Спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лхаажавын Цагаандалайгийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Тэрээр эхнэр хүүхдүүдийн хамт “Хурд” хотхонд гурван өрөө байранд амьдардаг юм байна. Урин цаг наашлах дөхөж л байна даа гэсээр бидний яриа эхлэв. Тэрээр “Би “Өдрийн сонин”-ы “Эх орон сумаас эхэлнэ” хэмээх буланг сонирхон унших дуртай байдаг юм. Угтаа эх орон гэдэг багаас, сумаас эхэлдэг гэж би боддог. Би өөрөө Дорноговь аймгийн Өргөн сумын хүн л дээ. Ноён хутагт Данзанравжаагийн зохиол бүтээлээ туурвиж байсан нутаг. Тэр дундаа манай Өргөн суманд Дулдуйтын хонд гэж бий. Хутагтын шид нь тодорсны гэрч болсон нутаг ус ч байдаг шүү. Манай нутгаас сэхээтнүүд ихээр төрөн гарсан байдагт бахархаж явдаг юм. Мөн чинхүү хөдөлмөрөөрөө гавьяат, баатар цол хүртсэн олон сайхан алдартнууд манай суманд бий. Түүний нэг нь миний аав, ээж хоёр юм. 1989 онд Монгол Улсын аварга малчин болж байсан түүхтэй” гэлээ.
Л.Цагаандалай гуай есөн хүүхэдтэй айлын гурав дахь нь. Хөвгүүдээсээ бол том нь аж. Айлын том хүү учир бага ахуйгаасаа л ээж, аавдаа тус дэм болж өсчээ. “1960-1980 оны хүүхдүүд Монголын хүн, мал өсгөхөд их тус хүргэсэн гэж би боддог юм. Яагаад тэр билээ гэж хүмүүс их гайхдаг л даа. Учир нь хүн бүл багатай айл нэгдлийн тэр их малыг маллана гэдэг тун бэрх. Тухайн үед таваас доош хүүхэдтэй айл тун цөөхөн байсан. Харин тэр хүүхдүүд чинь маш сайн ажиллах хүч болж, нэгдлийн малыг өсгөлцсөн хэрэг. Мөн дүү нараа ч харж хандана. Тэгэхээр хүн, мал өсгөхөд тухайн үеийн хүүхдүүд их тус хүргэсэн байгаа биз (инээв)” хэмээн тэрээр хуучилсан.
Түүний хувьд бага балчраасаа морь унах дуртай төдийгүй аавынхаа морь уях эрдэмд суралцаж өсчээ. Харин хамгийн анх хэрхэн морь унаж сурсан тухай сонирхон асуухад “Монголчуудын хүүхдээ морь унуулж сургах нь үе шаттай байдаг. Аав минь намайг багад моринд мордуулж байсныг бүүр түүрхэн санадаг юм. Айдсыг нь арилгаж, адуу малтай ойртуулж байгаа хэрэг л дээ. Дараа нь 1968 онд таван настайгаасаа хааяахан моринд мордуулаад, хөтлөөд явна. Түүнээс хойш хурга, тугалын бэлчээрт явуулдаг байв. Гэхдээ ганцааранг нь явуулахгүй. Ах, эгчийг нь дагуулаад л явуулна. Бусдын адил ингэж л морь унаж сурсан даа. Ингээд бодохоор монгол хүүхэд морь унаж сурна гэдэг нь одоогийнхоор системтэй сургалт л гэсэн үг. Хэдэн жилийн дараагаас аавтайгаа хамт морь унаж, уяад, уургалаад л эхэлсэн. 1975 онд тавдугаар ангидаа дүүтэйгээ хамт хоёр морь уяж, хоёуланг нь айрагдуулсан сайхан түүх ч бий шүү. Харин өвгөдийн хэлээр “Унаагаа бүрэн юүлчихдэг болох үедээ л” оюутны ширээнд суусан юм. Гэхдээ одоо ч гэсэн морио унахгүй байгаа хөдөөний залуучуудын хажууд хавьгүй илүү гэдэгтээ итгэлтэй байдаг” гэсэн юм. Ийнхүү моринд ойрхон өссөн нь түүнийг хүний сэтгэлийг огштол, самсааг нь шархиртал морь тайлбарлах үндэс суурь нь болж өгсөн нь дамжиггүй. Түүний хувьд ч “Надад чи морь ингэж тайлбарлана шүү гэж хэн ч хэлээгүй.
Харин морь тайлбарлахдаа бэлэн байсан гэж боддог. Үүнд аавтайгаа хамт морь уяж, унаж өссөн минь хамгийн их нөлөөлсөн. Мөн аавынхаа найз нөхөд, нутгийн хөгшдийн яриаг шимтэн сонсдог байсантай минь ч холбоотой. Багад ээж минь “Миний хүү хониндоо яв” л гэнэ. Нутгийн өвгөчүүл манайд ирчихээд сонин, хачин хууч яриа хөөрөлдчихнө. Би хонинд явахгүйгээр, тэдний яриаг сонсоод л суугаад баймаар санагддаг сан. Тэд тааруухан ярьдаг байсан бол хэн ч шимтэхгүй нь лавтай. Эргээд бодох нь ээ яг сэтгүүл зүйн зарчмаар ярьдаг байсан байгаа юм. Тухайлбал нэг морины түүх ярихын тулд тэдэн оны, тийм улиралд, тэднийхийг тэр бууцанд байхад гэж ирээд л. Тэр гуайг байхад гэж нутгийн нөлөө бүхий хүнийг жишээ татаж байж өнөөх түүхээ ярина. Маш олон гэрчтэй, эх сурвалжтай гэдгийг нь баталж байгаа хэрэг биз. Ийм яриаг сонсож өссөн учир адууны удам угшил, үүх түүхийг хамтад нь ярьж хэлж сурсан гэж боддог” хэмээсэн юм.
Биднийг ийн ярих зуур түүний гэргий Г.Бямбацэрэн гэж зөөлөн дуутай, намбалаг эмэгтэй хоол, цай барилаа. МУБИС-д тэнхимийн эрхлэгчийн алба хашдаг түүний хувьд нэгэн ном бүтээхээр бусадтай хамтран ажиллаж байгаа учир ойрын үед тун завгүй байгаа аж. Гэсэн ч сонины сурвалжлагчид ирэх нь хэмээн ажлаа хойш тавин, цай хоол бэлдсээр биднийг угтсан нь энэ юм. Тэрээр “Миний хувьд Говь-Алтай аймгийн хүн л дээ. Багшийн сургууль төгсөөд их сургуульд таван жил сурч төгссөн. Төгсөөд Багшийн сургуульдаа багшаар үлдсэн л дээ. Тэр цагаас хойш тасралтгүй 26 жил Монгол Улсын багшийн их сургуульдаа ажиллаж байна. 16 жил тэнхимийн эрхлэгчийн албыг хашиж байгаа. Харин одоогоор эх хэлнийхээ эрдэмтэн мэргэдтэй хамтарч зөв бичих дүрмийг журамлах толь боловсруулж байна. Дэлхийн жишигт нийцсэн толь бичгүүдийг харж байгаад өвөрмөц толь гаргахаар зэхэж байгаа” гэсэн.
Л.Цагаандалай гуайн хувьд эхнэртэйгээ мөн адил МУБИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр дүүргэсэн. Энэ нь түүний бага ахуй цагаасаа түүх, утга уран зохиолд сонирхолтой байсантай холбоотой аж. “Лхаажав гэдэг айл 1970 онд Цагаандалай гэдэг хүнийг сургуульд сургахын тулд гэрээрээ сумын төв рүү нүүж байлаа шүү дээ. Суманд ойрхон буусан юмдаг. Эхэндээ сургууль руугаа морьтой явдаг байлаа. Сүүлдээ ч морь хураагдсан л даа. Өргөн сумын одоогийн цементийн үйлдвэр байгаа дэнж дээрээс сургууль руугаа гүйдэг болсон. Харин хоёрдугаар ангиасаа эхлээд сургуулийнхаа дотуур байранд амьдарч эхэлсэн. Ээж, аавтайгаа улиралд л нэг удаа уулздагсан. Одоогийн хүүхдүүд төсөөлөхөд бэрх л дээ. Миний хувьд түүх, монгол хэлний хичээлдээ их сайн. Тоондоо төдийлөн сонирхолгүй. Харин тавдугаар ангид орсон жил ээж маань тоонд нь сайн болгоно гээд Эрдэнэ сум руу нагац ах болох Монгол Улсын гавьяат багш Б.Бадарч руу явуулдаг юм байна. Бадарч ах их чанга багш л даа. Миний тоонд дургүйг ч хэлэх үү, “Тунгалаг тамир” уншаад л суучихна. Ах сүүлдээ “Тунгалаг тамир”-ыг минь ч хурааж авлаа. Даалгавраа хийгээгүй бол унтаж байсан ч хамаагүй босгож ирээд л тоо бодуулна. Харин зургадугаар ангид орох жилээ Бадарч ах намайг “загнадаг” гэж ээж, аавдаа худал хэлээд л зугтаасан. Наймдугаар ангиа Өргөндөө төгссөн л дөө. Төгсчихөөд хөдөөний хүн болохоо дөхсөн шүү. Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн хэрэг. Нутгийн ах нар илгээлтийн эздээс л мал эрж сурдаг байв. Уг нь бол надаас нэг жилийн өмнө л төгссөн хүүхдүүд байгаа юм. Гэтэл тэднийг нутгийн ах нар, өвгөд жигтэйхэн тооно. Өнөө илгээлтийн эзэд чинь гутлынхаа түрүүг эргүүлчихээд л орой үдшийн үзвэр үзнэ, том хүмүүсийн хажууд тамхи татна.
