Categories
мэдээ нийгэм

Г.Билгүүн: Монгол Улсад анхны үндэсний олон улсын баталгаажилтын компани төрлөө

Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн 166 орны зах зээлд гарч өрсөлдөх зам нээгдэж байгаа сайхан мэдээг дуулгая. Манай бизнесийнхнийг гадаад ертөнцтэй холбох гүүр болсон ISO стандартын баталгаажилтыг үндэсний “МонСертф” компани олгодог болно. Энэхүү эрхийг Олон улсын итгэмжлэлийн байгууллага хэн дуртайдаа олгодоггүй нь ойлгомжтой. Тиймээс тус байгууллагын жинхэнэ гишүүн Казахстаны үндэсний итгэмжлэлийн төвийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай оронд ирж “МонСертф” компанийн үйл ажиллагаа, чадамжийг нь нэг бүрчлэн шалгаж, танилцсан байна. Тэд ажлаа дүгнэн ярихдаа “Өнгөрсөн онд Казахстаны үндэсний итгэмжлэлийн төвд “МонСертф” компаниас удирдлагын менежментийн тогтолцоогоор олон улсын итгэмжлэл хийлгэх хүсэлт гаргасан юм. Бид хүсэлтийг хүлээн авч хоёрдугаар сарын 7-9-ний өдрүүдэд итгэмжлэлийн байгууллагын олон улсын ISO17021:2015 стандартын дагуу тус компанийн чадавхи, байгууллагын ажиллах хүчин болон менежментийн чанарын тогтолцоог шалгалаа. Тус компанийн бүх баримт бичгийг гурав хоногийн турш шалгаж үзээд шинжээчийн эцсийн дүгнэлтээ хэлэлцээд “МонСертф” компани нь олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж даган мөрддөг болохыг тодорхойллоо. Шалгалтын явцад том үл тохирол илрээгүй. Харин нийт зургаан дунд болон хоёр зөвлөмжийн чанартай үл тохирол анзаарагдлаа. Засах шаардлагатай үл тохиролд зориулж 10 өдрийн хугацаа өгсөн. Тайлан бэлэн болсны дараа бид бүхэн Баталгаажуулах комисстоо материалыг нь өгөх болно. Эерэг шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэ компанид хамт олон нь бүрдэж тогтсон байна. Залуу боловсон хүчин ч байна, ахмад туршлагатай ажилтнууд ч байна. Ялангуяа компаний ерөнхий захирал Г.Билгүүнд удирдан манлайлах, олон улсын хэмжээний эксперт болох чадвар бүрэн байна. Бидний хийж буй итгэмжлэл, олгож буй гэрчилгээ Монголын экспортод чиглэгдсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргах боломжийг бүрэн бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“МонСертф” компанийн Ерөнхий захирал Г.Билгүүнтэй ярилцлаа.

-Сая Олон улсын итгэмжлэлийн байгууллагынхан ирж танай үйл ажиллагааг шалгахдаа зургаан дунд үл тохирол илэрсэн гэсэн байна л даа. Ер нь үл тохирол гэж юуг хэлээд байгаа юм бэ?

-Бид Монголын аж ахуйн нэгжүүдэд аудит хийж, баталгаажуулдаг. Тухайн байгууллага үнэхээр стандартын дагуу үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэдгийг жишээлбэл, ISO9001:2015, ISO19011 гэсэн стандартаар шалгадаг байгаа. Харин биднийг аудит хэрхэн хийж байгааг Олон улсын итгэмжлэлийн байгууллага давхар дэлхийн ISO17021:2015 гэсэн стандартаар шалгасан. Энэ стандарт нь дотроо бүлгүүдтэй байдаг. Хэрэв тэр шаардлагаас аль нэгийг нь манай байгууллага мөрдөөгүй бол үл тохирол гарна. Өөрөөр хэлбэл, үл тохирол гэдэг бол алдаа юм. Дотроо том, дунд, жижиг үл тохирол гэсэн гурван ангилалтай. Бага үл тохирол нь зөвлөмжийн маягтай. Сайжруулалт хийхийг зөвлөдөг. Ерөнхийдөө процессын алдаагаа аудит хийх явцдаа газар дээр нь засч, сайжруулачихлаа. Дунд үл тохирол нь гаргасан алдаагаа засах тодорхой хугацаа өгдөг юм. Харин том үл тохирол нь ямар ч найдлагагүй, шууд шалгалтандаа унана гэсэн үг. Саяын шалгалтаар манай компанид том үл тохирол илрээгүйд их баяртай байна.

-Казахстаны үндэсний итгэмжлэлийн байгууллагын өгсөн арав хоногийн хугацаанд дунд үл тохиролоо арилгачихвал олон улсын баталгаажуулалтын эрхээ албан ёсоор авна биз дээ?

-Тийм ээ. Манай компани дээр гарсан үл тохирлуудыг бид нааштайгаар хүлээж авч байгаа. Олон улсын үнэлгээ гэхээсээ илүүтэйгээр байгууллагын сайжруулалт гэж харж байна. Ингэснээр манай компани улам чадваржина. Цаад үр дүн нь манай хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд байнгын сайжруулалт хийгдээд явах юм. Энэ бол том давуу тал.

-“МонСертф” компани хэдэн онд байгуулагдсан юм бэ. Та бүхэн олон улсын итгэмжлэлийн байгууллага болохын тулд хир их хугацаа зарцуулав?

-Манай компани 2016 оны нэгдүгээр сарын 28-д байгуулагдахдаа л олон улсын баталгаажилтын байгууллага болно гэсэн том зорилго тавьсан. ISO стандартын баталгаажилтыг аж ахуй нэгжүүдэд өгөхийн тулд бид өөрсдөө олон улсын стандарт мөрдөнө. Иймд нэн түрүүнд боловсон хүчнээ бэлдэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд туршлагатай 30 аудиторыг сургаад, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, бүртгэлийн процессыг нь явуулаад баталгаажуулсан. Бид бүхэн гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд Туркийн “АНКА глобал” консорциум, Францын “AFNOR” групп, БНХАУ-ын “UICC” групп зэрэг олон улсын баталгаажилтын байгууллагатай хамтран ажилладаг. Гэрээний дагуу AFNOR группийн нэрийн өмнөөс таван байгууллагад аудит хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн долоон гэрчилгээг олгоод байна. Энэ хэрээр манай аудиторууд бэлтгэгдэж, зэрэг нь ч өссөн байгаа. “МонСертф” компани өнгөрсөн жил үндэсний итгэмжлэл авсан. Ингээд олон улсын итгэмжлэл авахад бэлэн болсон гэж үзээд 2017 оны есдүгээр сард Казахстаны үндэсний итгэмжлэлийн байгууллагад хүсэлтээ тавьсан. Тэд манай компанийг зургаан сарын турш судалж, сая шийдвэрээ гаргалаа. Энэ хугацаанд бид бүх журмуудаа олон улсын стандартад нийцүүлэхийн тулд идэвхтэй бэлдсэн. Нөр их хүч, хөдөлмөр орсон. Нийт зургаан ажлын хэсэг гаргаж, хоёр жил бэлдсэн ажил маань үр дүнгээ өгч байгаад үнэлгээний баг хамт олондоо баярлалаа.

-Танай компани олон улсын ISO стандартын гэрчилгээг олгож эхэлбэл Монголдоо анхдагч нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, үндэсний хэмжээнд олон улсын баталгаажилтын байгууллага төрчихлөө гэсэн үг. Баталгаажилтын хувийн салбар Монголд ерөөсөө хөгжөөгүй. Тиймээс манай компани салбартаа түүчээлэн ажиллана. Хоёрдугаарт, чанарын дэд бүтэц бий болно. Ингэснээр Монгол аж ахуй нэгжүүд ISO стандартыг олон улсын, гадаадын байгууллагаас биш дотоодоос авах боломж бүрдэж байна. Гуравдугаарт, монгол аудиторууд олон улсын стандартын дагуу үндэсний компаниар баталгаажуулдаг болох юм. Ингэснээр олон улсын ISO гэрчилгээг хямд өртгөөр авах боломжтой. Урьд нь ISO гэрчилгээг гаднын хүн хийдэг байсан бол одоо Монгол аудитор хийдэг болсон байгаа. Урьд нь гадагшаа роялти төлдөг байсан бол Монголдоо татвар төлөгддөг болсон. Гаднын аудитор цалин авдаг байсан бол монгол аудитор цалин авна.

-Тэгэхээр гаднын байгууллагаар баталгаажуулж ISO стандарт авахын тулд ямар үнэ хөлстэй байдаг юм бэ?

-Манай менежмент сайтай компаниуд ISO стандартыг авсан байдаг. Тэд гаднын байгууллагад 10-30 мянган ам.долларыг төлдөг. Харин Монголдоо үндэсний баталгаажилтын төвтэй болсноор энэ мөнгө 4-5 дахин хэмнэгдэнэ. Орчуулгын зардал байхгүй болно. Олон улсын баталгаажуулалтыг авна гэдэг бол манай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хувьд хүнд. Нэг удаа баталгаажуулалт аваад гэрчилгээтэй болно гэдэг нэг асуудал. Харин энэ гэрчилгээгээ жил бүр баталгаажуулах ёстой. Тэгэхээр дахиад л гаднын баталгаажилтын компани авчирч, өндөр зардал гаргах хэрэгтэй болдог. Жил болгон гаднын аудитор нь өндөр өртөгтэй томилолтоор ирдэг. Тэр нь урт хугацаатай байх юм бол ISO стандартын гэрчилгээ нь тухайн компанид экспорт хийхэд нь нэмэр болно гэхээсээ илүү нэрмээс болоод байсан талтай. Энэ асуудлыг “МонСертф” компани дотооддоо шийднэ. Аж ахуйн нэгжүүдэд хэлэхэд одоо гадагшаа гаднын аудиторуудыг шүтдэг цаг ард хоцорч байна.

-Өмнө гаднын байгууллагын баталгаажилтаар ISO стандарт авсан үндэсний компаниуд жил бүрийн сунгалтаа танайхаар хийлгэж болох уу?

-Олон улсынхаа гэрчилгээнүүдийг шууд “МонСертф”-рүүгээ шилжүүлж болдог нөхцөл боломж бүрдлээ. Ингэж давхар үндэснийхээ аудиторуудыг дэмжих хэрэгтэй. Стандартууд адилхан.

-Танай компани ISO стандартыг баталгаажуулдаг болсноор Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн бүх орны зах зээлд саадгүй нэвтрэх боломжтой болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Одоо MNS стандарт ганцхан манай оронд хүчин төгөлдөр байгаа. Тэгвэл ISO стандарт дэлхийн 166 оронд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Урьд нь манайхаас MNS:ISO гэрчилгээ авсан компаниуд автоматаар 166 оронд хүлээн зөвшөөрөгдөнө. Хамгийн чухал нь гаднын хөрөнгө оруулалтыг татах, гадагшаа IPO хийх боломжтой.

-Энэ салбарын боловсон хүчин хир хангалттай байдаг вэ?

-Стандартын салбарын мэргэжил маань дээд боловсролоор өгөгддөг биш. Хүмүүс энэ мэргэжлийг сайн дураараа сонгож суралцдаг байгаа. Хуучин цагт ЗХУ-д бэлтгэгдсэн туршлагатай боловсон хүчнүүд маань өнөөдөр тэтгэвэртэй гарчихсан байна. Гэхдээ аудиторуудын маань үс нь бууралтах тусам үнэ цэн нь нэмэгддэгээрээ онцлогтой салбар л даа. Залуучууд маань стандартыг харахгүй байна. Уг нь тэр чигээрээ зах зээл байгаад байдаг. Энэ салбарт орж ирээд үндсэн ажлынхаа хажуугаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитор болоод, зөвлөх, сургагч багш болоод явах бүрэн боломжтой.

Бидний хийсэн бас нэг том ажил бол бүртгэлийн системийг боловсронгуй болгож ашиглаж байна. Үндэсний хэмжээнд аудитороо сургаад, бүртгэлжүүлээд, баталгаажуулаад хүлээн зөвшөөрүүлэх процессыг явуулж байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээнд сургаад зөвлөөд, гэрчилгээжүүлээд, баталгаажуулдаг сургалтыг явуулж байна. Үүнийг “МонСертф”-ийн дэргэдэх Олон улсын стандартын академи танхимын сургалтаар байнга явуулж байгаа. Одоо онлайн сургалтад шилжихээр зорилго тавин ажиллаж байна. Хүн стандартын сургалтыг хүссэн үедээ хаанаас ч авах тэр боломжийг нь хангаж өгнө. Үндэсний болон олон улсын итгэмжлэлийн байгууллагууд биднийг үнэлээд чадвартай гэдгээ нотолчихлоо. Стандарттай монгол болохын төлөө манай байгууллага ажиллаж байна. Тиймээс Монгол Улсыг стандарт мөрддөг болгоё гэж уриалмаар байна.

-Танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

А.ДӨЛГӨӨН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *