Categories
мэдээ цаг-үе

Магвансүрэнгийн Хүрэлсүх: “Морин хуур” наадмын тэргүүн шагналыг “аминаас үнэтэй Монгол”, “Хурмастын дууч шувуу” дуугаараа хоёр удаа авсан

“Морин хуур” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом”-ын эзэн, соёлын тэргүүний ажилтан Магвансүрэнгийн Хүрэлсүхтэй уулзаж хөөрөлдлөө.


-Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам өнөөдөр болж байна. Энэ наадмын тэргүүн гран при шагналын эзнээр хоёронтаа шалгарч байсан найрагч маань энэ жил ямар бүтээл сойв доо?

-Энэ жилийн “Морин хуур”-таа хүлэг-шүлэг сойсонгүй. Оролцох санаа бол их л байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Насанбуян гуайтай хамтарч “Сайхан хань минь, нандин хайр минь” гэдэг дуу хийснийг миний хань, соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Солонго дуулсан байсан л даа. Үүнийг оруулъя гэж бодсон ч манай “Шөнийн худалдааны төв”-ийн “Пирамид” клуб дээр “Морин хуур” наадмын эхний шалгаруулалт болсон. Өөрийнхөө клуб дээр ийм том үйл ажиллагаа явагдаж байхад дуугаа уралдуулах нь зохисгүй юм болов уу гэж бодоод өнжсөн.

-Өнөө цагт аливаа зүйлд ичих булчирхайгүй загнасан хүмүүс л хождог болсон мэт. Таны өнждөг чинь өөрийн уран бүтээлээ хэлмэгдүүлсэн явдал бус уу?

-Яах аргагүй ашиг сонирхлын зөрчил шүү дээ.

-Та ч аргагүй л улстөрч хүн шиг хариулж байх шив. УИХ-д ч оффшор данстнууд сууж байхад таны ёсорхог татгалзал илүү ажил байж дээ?

-Би хоёр том намд гишүүнчлэлгүй. Иргэний зориг-ногоон намд тодорхой албан тушаал хашиж байсан. Намууд ер нь идэж уудаг хүнийг бэлдэх биш, Монгол Улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж чадах эрхэмсэг бөгөөд шударга зарчимтай хүмүүсийг бэлдэж байх ёстой. Одоо яаж байна гэхээр намд хандив өргөсөн улсаа албан тушаалд тавьдаг явдлаа таслан зогсоохгүй бол Монгол Улс маань сүйрлийн байдалд орчихлоо.

-ИЗНН-даа та ажиллаж байгаа юу?

-ИЗНН-ын хувьд залуучууддаа боломж олгож намын удирдлагын жолоог гардуулж өгсөн. УИХ-ын 2016 оны сонгуульд манай нам суудал авч чадаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжин ажиллаж Ерөнхийлөгч болгож чадсан. Намын дарга С.Оюун, намын дэд бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга байсан бид албан тушаалуудаа залууст хүлээлгэн өгсөн.

-“Морин хуур” наадамд та ямар бүтээлээрээ шалгарч байлаа?

-Миний хувьд “Морин хуур” наадамд оролцож эхэлсэн түүх их сонин. Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Чойгивын Сангидорж ах маань миний хэдэн дууны шүлгийг аваад удаж удаж “Монгол минь ганцхан”, “Аавын ухаан”, нутгийн тухай дуу гуравт аялгуу зохиосон байсан. Сангиа ах “Монгол минь ганцхан” бол сайхан уран бүтээл болсон. “Морин хуур” наадамд сойно” гэсэн. Энэ чинь 2010 он юм. Тэгээд бид хоёр “Хүслийн бороо”, “Монгол минь ганцхан” гэсэн хоёр дууг “Морин хуур”-т сойлоо. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Төрмандахын дуулсан “Монгол минь ганцхан” дуу бараг түрүүлэх хэмжээнд яригдаж байгаад дэд байрын шагнал авсан. “Хүслийн бороо” минь шилдэг 25-д багтлаа. Би ч уран бүтээл хийх их урам зориг орсон. Сангиа ах намайг “Миний бор хүү” гэж өхөөрддөг байлаа. Дууны ая биччихлээ гээд шөнө дөлөөр ч утасдана. Бид хоёр арван нэгэн дуу хамтарч бичсэн дээ. Өр нимгэн, гайхамшигтай суут хүн байсан даа.

-Анх эхэлж улсын том наадамд урамтай сайхан уралджээ?

-Хойтон жил нь яруу найрагч Дашзэгвийн Банзрагчийн шүлэг “Сүүдэр цармын цэцэг” дуугаараа алдаршсан соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Сайнцогийн Мөнхбат надад нэг аялгуу өгч дуу захиалсан. Би дуучин хүнд зориулсан “Хурмастын дууч шувуу” гэж шүлэг бичиж өгч, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан эл дуу маань тэр жилийнхээ “Морин хуур”-ын тэргүүн байрын шагналыг авсан.

“Хайраа санан уйданхан суухад минь

Уужим хоолойгоор зүрх хөгжөөн

Энхэр тогоруу эгшиглэн хөөрнө

Эрхэс тэнгэрийг мэлмэртэл уяраана

Мөнгөн үүлсийг мэгштэл аялгуулсан

Цэн тогоруу хурмастын дууч шувуу” гэсэн үгтэй дуу л даа.

