхэл бүтэн баг ажилласан бөгөөд дрон тус бүрт даалгавар өгч агаарт хэрхэн байрлаж, ямар хөдөлгөөн хийхийг нь урьдчилан зааварлажээ.

Алуурчин дрон хүнийг ингэж ганцхан секундэд хөнөөнө.

Дронууд 20 минут ажиллах зай хураагууртай учир үзүүлбэр, агаарын хэм зэргийг нарийн тооцоолсон талаар “Intel” корпорацийн ерөнхий менежер Натали Чун дурдаад “Дрон тус бүрийг цасан ширхэг шиг харагдуулахын тулд хийцээс эхлүүлээд гэрэлтүүлэгт нь ихэд анхаарсан. Бид санасандаа хүртэл ажиллаж тэнгэрт цасан ширхгээр олимпийн таван цагиргийг гайхалтай бүтээсэн. Энэ удаагийн олимпийн нээлтэд технологийн өндөр ур чадвар гаргасан гэж үзэж болно” гэж ярьжээ.

“Пёнчан 2018” олимпод нийтдээ 5200 гаруй дрон, роботыг ашиглаж байгаа бөгөөд уралдааны зам, явцыг дрон хянаж байгаа юм байна. Өвлийн олимпод ашиглаж байгаа робот, дронуудыг хүйтэнд тэсвэртэй болгохын тулд Финландад туршилт хийжээ. Гэхдээ дроноор агаарт ийнхүү элдэв юм дүрслэхийг солонгосчууд анх сэдээгүй юм байна. Дуучин Леди Гага тоглолтынхоо үеэр АНУ-ын төрийн далбааг тэнгэрт дроноор дүрсэлж байжээ.

Дроныг дүрс бичлэг хийх, зураг авах зориулалттайгаар анх бүтээсэн бол одоо түүнийг ашиглахгүй улс, салбар гэж үгүй боллоо. Тэр дундаа армид шинэ үеийн хөнөөлт зэвсэглэлийн тоонд дрон зүй ёсоор ороод байна.

Анх 2001 онд АНУ дэлхийн зэвсэглэлийн салбарт нисгэгчгүй онгоц ашигласнаар цэргийн тагнуулын салбарт хувьсал хийж байсан юм. Израиль, АНУ-ын хөгжүүлсэн нисэх онгоцны уг технологи ОХУ, Хятадын хөгжүүлэгчдэд санаа өгч улмаар дроныг армид ашиглах сэдлийг эхлүүлсэн гэж үздэг.

Алан хядагчид дроныг дэлбэрэх бөмбөгний оронд ашиглаж байгаа бол томоохон гүрнүүд тандалт, тагнуулын зорилгоор түлхүү ашиглах болсон. Харин 2017 оноос дроны шинж чанарыг улам өндөржүүлж хөнөөлт чадварыг нэмэгдүүлжээ.

Хүний царайг таних программыг суулгасан “Killer drone” буюу Алуурчин дрон армийн зэвсэглэлд хүч түрэн орж ирж байна. Даалгавар өгөнгүүт царайг нь таних ёстой хүнээ хэдэн ч км-ын цаанаас хайж олоод маш хурдтайгаар дайрч духан тус газарт нь мөргөж ганцхан секундын дотор амь насыг нь бүрэлгэдэг хор хөнөөлтэй дроныг зэвсэг бүтээгчид өнгөрсөн оны сүүлээр олон нийтэд танилцуулсан юм.

Өвлийн олимпийн нээлтэд ашигласан гэрэлт дрон

Үүнийг алан хядагчдыг олж илрүүлэхэд тус болно хэмээн зохион бүтээгчид нь онцолж байгаа ч жирийн иргэдийн хувьд айдас төрүүлж байгаа юм. Учир нь фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэгт өөрийнхөө нүүр царайны зургийг оруулж үзээгүй хүн гэж бараг байхгүй л болов уу.

Зургийг нь энэхүү “Алуурчин дрон”-д таниулсан байхад хаанаас ч хэнийг ч олоод шууд устгахаар програмчилсан болохоор уг дроноос болгоомжлох, түүнийг хэт хөгжүүлэхгүй байх тал дээр айдастай хандацгааж байна. Мэргэн буудагчид хичнээн хол зайнаас өндөр чанарын дурантай буугаар байгаа ониллоо гэхэд хүнээ танихгүй байх эсвэл алдаж буудах гэх мэт эрсдэлүүд бий. Харин “Алуурчин дрон” царайг нь таниулсан хүнээ маш нарийн үзүүлэлтүүдээр таних бөгөөд нас, жин, биеийн харьцаа зэрэг үзүүлэлтийг нь давхар оруулсан байвал байгаа алдахгүй газар дээр нь хороодог аж.

“Killer drone”-ныг олон нийтэд танилцуулах үеэр түүнийг хэрхэн ажилладгийг үзэгчдэд харуулжээ. Уг бичлэгээс харахад гарын алган дээр байх жижиг дронд байг нь буюу амь насыг хороох хүний зургийг таниулна. Ингээд дроныг хөөргөхөд өнөөх таниулсан царайг хайсаар тайзан дээр байх цэрэг хувцастай манекэныг олоод цохон дунд нь ганц хүчтэй дайрч духыг нь цөмлөх ажээ.

Хэрвээ энэ дроныг армийн зэвсэглэлээс нь гаргаад энгийн хэрэглээнд шилжүүлбэл иргэд дургүй хүргэсэн нэгнээ дроны тусламжтайгаар устгаад эхэлбэл яах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Үүнд АНУ-ын тал, “Killer drone”-ыг бүтээгчид “Энэ дроныг армид зайлшгүй үед хэрэглэх юм. Үй олноор нь үйлдвэрлээд аль нэг улс, хот, тосгоныг устгавал яах вэ гэсэн болгоомжлол бий. Бидэнд ч эргээд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн эдгээр дронд амь эрсдэх нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ мэт хөнөөлт дронуудыг хянаж, удирдлагаас нь салгах, холбоог нь таслах гэх мэт хамгаалалтын үйл ажиллагаанууд бий. Энэ зэвсгийг үй олноор нь устгах зориулалтаар биш тухайлсан нэг хоёр хүн, тодруулбал алан хядагчид, зэвсэгт бүлэглэлийнхэнд зориулж бүтээсэн гэж ойлговол зохино” гэж тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *