Categories
мэдээ нийгэм

Хүний амь нас хохироогоод зугтсан жолоочийг баривчилжээ

Энэ сарын 17-ны өдөр буюу шинийн 2-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн товчоо, “МТ” шатахуун түгээх газрын зүүн замд явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн машины ард явж байсан саарал өнгийн “Приус-20” маркийн автомашины жолооч тухайн хэргийг харж, зогсоохоор араас нь хөөсөн байна. Гэвч хоёулаа сураггүй алга болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж, дээрх машинуудыг харсан үзсэн хүмүүсийг эрэн хайж байсан билээ. Тэгвэл Замын цагдаагийн газраас хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг илрүүлэн, баривчилсан талаар мэдээллээ. Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн алба хаагчид уг этгээдийг энэ сарын 18-ны 20:00 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх гэртээ байхад нь баривчилжээ. Хан-Уул дүүрэгт оршин суух, 30 настай, эрэгтэй А-г баривчлан хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *