Яг одоо МАХН-ын II их чуулган болж байна. Тус чуулганыг нээж МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэлэв. Тэрбээр “Ард түмнийхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг олохын төлөө, ард түмэндээ зүтгэхийн төлөө хүрэлцэн ирсэн МАХН-ын II их чуулганы төлөөлөгч та бүхний амар мэндийг эрэн, мэндчилж байна.
Өнгөрсөн XX зуунд бидний хийсэн түүхийг санаж байгаа, алдсан оносныг дэнсэлж, ирээдүйд юу хийхийг төлөвлөж, бодож байгааг маань анхааралтай харж байгаа. Хоёр өдрийн турш та бид улс орны өмнө тулгамдсан асуудлыг ярьж, ирээдүйд хөгжих зөв гарцыг олохын төлөө санаа бодлоо уралдуулна. Их чуулганаа амжилттай хийхийг ерөөе” хэмээн хэлэв.
Энэхүү чуулганд нийт 1044 төлөөлөгч оролцож буй бөгөөд тэд МАХН-ын дүрмийн өөрчлөлт, намын даргыг сонгох, Мөрийн хөтөлбөрийг батлах, шинэ Дээд Үндсэн хууль зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өчигдөр тус намын гишүүд мэдээлэл хийхдээ энэхүү хурлыг О.Баасанхүүгийн эсрэг хуйвалдаан болно гэж мэдээлсэн билээ. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “Энд тэндээс мөнгө өгч цуглуулсан, хүмүүсийн цуглаан болох гэж байна. Жирийн гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшил, санал санаачилгаар хийсэн их чуулганы шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
МАХН гэсэн нэрийг өөрсдийнхөө ашиг сонирхолд ашиглахын тулд яахаас ч буцахгүй үйлдлийг удаа дараа хийж байна. УИХ-ын ганц гишүүнээ хүмүүс явуулж зодуулсан, намаас хөөсөн гэсэн яриа гаргасан. Тэгээд улсаас олгодог 10 сая төгрөгийг авч идсэн. Бас саналын мөнгө болох 120 сая төгрөгийг аваад тэр мөнгөөрөө хурал хийх гэж байна” хэмээн ярьсан юм.