Цэргээс ирсэн ах нар бүр ч тэнгэрийн амьтад. Шинэ мотоцикль уначихсан, өргөн бүс бүслээд, хороомон гутал өмсчихсөн. Тэднийг харахаар л хөдөө эрх дураараа их гоё юм байна. Хөдөө л гарсан нь дээр юм гэж бодогдоод л. Эд нар шиг л хөдөө гарч, цэрэгт явъя гэсэн хүсэл дүүрэн. Тухайн үед ангиараа ч илгээлтээр гардаг байлаа л даа. Гэтэл улс даяар тэр жил нэг ч хүүхэд ХАА болон үйлдвэрлэл дээр гаргаагүй юм. Тэр бол 1978 оны төгсөлт юм. Бүгдийг нь ямар нэгэн сургууль төгсгөсөн. Ингээд 1978 оны наймдугаар сарын 16-ны өдөр оюутан болохоор гэрээсээ гарч байлаа. Ингэж л Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчинг анхлан бэлтгэсэн эрдмийн өргөө болох Багшийн сургуулийн өндөр босгыг давсан даа. Энэ сургуулийг Монголын сор болсон сэхээтнүүд болох Л.Түдэв, П.Хорлоо, Д. Цэвэгмид, Х.Баянмөнх, Н.Жанцанноров, Б.Шарав нар төгссөн байдаг. Багшийн сургуулийн жинхэнэ алтан үеийнхэн Б.Осор, Б. Сэвжид, Өлзийханд, Д.Батбаяр, А.Улаантөмөр, Г.Лхаахүү тэргүүтэй эрдэмтэд бидэнд хичээл зааж байсанд туйлаас олзуурхдаг юм. Тиймдээ ч багшийн мэргэжлийг чамгүй эзэмшсэн гэж боддог. Мөн сэтгүүл зүйн салбарт муугүй явахад минь их нэмэр болж байна даа” гэлээ.
Эх хэлээ эзэмшинэ гэдэг зөв сайхан бичиж, дүрэм цээжлэхээр хязгаарлагдахгүй. Айлд ороод хүнтэй зөв мэндлэх, янз бүрийн ааш, араншинтай хүмүүсийн эвийг нь олоод ажил, төрлөө бүтээчих зэрэг нь эх хэлээ муугүй эзэмшсэн хүний л хийж чадах зүйл хэмээн тэрээр онцлон хэлсэн.
Түүний хувьд Багшийн сургуулиа төгсөөд төрөлх сумандаа нэг жил багшилжээ. Аймгийнхаа эвлэлийн хороонд ч ажиллаад амжсан байна. Улмаар цэргийн албанд мордож, гурван жилийн алба хаажээ. Харин халагдах жилээ амьдралынхаа ханийг олсон байна. Энэ тухай гэрийн эзэгтэй “Цагаандалайгийн цэргийн рот, манай ангийнхан хамтран “АСТ” зохион байгуулсан юм. Тэгж л анх танилцаж байлаа. Гал голомтоо бадраагаад хэдийн 33 жил болжээ” хэмээн дурссан.
УБДС-ийн оюутан Л.Цагаандалай 1989 оны өвөл идэр есийн жавар тачигнаж байхад эхэлсэн ардчилсан хувьсгалын анхны жагсаал цуглаан, уулзалтуудад оролцож, түүний манлайд нь явсан гэдэг. Мөн МоАХ-ны анхны их хурлын төлөөлөгч. Гэргий Г.Бямбацэрэн “Ер нь манай хүн төдийгүй Дарь.Сүхбаатар маань тэргүүлээд манай Багшийн дээдийнхэн ардчиллын анхны дууч, тэмцэгчид байсан шүү. Би ч ханьтайгаа хамт жагсаал, цуглаанд давхар биетэй хэрнээ л оролцоод явдаг байлаа” гэв. Энэ тухай Л.Цагаандалай гуай “Багшийн дээд сургуулийн Түүх нийгмийн багшийн ангид орохоор элсэлтийн шалгалт өгсөн юм. Манай нутагт нийгмийн ухааны шалгалтыг нэг хууз сахалтай нөхөр авахаар ирсэн байлаа. Түүнийг МУИС-ийн багш С.Зориг гэдэг хүн гэж дууллаа. Хэдхэн сарын дараа эхлэх Ардчилсан хувьсгалын удирдагчид шалгалт өгч байснаа тухайн үедээ яаж мэдэх вэ дээ. Ингээд л дахин оюутны ширээнд суулаа. Өвөл нь оюутны амралтаар хадмуудтайгаа танилцахаар Алтай нутгийг зорилоо доо. Яг тэр үед Ардчилсан холбооныхон ч аймаг бүрт очиж уулзалт, цуглаан хийж байлаа. МоАХ-ны анхны зүтгэлтнүүд болох талийгаач Б.Галсандорж багш, “жижиг” хэмээх Д.Болд нартайгаа Говь-Алтай аймгийн засаг дарга Б.Пүрэв гэдэг хүнтэй бидний хэдэн нөхөд очиж уулзсан. Биднийг хүлээж авч уулзан, Алтай чуулгын байранд уулзалт хийхийг зөвшөөрч билээ. Энэ хүн маань Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Пүрэв генерал байсан юм шүү дээ. Ингээд л бодохоор Монгол Улсаа бусдын хараат байдлаас гаргах, үндэс угсаагаа сэргээх эрхэм зорилготой цагаан морин жилийн хувьсгалыг монголчууд дээр дооргүй халуунаар талархан дэмжиж байсан нь илт байдаг юм. Хурлын үеэр нутгийн ард иргэд дэмжих нь дэмжиж, бас шүүмжлэх нь шүүмжилж л байлаа. Харин нүүрний эгнээнээс хүрэн минчүү дээлтэй, шар дурдан бүстэй, өндөр бор залуу босож ирээд “Бид Говь-Алтай аймгийн Ардчилсан холбооныхон байна” гэж билээ. Тэр хүн нэрт сэтгүүлч Б.Галаарид минь байсан. Ингэж анх нэгэн хүсэл зорилгын төлөө нэгдэж, танилцаж байлаа даа. Жагсаал цуглааны үеэр миний үг хэлж байсан ганц, нэг бичлэг үлдсэн юм билээ. “Нэгдэлд мал хариулсныхаа хариуд авсан хөлсөөр миний ээж өрөөсөн гутал ч худалдаж авч чадахгүй байна” гэж ярьсан. Үнэхээр тийм л байсан даа. Энэ өндөрлөгөөс харахад үнэхээр сайхан байсан нийгмийг ийм болгочихсон гэвэл үгүй шүү. Би үүнийг хатуу хэлнэ. Ямартай ч би ардчилсан хувьсгалд оролцсноороо үнэхээр их бахархдаг юм” гэж хуучилсан.
Түүний хувьд 1992 оноос эхлэн МОНЦАМЭ агентлагт ажиллаж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбарт амьдралаа холбожээ. Төрийн соёрхолт Б.Догмид багш нь түүнийг хэвлэл мэдээллийн салбар луу хөтөлсөн байна. Шүлэг, өгүүлэл бичдэг учир түүнийг чадна хэмээн итгэсэн нь дамжиггүй. “Догмид багшийнхаа хэлснээр би МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн хэлтсийн дарга Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Б.Бямбаа гэж ахтайгаа очиж уулзсан юм. Хувьсгалын музей рүү ороод мэдээ бичээд ир л гэж байна. Сонирхолтой зүйл юу байж болох вэ гэж их л бодлоо. Тайлбарлагчид нь ч үнэн учраа хэллээ. Гэтэл бурхан шашны зан үйлд ашигладаг “ганлин” гэх хөгжмийн сонин хачинг ярьж өглөө дөө. Эмэгтэй хүний шууны ясаар хийсэн хөгжим юм байна. Тэр тухай нь ч бичээд Б.Бямбаа ахад өглөө. Уншиж үзээд “Маргааш өглөө 11:00 цагт хүрээд ирээрэй” л гэв. Намайг явсны дараа “Би ойрд ийм мэдээ уншаагүй юм байна. Энэ хүүхдийг би ажилд авна” гэсэн гэдэг. Ингэж л МОНЦАМЭ агентлагтай амьдралаа холбосон түүхтэй юм” гэв. Харин тэрээр 1996 онд “ММ” агентлагт сурвалжлагчаар орсон байна. Ийнхүү телевизийн салбарт 22 жилийн турш тасралтгүй ажиллаж буй нь энэ ажээ.
Эднийд морины хазаар, цулбуураас эхлээд морьтой холбоотой дурсгалт зүйлс ч цөөнгүй байх аж. Тэр бүхнийг ихэд дээдлэн залсан байгаа нь молор эрдэнэ хэмээгддэг морио хэрхэн хүндэлдэг нь мэдэгдэх биз ээ. Энэхүү соёлыг түгээх их үйлс нь түүний ажлын нэг хэсэг төдийгүй, хүсэл зорилго нь болжээ. Ажлын нэг хэсэг хэмээн онцолсон нь тэрээр “Адуучин” нэвтрүүлгээрээ хэдийнэ морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж буй билээ. “Адуучин” нэвтрүүлэг бол хэн нэгний зохиол бол биш. Морьтны соёлыг цогцлоосон монголын ард түмний хэдэн мянган жилийн өмнөх зохиол байхгүй юу. Намайг үзэгч байхад ч “Адуучин залуучууд”, “Адуучид” гэсэн нэртэйгээр гардаг л байсан. Сүүлдээ телевиз рүү орж ирээд үндэсний спортын нэвтрүүлэг хийдэг болоод “Адуучин” нэвтрүүлгийг бүр баяжуулж хийхээр шийдсэн. Хамгийн гол нь олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн сүлжээнд оруулж чадсанаараа бахархдаг. Нэвтрүүлгээс гадна эмзэглэж явдаг нэг зүйл бий. Монголчууд бидний олон мянган жилийн түүхтэй морьтны соёл алдагдаж байгаад харамсдаг юм. Миний хувьд сүүлийн арваад жилийн турш энэ л толгойны өвчин болж байна. Морьтны соёл гэдэг нүүдэлчдийн соёлынхоо цөм нь байдаг. Үүн дээр л нүүдэлчдийн соёл оршдог. Үүнээс улбаалан монгол хүний үндсэн хөдөлгөөн, амьдралын хэвшлээс урган гарсан тэсвэр тэвчээр, ой санамж, оюун ухааны цар хүрээ, харааны баримжаа зэрэг алдагдаж байна. Бид үүнийг мэдрэх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ үүнийг эсэргүүцэж, хурдан морьдын уралдааныг өөр нүдээр харж байгаа хүмүүс тэрхүү ач холбогдлыг хэр мэддэг билээ гэж бодогдох үе ч цөөнгүй гардаг. Эрсдэл, эндэгдлийг тэр соёлын буруу мэтээр хараад байгаад учир бий. Морьтны соёлыг авч явах гэсэн хүмүүс байгаад зогсохгүй, ард түмнийг баясгаад байхад шүү дээ. Огт баясгадаггүй байсан бол хүмүүс үүнийг орхичих л байсан. Хүний эрхийн, хүүхдийн байгууллагын хүмүүс үүнийг хэр мэддэг юм бол гэж асуумаар байдаг юм. Олон улсын хүүхдийн байгууллага, Хүний эрхийн комисс, НҮБ-ээс хүүхдийг морь унуулж, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна гээд байгаа юм. Тэгвэл тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь хэдэн кг ачаа өргөх, хэр урт хугацаанд ажиллахыг хэлээд байна вэ. Тийм стандарт байна уу гэхэд үүнд хариулах хүн байдаггүй шүү” гэж тэрээр өгүүлсэн. Түүний энэхүү бодолтой ч эхнэр нь 100 хувь санал нийлдэг байна. Мөн өөрийн салбарын зарим зүйлсэд ч шүүмжлэлтэй ханддаг аж. “Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрүүд үр дүнгээ өгч эхлээгүй байхдаа л ойр ойрхон солигдож байгаад сэтгэл дундуур байдаг. Эх хэлний үгнүүд солигдсон гэх цуу яриа гарч олныг төөрөгдүүлж байгаа нь ч цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Эцэстээ энэ бүхэн нь ихэвчлэн гадны байгууллагын дэмжлэгтэйгээр өрнөдөг нь хачирхалтай” хэмээн түүний гэргий өгүүлсэн. Л.Цагаандалай гуай “Бид хоёр Монголын баруун, зүүн хязгаараас ерөөлөөр учирч Хан уулын ар, хатан Туулын хөндийд бусдын л жишгээр амьдарч байна. Биднийг өдий зэрэгтэй явахад олон түмний итгэл, сэтгэл өргөж, аав ээжийн маань буян заяа түшиж яваа гэж боддог оо. Ер нь хүнээс илүү гарч ойлж цойлъё гэхээсээ илүү салбар салбарынхаа ачаанаас л чадлын хэрээр таталцаж, олны үйлийг эрхэмд үзэн хойш нь чангаахгүй юм сан гэж бодож явдаг. Хүүхдүүддээ ч ийнхүү захьдаг даа” гэв.
Л.Цагаандалай гуайнх хоёр охин, нэг хүүтэй. Мөн хоёр зээтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Том охин Ц.Хонгорзул нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын 10 метрийн гар бууны төрөлд түрүүлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан билээ. Удаах охин нь уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр суралцаж байгаа бол хүү Ц.Амарбаясгалан нь долдугаар ангийн сурагч юм байна. “Том охин маань долоон настайгаасаа л аавтайгаа хамт үндэсний сураар хичээллэж эхэлсэн. Хоёр сар сур харваад улсын наадамд түрүүлж байлаа. Нийтдээ хоёр удаа түрүүлж, нэг удаа шөвгөрч, тусгай байранд шалгарч байсан. Мөн буудлагаар багагүй амжилт гаргасан шүү. Спортоор хичээллэсэн нь бие хүн болж төлөвших, тэвчээр хатуужилтай болоход нь юу юунаас чухал нөлөөлсөн. Аав нь төрмөл авьяасыг нь анзаарч, хөгжүүлж чадсан гэж боддог юм” хэмээн гэргий Г.Бямбацэрэн нь ярьсан. Энэ гэрт аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэгч нь тэдний хоёр зээ аж. Уулзаагүй хэд хоночихсон болохоор санаж байна гэж жигтэйхэн. Зургаахан сарын зөрүүтэй хөөрхөн хоёр хүү бий хэмээн тэд хайрлан, өхөөрдөн ярьцгаалаа.
Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэгчээр биднийг хууч хөөрөн суух үед гэрийн эзний багын найз орж ирсэн юм. Л.Цагаандалай гуай найз Батболдыгоо “Манай том хүү орж ирлээ хэмээн” хошигноод амжив. Тэрээр “Манайд найзууд минь их цуглана. Зав л гарвал найзуудтайгаа эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялдаг. Хүйтний энэ үед зав зайтай бол орой үдэш хөзөрдөнө. Энэ мэт манайх хүн хөл ихтэй айл л даа. Урьд орон байрандаа орж амжаагүй байхад л ах дүү нарын минь хүүхдүүд хамт дагаад л явдаг байлаа. Эргээд бодоход урт богино хугацаагаар 40 шахам оюутан манайд амьдарсан байдаг юм. Одоо бүгд тусдаа гарчихсан сайхан амьдарцгааж байна. Бид хоёр үүнээс өөр юу хүсэх билээ” гэсэн юм.
Л.Цагаандалай гуайн хувьд хоёр жилийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цол хүртэж байсан. Энэхүү баярт мэдээг хэрхэн дуулж, догдолж байсан тухай нь асуухад “Долдугаар сарын 7-ны өглөө Дорноговьд азаргаа сунгасан юм. Миний хонгор азарга их хурдан байсан шүү. Тэр өдөр ч шагнал авч байгаагаа дуулсан. Зарлиг уншиж байх үед нэг их огшсон доо. Гэхдээ 1978 оны наймдугаар сарын 16-нд гарсан тэр гал голомтдоо очихдоо л хамгийн их огшиж, нүдэнд нулимс дүүрсэн шүү. Аав, ээжийн минь халуунд халж, хүйтэнд хөрж байсан он жилүүд, бага балчир насны дурсамж, дурдатгал бүгд л нүднээ үзэгдсэн. Дээлийнхээ нэг ч товчийг товчилж чадахгүй болтлоо л огшиж, сандарсан гээд бод доо. Энэ гавьяа шагнал бол морьтны соёлоо дээдэлдэг монгол түмний маань их хүндэтгэл юм” гэлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН