Өндөр үнэтэй бугуйн цаг зүүсэн байна гэж
өнгөрсөн сарын эхээр шүүмжид өртсөн Тайландын Шадар сайд бөгөөд Батлан
хамгаалахын сайд генерал Правит Вонгсувонтой холбоотой хэргийг шалгаж,
эцэслэн шийдвэрлэнэ гэж Тайландын Авлигын эсрэг үндэсний хорооноос
мэдээлсэн байна.
Хэргийн талаар
тодруулбал, генерал Правит нь өнгөрсөн оны сүүлээр дор хаяж 2,5 сая бахт
(79,000 ам.доллар)-ын үнэтэй цаг, алмазан шигтгээтэй бөгж зүүж байгаад
хэвлэл мэдээллийнхний нүдэнд өртөж, шүүмжлүүлжээ. Учир нь, тэрээр эдгээр
зүйлсээ өөрийн хөрөнгийн мэдүүлэгтээ дурдаагүй юм байна. Үүнтэй
холбогдуулан Авлигын эсрэг хороо түүнийг шалгаж эхэлжээ.
Түүнчлэн,
энэхүү явдлаас хойш түүнийг 39,5 сая бахт-тай тэнцэх хэмжээний 25
төрлийн бугуйн цаг ээлжлэн зүүж байсан гэж хэвлэлийнхэн мэдээлж байсан
боловч тэр тэдгээр цагуудыг хүнээс зээлж хэрэглэж байгаад буцааж өгсөн
юм гэж тайлбарлажээ.
Өндөр үнэтэй цаг
зүүсэн гэх асуудлаас болж, Ерөнхий сайд Прают Чан-оча, Шадар сайд
Правит нарыг ард түмэн шүүмжлэх нь аргагүй гэнэ. Ерөнхий сайдын хувьд,
Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш өмнөх Засгийн газрын сайд нарыг
авлигын хэргээр шалгуулж байсан. Одоо Правитыг улс төрөөс зайлуулахын
төлөө ард түмэнтэй нэгдэж, авлигатай тэмцэх явцад гарч буй хүнд суртлыг
арилгахаа харуулах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийнхэн бичсэн байна.
Англичууд хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх хууль батласнаар олон улс дахь авлигатай тэмцэх боломжтой болно
Энэ
сард хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэ хуулиар хахуулийн мөнгөөр худалдан
авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг улс төрчид болон гэмт хэрэгтнүүд
тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд хэрэв чадахгүй бол хөрөнгийг нь хураах юм
байна.
Авлигатай тэмцэх чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг Транспарэнси интернашэнл байгууллага шинэ хууль
батлагдсантай холбогдуулан 5 үл хөдлөх хөрөнгийг шууд шалгаж эхлэх
боломжтой болох талаар дурджээ. Тухайлбал, Оросын авлигын эсрэг тэмцэгч
Алексей Навальный өмнө нь мэдээлж байсан 157 мянган ам.долларын цалин
авдаг гэх ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Игорь Шуволовын 15
сая ам.доллараар худалдан авсан хоёр орон сууцыг шалгаж болох юм гэжээ.
Уг
асуудлыг хэрхэн шалгах талаар Транспарэнси интернашэнл байгууллагын
мэргэжилтэн дараах байдлаар тайлбарлажээ. “Үндэслэлгүй хөрөнгийг шалгах
шийдвэрийг Гэмт хэрэгтэй тэмцэх газар эсвэл Онц залилангийн гэмт
хэрэгтэй тэмцэх газар гүйцэтгэж болно. Жишээ нь тухайн хүнээс орлогыг нь
асууж, ямар мөнгөөр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан тухайг нь
баримт, үндэслэлтэйгээр тайлбарлуулна. Хэрэв тухайн хүн түүнийгээ
ойлгомжтойгоор тайлбарлаж чадахгүй бол уг хөрөнгийг нь хурааж авна” гэж
хэлсэн байна.
Их Британийн Гэмт
хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр, жил бүр авлигаас олсон 100 орчим
тэрбум ам.доллар Лондон хотоор дамждаг бөгөөд энэ мөнгө нь гол төлөв
улсын төсвөөс завшсан мөнгө байдаг гэнэ. Өмнө нь, үл хөдлөх хөрөнгө
худалдан авч хууль бус мөнгөө нууж болдог байсан бол шинэ хуулиар ингэх
боломжгүй болох юм гэж тэр нэмж хэлжээ.
Түүнчлэн
ийм асуудалтай холбоотой олон жишээ байдаг юм байна. Тухайлбал, Сири
улсын удирдагчийн авга ах өнгөрсөн онд Лондон хотын Майфайр дүүрэгт 18
сая ам.доллараар байшин худалдан авчээ. Мөрдөгчдийн үзэж буйгаар, тэр
хүнийг улсын хөрөнгөөс 300 сая ам.доллар завшсан байж болзошгүй гэжээ.
Гэвч тэр хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаас өмнө амжиж худалдан
борлуулаад, хөрөнгийн эх үүсвэрээ арабын тэрбумтнуудаас зээлж авсан гэж
тайлбарласан байна.
Порошенко: Авлига бол Украйны хамгийн том асуудал мөн
Украйн
Улсын хувьд авлига өмнө нь ч, бас одоо ч хурц асуудал хэвээр байгаа
учраас Киев хотод Авлигын эсрэг хараат бус шүүхийн байгууллага бий
болгох шаардлагатай байна гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко
Австрийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Авлига
цаг ямагт төрийн шийдвэрлэвэл зохих томоохон асуудал байсан бөгөөд одоо
ч хэвээр байна гэж Порошенко онцолжээ. Тиймээс Украйны Ерөнхийлөгч
гадаадын зээлдэгч нарт авлигын эсрэг шүүх байгуулна гэх амлалтыг өгчээ.
Түүнчлэн
тэр барууны орнуудын тусгай албадтай улс төрч, төрийн албан хаагчдын
хилээр гаргасан хууль бус хөрөнгийг буцаах чиглэлээр хамтран ажиллах
төлөвлөгөөгөө сэтгүүлчдэд танилцуулсан байна.