-Дараа жил нь дахиад магнайлсан бил үү?

Арван хоёр онд “Цэнгэг сэрүүн булгийнхаа уснаасаа

Сөгдөн сөгдөн суугаад залгилъя аа

Сэвшээ хонгор талынхаа салхиараа

Алдлан алдлан алхаад амьсгалъя аа” гэсэн үгтэй “Аминаас үнэтэй Монгол” шүлэгт маань ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав аялгуу зохиосныг ардын жүжигчин А.Долгор миний хань Солонготой хамтран дуулж гран при шагналыг авсан даа. “Морин хуур” наадам маань яг үнэндээ Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн наадам байдаг ч яруу найрагчид шүлгээ сойдог, сорьдог сайхан наадам. Сайн шүлэгтэй байж сайн дуу төрдөг, сайн дуу төрж байж дуучнаа олдог гэдэг бичигдээгүй хууль бий.

-Өөр ямар бүтээлүүд чинь шилдэгт багтан шалгарч байв?

-Солонгоогийн дуулсан Мөнхжаргалын аялгуу “Сэлэнгэ сайхан нутаг” дуу 2011 онд, Соронзонболдын ая гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн дуулсан “Аялгуу минь” дуу 2012 онд тус тус шилдэг дуугаар шалгарч байлаа. Хөгжмийн зохиолч Сайнцогийн Төрбаттай хамтран хийсэн “Анд минь” хэмээх дууг дуучин Гэрэлчулуун дуулж шилдэг долоод багтаж байлаа.

-Дууны яруу найрагчийн хувьд мэргэжлийн хэмжээнд очжээ гэж хэлж болох нь. Таныг их хожуу яруу найраг бичсэн гэж сонссон юм байна?

-Одоогоос арваад жилийн өмнө миний бие их чилээрхсэн юм. Тухайн үед эмч нар “Нэг жилийн нас үлджээ” гэж оношилсон. Тэгээд яахав дээ, дотроо л “Хүн болж төрсөн юм чинь ямар нэг зүйл бүтээх учиртай байх. Нутагтаа, ээждээ нэг нэг сайхан дуу зориулж зохиолгоё” гээд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготовтой хамт есөн сард Шаргалжуутын рашаан сувиллыг зорилоо. Өвчин хуучаа ч бас эмчлүүлье гээд явлаа. “Айраг ууж болохгүй, халуун рашаан хориотой, тарваганы мах идэхгүй байх” зэрэг нэлээд их хориотой зүйлсийн жагсаалттай очлоо. Гэртээ жил гаруй хугацаанд хэвтэж шаналчихсан хүн Шаргалжуут явахад сэтгэл цаанаа л нэг догдлонгуй. Тэгээд “Хэзээ үхнэ гэж өөрийгөө цэнэж гуних вэ” гээд Шартын даваанаас эхлээд намрын тос хөвсөн айраг ууж явлаа. Шаргалжуутад очоод халуун рашаанд ч орлоо. Хулгар шар ч идлээ. Доржготовтоо ээж, нутгийнхаа тухай шавайгаа ханатал ярилаа. Очоод дөрөв тав хонолоо. Доржготов маань шүлэг бичдэггүй дээ. Ер нь би энэ хүнд ойртуулж өгөх хэрэгтэй юм байна гээд шүлэг бичлээ. Үзүүллээ. Мань эр уншчихаад “Чи надаар бичүүлэлтгүй өөрөө яруу найрагч хүн байна шүү дээ” гэж урам хайрлаж, хөгжмийн зохиолчидтой танилцуулах боллоо. Бууцагаанд очоод цоргоор нэрсэн ямааны нэрмэл татлаа.

-Таны төрөлх Бууцагаан чинь идээгээрээ алдартай шүү?

-Цоргоны нэрмэл, ааруулаараа монгол даяар алдартай. Монгол архины дээж мөнгөн тагшаар татаж хэд хоноход нутагтаа, ээждээ, Шаргалжуут рашаанд зориулсан гурван ч дуутай ирсэн дээ. Хүрч ирээд танилуудтайгаа таарахад “Чиний царай зүс чинь өргөс авсан юм шиг өнгөтэй жавхаатай болж” гээд. Шинжилгээ өгтөл бүх онош эрүүл гарлаа. Үүнээс хойш л би бурхан тэнгэрийн өмнө өртэй юм шиг, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийлгүй явсан юм шиг санагдах болж шүлэг найраг бичиж эхэлсэн дээ.

-Бүтээл ч ундарч өгсөн биз?

-Зуу гаруй дууны шүлэг бичиж, “Их гүрэн”, “Нармай Монгол”, “Нүүдэл”, “Буга шүтээн” зэрэг яруу найргийн түүврүүдээ гаргалаа. Шүлэг, дууны “Зөн совин ивээж байна” гэж хос цомог гарсан. “Их гүрэн” номоо худам монгол бичгээр гаргалаа. Баянхонгор нутгаас төрсөн бичгийн их мэргэд, найрагч, зохиолчдынхоо бүтээлийг эмхэтгэн “Их Богдын эгшиглэн” хэмээх их том ботийг хэвлүүлсэн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *