Categories
мэдээ цаг-үе

Ц.Энгүүн: Ука шүүгч гал цогтой, бадрангуй эмэгтэй учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо хийсэн

“The Voice of Mon¬golia” шоуны оролцогч Ц.Энгүүнтэй ярилцлаа.


-Юуны өмнө энэ том шоуны эхний шатандаа амжилттай оролцсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Та дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан шүү. Шүүгчдээс хэн нь эргэж хараасай гэж хүсч байсан бэ?

-Би ер нь багаасаа гадаадын бусад орны The Voice-ийг их үздэг байсан. Тэгээд хүмүүс сайн дуулаад дөрвөн шүүгчийг нь эргүүлж байхыг хараад “Хөөх ямар мундаг юм бэ” гэж боддог байсан. Харин би өөрөө нэгдүгээр шатанд орохдоо чадахаараа л дуулъя бас шүүгчдээс чадахаараа л эргүүлэхийг хичээе гэж бодсон. Гэхдээ Д.Уламбаяр шүүгчийг л эргэчихээсэй гэж маш их хүсч байсан.

-Дуулж байхад шүүгчид эхнээсээ эргэж харах мөчид танд яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тайзны ард суугаад дарааллаа хүлээж байхад бусад оролцогчдыг дуулах үеэр шүүгч эргэж харсан эсэхийг үзэгчдийн шуугианаар л мэдэж байсан. Тэнд байхад шүүгчдийн баззерын чимээ нь сонсогдохгүй байсан болохоор угаасаа шүүгч эргэвэл ямар ч чимээ гарахгүй юм байна гэсэн ойлголттой тайз руу гарсан л даа. Тэгээд дуугаа дуулж байтал гэнэт шүүгч эргээд сандал нь дуугарсан чинь би зүүдлээд ч байгаа юм шиг санагдаад юу болчихов оо гэж дотроо бодоод хэсэг нэг тийм сонин мэдрэмж төрсөн шүү. Их сайхан санагдаж байсан. Хэн эргэснийг ч эргэцүүлээгүй тэгээд л дуулаад байсан.

-Шүүгчид таныг хөгжим шиг дууллаа гэсэн. Хийл тоглодог, хөгжимчин хүн болохоор өнгөнөөсөө эхлүүлээд олон зүйл дээр мэдрэмжтэй байсан байлгүй?

-Ер нь тийм байх аа. Би багаасаа, бүр ухаан орсон цагаасаа л хөгжмийг мэргэжлийн түвшинд заалгаж эхэлсэн. Тэрнээс гадна хөгжим хүнийг багаас нь хөгжүүлж, төлөвшүүлж байдаг юм шиг байгаа юм. Тэр дундаа хийл хөгжим онцгой гэж би боддог. Хийлээр сурсандаа их баярладаг. Хийл бол хүнээс маш их зүйл, нарийн мэдрэмж шаарддаг хөгжим. Тэр утгаараа ч хийл маань надад нөлөөлсөн байх.

-Та Хөгжим бүжгийн коллежийн хэд дүгээр ангид сурч байгаа вэ?

-Одоо Монгол Улсын консерваторын 12 дугаар ангид сурдаг.

-Энэ шоунд оролцох шийдвэрээ хэрхэн гаргаж байв?

-Би Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит “Өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан”-д оролцохоор зорьж байсан юм. Тэмцээн маань ч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон. Зорьсондоо ч хүрч чадсан. Тэр тэмцээн бол өсвөрийн хийлчдийн дунд их өндөр чансаатай, том тэмцээн учраас би их хичээж бэлдэж байсан л даа. Харин тэмцээн дууссаны дараа би жаахан завтай болчихсон. Тэгээд хийлээс бусад сонирхол, чадвараа хөгжүүлэхдээ цаг гаргах боломж гарсан. Яг тэр үед “The Voice of Mongolia” шоуны бүртгэл ч явагдаж байсан. Тэгээд л шууд энэ шоунд орохоор шийдсэн дээ. Яг л цаанаасаа намайг заавал энэ шоунд ор гээд байгаа юм шиг санагдаад байсан.

-Танай удамд, ойр тойронд урлагийн авьяастай хүмүүс байдаг уу?

-Байгаа шүү. Эмээ маань Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуульд дуу хөгжмийн багш байсан. Харин манай аав ээж хоёр урлагт үнэхээр дуртай хүмүүс.

-Хэдэн наснаасаа хийл хөгжмөөр хичээллэсэн бэ?

-Зургаан настайгаасаа хойш хичээллэсэн. Би таван настай байхдаа л дуу гайгүй дуулчихдаг, төгөлдөр хуур дээр очоод зөнгөөрөө ая дарчихдаг хүүхэд байсан гэсэн. Тэгээд аав ээж маань намайг урлагийн хүн болох хүүхэд юм байна гээд алсдаа дуу дуулсан ч, хөгжим тоглох байсан ч аль алинд нь хэрэгтэй гээд хөгжмөөр сургахаар шийдсэн. Тэр дундаа хийл хөгжим хүнийг их төлөвшүүлж, сонсголтой болгодог. Хүний өөрийн дотоод хөг нь сайн хөглөгддөг гэх юм уу. Тэгээд л хийлийн ангид оруулж байсан гэсэн.

-Шүүгчдээс Укаг сонгож дараагийн шатанд өрсөлдөхөөр болсонд тань зарим үзэгчид шүүмжлэлтэй хандаж байх юм?

-Хүмүүс миний төлөө тэгж хэлж, бас анхаарал хандуулж байгаад би баяртай байгаа. Харин Д.Уламбаяр шүүгчийг хүмүүс яагаад тийм байр суурьтайгаар хүлээж авч байгааг мэдэхгүй байна. Би хүмүүсийн тийм хандлагыг мэдээд бага зэрэг гайхсан. Д.Уламбаяр шүүгч бол миний суудлыг нь эргүүлэхийг хамгийн их хүсч байсан хүн. Миний бодлоор яг энэ цаг үед Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт Ука шүүгч шиг хөдөлмөрч, дайчин, шаргуу хүн байхгүй. Дээрээс нь би түүнийг тайзан дээр үнэхээр гал цогтой, бадрангуй эмэгтэй гэж харсан учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо хийсэн. Өөрийнхөө хувьд зөв сонголт хийсэн гэж бодож байна.

-Дуулдаг, хөгжим, тоглодог авьяастай хүмүүс олон. Энэ шоунд орох шийдвэр гаргахаас эхлүүлээд тайзан дээр гарч, тэгээд шүүгчдийн сэтгэлийг татна гэдэг бүхэлдээ маш том даваа, хүнээс асар их эр зориг шаардсан үйл явдал гэж ойлгож болох уу?

-Анх тэмцээнд бүртгүүлээд орохдоо бол зүгээр л “Дуулъя” гэж бодсон. Цаашаа явж чадах, амжилт гаргах эсэх нь ч чухал биш зүгээр дуулъя л гэж бодож очсон. Гэхдээ яг тайзан дээр гарах дөхөөд ирсэн чинь бүх юм надад бодитоор мэдрэгдэж эхэлсэн (инээв). Тэр уур амьсгал, эргэн тойрны бүх юмс надад энэ бол том даваа, том хариуцлага гэдгийг мэдрүүлээд байх шиг санагдсан. Зүгээр л урагшаа хараад өөрийнхөө хийх зүйлийг л хийчихээд гараад ирнэ дээ гэж бодож байсан чинь тайзнаас бууж ирсний дараа “Хөөх энэ чинь үнэхээр том даваа юм байна. Одоо цаашид би улам хичээх ёстой юм байна” гэдэг бодол орж ирсэн. Үнэхээр хүнээс анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэл, зориг ч гэсэн шаарддаг юм билээ.

-Дараагийн шатныхаа үзүүлбэрт хэрхэн бэлдэж байгаа вэ?

-Дараагийн шатанд ямар хүнтэй таарахаа мэдэхгүй байгаа болохоор их сандралтай, түгшүүртэй байгаа. Өрсөлдөх хүнээ мэдсэний дараа бидний дуулах дууг шүүгч хэлж өгөх байх. Ямар дуу таарах бол оо, ямар хүнтэй өрсөлдөх бол гээд л. Тэрийгээ хурдан мэдчихвэл хурдхан шиг бэлдмээр байна.

-Та ихэвчлэн ямар төрөл жанрын дуу сонсдог вэ?

-Ер нь бол надад гоё мэдрэмж өгдөг дууг л сонсдог. Ямар нэг төрөлд баригдах дургүй. Багаасаа жазз, рок, поп гээд төрөл жанр хамаагүй бүх л таалагдсан дуугаа сонсдог байсан. Гэхдээ амьд хөгжим, жазз хөгжмийг түлхүү сонсдог.

-Өдөрт хэдэн цагийг хийл хөгжимдөө зориулдаг вэ?

-Мэргэжлийн хичээлтэй өдрөө бол өдөржингөө л хийлээ давтдаг. Өдөрт бараг 12 цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг. Өглөөний цагаар ерөнхий эрдмийн хичээлдээ суугаад үргэлжлүүлээд хийлээ давтдаг.

-Манай мундаг хийлчид таныг энэ шоунд ороод шүүгчдээс өндөр үнэлэлт авахад ихэд магтаж, өөрсдийн байр сууриа илэрхийлж “Энэ чинь л хийлч хүний чадвар байхгүй юу” гэсэн байна лээ?

-Мэдээж тэр хүмүүст маш их баярлаж хүлээж авсан. Ямар ч байсан хийл хөгжим тоглодог хүнээс гарах ёстой чадвар, давуу талаа гаргаж чадсан л юм байна гэж бодсон.

-Хэрвээ энэ шоунд ялбал та яах вэ?

-Сайн мэдэхгүй байна. Бүх зүйл дөнгөж эхэлж байна. Оролцогч нарын дунд, Ука шүүгчийн багт ч гэсэн мэргэжлийн дуучид, тайзан дээр олон жил дуулсан хүмүүс, мундаг мэдрэмж чадалтай хүмүүс орж байна. Тийм болохоор би шоунд түрүүлэх эсэх тухай бодохгүй байгаа. Одоохондоо өөрийнхөө алдаа дутагдлыг засаад шүүгчээсээ зөвлөгөө аваад өөрийгөө цааш нь хөгжүүлье гэж л бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *