Categories
мэдээ цаг-үе

Би бага балчраасаа л цагаан сарын банш чимхсэн дээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Дашдондовын цагаан сарын тухай бичил дурсамжийг хүргэж байна.

Цагаан сар дөхөөд ирэхээр монгол хүн бүрийн сэтгэлд урь ордог доо. Бас бага насны дурсамж сэргээд цаанаа л нэг эервүү. Аав ээжүүд үр хүүхдээ бага гэж гололгүй цагаан сарын бэлтгэл ажилдаа туслуулна. Ус, цас, мөс, түлээ түлшээ базаахаас л эхэлнэ. Хамгийн гоё юм бол банш чимхэх. Дөрөв тавтайгаасаа л баншны гурил бөөрөнхийлөх, хавтгайлан элдэх зэрэгт оролцдог байлаа. Ганц нэг банш чимхүүлэхэд их урамшдагсан. Хүүхдэд таарсан хөөрхөн элдүүр, гурилын модтой айл ч зөндөө. Манай Олонбулагийн айлууд хүүхэд олонтой байж дээ. Багачуул ах эгч нараа дагаад л багаасаа ажлын дөртэй болчихдог л доо. Банш чимхэх мэтийн ажлыг эцэг эхдээ хүргэж байгаагүй санагдана. Мэдээж багачуул баншны гурил элдэх, чимхэх гэж хөгийн л юм хийдэг байсан хэрэг. Хэлбэр галбир тааруу, нимгэн зузаан адилгүй, боль боль гэмээр юм хийлээ ч ах эгч нар түүнийг нь төвөгшөөж, голж шилэхгүй, бага зэрэг засаад л болгочихно.

Аав ээж ч болж байна, овоо шүү дээ гэж хөөргөж, урам өгнө. Элдсэн гурил, чимхсэн баншаа эгнээ эгнээгээр нь тоолсоор байгаад сургуульд орохоосоо өмнө тоо тоолоод сурчихдаг байлаа. Тэр үеийн Цагаан сараар банш чанадаг байв шүү дээ. Одоогийнх шиг олон давхар жигнүүр байсангүй. Тийм болохоор бууз хийдэггүй байв. Ээж минь тогоо дүүрэн банш чанаад шүүрэн шанагаар шүүж гаргаад л таваглана. Усанд юм уу, яс, махны шөлөнд чанадаг байсан. Баншаа шагайн чинээ шар тостой аяганд хийж өгнө. Баншиндаа зэрлэг сонгино хийдэг болохоор уур савссан баншнаас хурц содон үнэр гэр дүүрэн хан хийгээд л. Цагаан сарын боов хийхэд ч хүүхдүүдээ гололгүй оролцуулна. Хэвэнд дарахаар бэлдсэн гурилыг элдүүлнэ. Бэмбий хийх гэдэгсэн. Нухаад бай, сайн нухвал боов сайхан болно гэж онгиргоод л нухуулаад байна. Боовны хэвэнд ганц нэгийг даруулж магтан урам өгнө. Ганжин буюу гурилын элдүүрийн нэг үзүүрийг бүрэн бөөрөнхий гурил дарж пөмбийлгөөд оройгоос нь эхлэн хайчны үзүүрээр бяцхан хайчилж сөртийлгөхөд самрын боргоцой хэлбэртэй болно.

Гарын дүйтэй гээд надаар тийм боргоцой хийлгэхэд их л урамшдагсан. Хэлбэрийг нь алдагдуулалгүй боовтойгоо хамт тосонд чанаад гаргахад шаргалтсан сайхан боргоцой болно. Түүнийгээ тавгийн идээний хамгийн дээр шар тосоор мялаан тавихад гоё харагддагсан. Цагаан сарын хэвийн боовтой хамт хүүхдийн хувь гэж жижиг дугуй боов хийнэ. Дугуй боовны хөөрхөн дугуй хэв айл бүхэнд байсан санагдана. Золгуутаар ирэх хүүхдийн тооноос дутаалгүй тийм дугуй боов олныг хийдэг байсан даа. Айл хэсч золгуут хийх хүүхдэд нэг тийм дугуй боовон дээр хэд гурван чихэр, ёотон тавьж өгөх тул хүүхэд бүр даавуун ууттай явдаг байлаа. Тэмээнийхээ урд бөхнөөс уутаа зүүсэн хүүхдүүд бөөн бөөнөөрөө айл хэсч боов цуглуулан шуугилдан явцгаах хөгжилтэйсэн. Харин 1960 оны үеэс цагаан сарын бэлгэнд нимгэн дэвтэр харандаа өгдөг болж билээ. Сургуульд орсонтой минь холбоотой дэвтэр, харандаа өгч байсан байж ч мэдэх юм. Нимгэн дэвтэр гэдэг нь 12 хуудастай, 12 мөнгөний үнэтэй дэвтэр, л дээ. Овоо ч хэдэн дэвтэр харандаатай болчихно. Бас л гоё байдагсан.

Битүүний урд орой гэр орноо цэмбийтэл цэвэрлэх нь ёс. Хот хороогоо ч цэмцийлгэнэ шүү дээ. Айл бүрийн тооноор уур савсаж гэрэл гэгээтэй сүлэлдэн халуун бүлээн мэдрэмж төрж, айсуй цагийн урин дулааныг урин дуудаад л. Айл аймаг, ахан дүүс битүүлгээ солилцох бас л сонин юмны нэг байсан билээ. Шинийн нэгний өглөө эртлэн босч шинэ дээл хувцасаа өмсөөд, аав ээждээ үнсүүлэн золгох шиг баяр юусан билээ. Тэгээд хот айлынхаа хамгийн ахмад настныдаа орж золгоно. Амны билэгтэй үгийг ч ёстой л аялгуут шүлгээр цэцэлж гарна шүү дээ. Зарим хүн хариулт өгөх зай завсаргүй цэцэн үг цээжинд гэсэн шиг л урсгана. Цагаан сараар таагүй үг хэлэх, согтуурах, эвгүй зан гаргахыг ихэд цээрлэдэг байсан. Олон булагийнхан өвөлдөө голдуу тэмээ унадаг юм. Цагаан сараар шинэхэн гоёмсог тохоштой, ширээ ат унасан залуус дарвин хөөрч олуул нийлэн айл айлаар золгуут хийцгээхэд бушуухан том болж эдэн шиг ингээд л тэшүүлж явахсан гэж мөрөөдөх. Олонбулаг гэдэг маань яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханы шүлэглэн магтсан өнөөх сайхан нутаг шүү дээ.

Олонбулагийнхан амар мэндээ аялгуут шүлгээр эрж, хол ойрын сониныг холбоо шүлгээр хэлэлцдэг бэлэн цэцэн хүмүүс, ажилсаг гэдэг нь ч багын зан. Тийм болохоор Мөнхөөгийн Билэгсайхан цэцэн билэгт шүлэгч байхаас ч яах билээ. Энэ өвөл Хар азаргын болон Хантайширын их нурууны хооронд сунайн тогтсон Халиуны хоолой, Олонбулаг маань хөндийгөө даган маарлаад сүрхий хүйтэрч буй дуулдана. Гэлээ ч ажилсаг малчин түмэн маань онд мэнд орж дэлгэр сайхан цагтай золгох нь дамжиггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *