“Тусгай салаа” уран сайхны киноны Дэндэвийн дүрээр олонд танигдсан жүжигчин, дуучин Т.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би МҮОНТ-ийн Кино албанд ажилладаг шүү дээ. Орчуулгын кинонд ихэнх цагаа зарцуулж байна. Хувь уран бүтээл, дууны хувьд нэлээд хэдэн дуу шинээр хийлээ. Ирэх хавраас хуучин, шинэ дуунуудаа дүрсжүүлж цацахаар төлөвлөчихсөн байгаа.
-Таныг Дэндэв гэхээр л хүмүүс анддаггүй. Одоо ч таныг Дэндэв гэж дууддаг хэвээрээ юу?
-Хэвээрээ хэвээрээ. “Тусгай салаа” кино маань 2010 оны есдүгээр сарын 27-нд нээлтээ хийж байсан юм.
-Хэдэн ангитай билээ?
-60 ангитай.
-Тэр намар “Ааваа зорино” дуу тань ХИТ болж, шинэ жилээр та учиргүй их урилгад дарагдсан байх аа. “Өнөө Дэндэв чинь халтуур хийгээд саятан болчихож” гэж хүртэл сонсогдсон?
-Тухайн үед кино дэлгэцэнд гарснаас хойш би хүмүүсийн хувьд Эрдэнэбаяр биш Дэндэв болчихсон юм. “Ааваа зорино” дуу ч сонсогч, үзэгчдэд их хүрчихсэн байсан үе. Тэр жилийн шинэ жилээр урилга тасраагүй. Орой дөрөв, таван цагийн үед ажлаа тараад л цэрэг хувцсаа өмсч аваад урилгынхаа дагуу очиж дуулаад шөнө гэртээ 24, 01 цагийн үед орж ирдэг байлаа (инээв). Тэр үед миний талаар худлаа мэдээлэл их гарсан юм. “Дэндэв нэг дуугаа сая төгрөгөөр дуулж байна”, “1.5 саяар дууллаа” гэсэн дэгсдүүлсэн яриа их гарсан шүү. Би тэр үед нэг их үнэрхээд 500, 600 мянга, сая төгрөгөөр дуулж байгаагүй. Бусад дуучдын жишгээр л дуулсан. Их эрэлттэй байсан болохоор л миний талаар тийм дэгс яриа гарсан юм байлгүй.
Тэр дэгсдүүлсэн яриа нь явсаар нэгэн шар сонин дээр “Дуучин Т.Эрдэнэбаяр буюу Дэндэв шинэ жилээр дуулж 30 сая төгрөг олжээ” хэмээн гарч билээ. Тэр мэдээллийн мөрөөр татварын албанаас надтай холбогдож байцаалт авсан шүү дээ. Гэнэтийн орлого, ашгийнхаа 10 хувийг өг гэж. Би ч учир байдлаа тайлбарлаж тийм их хэмжээний мөнгө олоогүй гэсэн ч үгийг минь ойшоодоггүй. Тэгээд яахав би тэр үед цэнхэр дэвтэр нээлгээд сая хэдэн зуун мянган төгрөгийг татварт өгч байлаа.
-“Ааваа зорино” дуугаа одоо хэр дуулж байна?
-Дуулалгүй яахав. Миний ганц нэрийн хуудас шүү дээ. Хүмүүс “Дэндэв ээ, уулын бугаа урамдаарай” гэдэг ш дээ (инээв).
-Монголын дууны санд аавын тухай дуугаа үлдээж чадна гэдэг уран бүтээлч хүний хувьд том амжилт. Энэ дуу түмэнд хүрч, олны таашаалд хүрсний цаад нарийн учир чухам юундаа байсан юм бол оо?
-Манай буурал аавд зориулсан дуу л даа. Би өөрийгөө их азтай хүн юм даа гэж боддог юм. Миний буурал аавын буян заяа түшиж, хэдий бурхны оронд заларсан ч гэсэн намайг дээд тэнгэрээс ивээж зам мөрийг минь засч явдаг юм болов уу гэж боддог юм. Би Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг байлаа. Багаасаа драмын дугуйланд яваад нүүр хагарчихсан гэх юм уу даа, бусад хүүхдийг бодвол. Алиа марзан зантай, аав ээж, эмээ өвөөгөө алиалаад инээлгэчихдэг тийм хүүхэд байсан юм. Буурал аав минь тэр үед “Миний хүү урлагийн мундаг хүн болно доо” гэж ярьдаг байсан юм. Миний буурал аав тэр бодлоороо одоо ч хүүгийнхээ зам мөрийг тэгшитгэж засч яваа юм болов уу гэж дотроо бодож үргэлж залбирч явдаг юм.
Манай нагац ахын аавдаа зориулж зохиосон дуу юм шүү дээ, “Ааваа зорино” чинь. Нагац ах Л.Отгонцэнд маань одоо Төв аймгийн Цээл суманд амьдран суугаа. Мянгат малчин залуу бий.
-Та “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрд тоглосон. Өөр кинонд бараг тоглосонгүй?
-“Хөх толбот хүмүүс” кино маань Швейцарийн Фрибург хотноо зохион байгуулдаг олон улсын кино наадмаас саяхан шагнал хүртсэн. “DOZ entertainment”-ийн уг бүтээл олон улсад үнэлэгдсэнд баяртай байгаа. Хамгийн сүүлд МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан “Сэтгэл мэднэ” гэдэг нэртэй хоёр ангит кинонд тоглосон доо. Энэ кино маань телевизийн ойгоор гарчихсан юм.
-“Тусгай салаа” киноны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд Г.Өсөхбаяр аваргатай барилдаж буй гэрэл зураг тань одоо ч цахимаар явж л байна лээ?
-Ямар тайлбартайгаар.
-“Өсөхөө аварга Дэндэвтэй барилдаж байхдаа кинонд тоглож байгаагаа мэдээгүй юм билээ” гэсэн тайлбартай?
-Тийм тийм. Аварга кинонд тоглож байгаагаа мэдээгүй юм. Ерөөсөө хэлээгүй юм билээ. Найруулагч маань надад “Өсөхөө аварга ерөөсөө мэдэхгүй байгаа. Тийм учраас чи 30 секунд л тэсээдэхээрэй” гэж үүрэг өгсөн ш дээ. Унах нь тодорхой, 30 секунд л тэсээрэй. Камеруудаа байрлуулчихаад дохино. Ойчихдоо биш, барилдах гэж байгаа юм шиг, эрэмгий, хөдөөний эршүүд залуугийн байр байдлыг гаргаадах гэсэн. Өсөхбаяр аварга зүүн талаас магнайлаад гараад ирэхэд засуул маань цэцэрлэгийн хүүхдийг аав ээжид нь тушааж өгөх гэж байгаа аятай намайг тохойноос минь бариад аварга дээр аваачаад “Аварга аа, энэ таны учраа” гэж хэлж билээ. Би хоёр тийшээ киноныхоо камер руу харлаа. MNB гэсэн логотой камер, тусгай өмсгөлтэй зураглаач нараа хартал бэлэн болчихсон гэсэн дохио өгч байна. Тэгээд л би Өсөхбаяр аваргатай өрсөн дөө.
-Та тэгээд хэдэн секунд болсон юм бэ?
-Яг хэдэн секунд болсныг мэдээгүй. Тухайн үед өөрөө сандарчихсан байсан. Монгол Улсын аварга, арслан, заануудтай наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гарчихсан байхад бас их огшмоор юм байна билээ шүү. Тэр сайхан эрстэй нэг дэвжээн дээр гараад дэвээд шаваад явна гэдэг эр хүний бахархал юм байна гэж бодогдоод омогшоод бас сандраад жаахан тиймхэн л байсан. Тэгээд яахав найруулагчийнхаа зааварчилгааг авчихсан байсан болохоор аль болох хэлснээр нь хийхийг бодож тэсэхийг хичээсэн. Үнэхээр их сандардаг юм билээ. Тэгээд нэг мэдсэн чинь сэнжигний барьцаас барьж аваад гуд татаад л сэгсрээд намайг унагаачихсан шүү дээ (инээв).
Би сүүлдээ хугацаагаа сунгах гэж ухарч зугтаасан юм. Тэгсэн чинь Өсөхбаяр аварга маань хоёр гараа унжуулаад сул тавьчихсан өөдөөс ирж байна. Царай руу нь харсан чинь нэлээд ууртай байгаа бололтой. Аваргыг уурлуулж болохгүй гэж бодоод дайраад орчихсон чинь нэг мэдсэн тэнгэр харчихсан нь тэр.
-Цагаан сарын баяр дөхөөд хот хөдөөгүй баяртаа бэлдэж байна шүү?
-Монгол түмэндээ ирж байгаа нохой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай хэмээн ерөөл дэвшүүлье. Мөн Төв аймгийн Цээл сумын нутгийн зон олон, аав, ээж, буурал ээж Ж.Адьяадаа мэнд хүргэж, Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж мэндчилж байна.