Categories
мэдээ нийгэм

Д.Заяабат: МСНЭ-ийн их хурлын шийдвэрүүд хүчин төгөлдөр биш

Өчигдөр МСНЭ-ийн 15 дугаар их хурал болсон. Хурлын үеэр “Шударга бус, улс төржсөн хурал болж байна. Яаралтай Онц их хурлаа хуралдуулахыг шаардаж байна” хэмээн Монголын өдөр тутмын сонинуудын холбооныхон хурлыг орхин гарсан билээ.

Тэгвэл “Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат ямар ямар шийдвэрүүдээс улбаалан хурлыг орхиж гарснаа тайлбарлав. Тэрээр “Төлөөлөгчийг ямар журмаар сонгох вэ гэсэн заалтыг тодорхой зааж өгөөгүй. Тийм учраас цаанаасаа бэлтгэгдсэн хүмүүс орж ирэх нөхцлийг бүрдүүлсэн.

Төлөөлөгч сонгох журам нь зөрчилтэй байсан. Энэхүү хуралд сонгогдсон төлөөлөгч нь зайлшгүй ямар нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харьяалалтай байх ёстой гэсэн заалт бий. Татвараа төлж МСНЭ-ийн үйл ажиллагаанд оролцдог чөлөөт сэтгүүлчид хурлаас гадуур үлдсэн. Үүнийг бид хүлээн авах боломжгүй зүйл гэж үзсэн.

Хурлын шийдвэр төлөөлөгчдийн гуравны хоёроор гарах ёстой. Өчигдөр хамгийн сүүлд авсан тоогоор 181 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан байна. Тэгэхээр ирц хүрэхгүй гэсэн үг. Энэ хурал хүчин төгөлдөр биш. Хурлаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр биш гэж үзэж байна” гэв.

МСНЭ-ийн хурлаар батлагдсан шийдвэрүүд нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах нэг ч заалт оруулаагүй. Ихэнхи заалт нь хэвлэл мэдээллийн байгууллагын эздийн эрх ашгийг хамгаалсан байсан гэв.

Мөн тэрээр “Дүрмийн бус, хуулиас давсан шаардлага гэж байж болохгүй биз дээ. Тухайлбал МСНЭ-ийн удирдлагууд зөвхөн татвараа төлсөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага их хуралд орох шаардлагатай шүү гэсэн. Тэр ч бүү хэл 2018 оны татвараа төлсөн байх ёстой гэсэн. 2018 он гараад хоёрхон сар болж байхад татвараа төлж амжаагүй сэтгүүлчид зөндөө олон шүү дээ. МСНЭ олон нийтийн байгууллага, мэдээж үйл ажиллагаа явуулахад хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгардаг гэдгийг ойлгож байна. Гэвч тийм шалтгаар сэтгүүлчдийг их хуралд орж ирэх нөхцөл бололцоог нь хааж болохгүй байсан. Тиймээс дүрмийн бус шаардлага тавьсан гэж үзсэн.

Төрийн бус байгууллагын тухай хуулинд ч байгаа. Их хурлын гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар шийдвэр гарах ёстой. Гэтэл өчигдөр 181 хүн буюу гуравны хоёр хувийн ирцгүй хүмүүсийн саналаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгосон байна. Тиймээс энэ их хурал өөрөө хүчин төгөлдөр бус. Хурлаас гарсан шийдвэрүүд ч хүчин төгөлдөр бус гэж бид үзэж байна.

Тиймээс өнөөдөр өглөө өдөр тутмын сонинуудын удирдлагууд хуралдаад Монголын өдөр тутмын сонинуудын холбоо МСНЭ гэх байгууллагаас гарч, тусдаа бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулахаар болсон талаараа мэдэгдэж байна” гэлээ.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *