Categories
мэдээ спорт

Манай цаначид олимпийн тосгонд байрлаж, бэлтгэлээ базааж байна

Related image“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцох манай баг тамирчид өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-нд Олимпийн тосгонд байрлаж бэлтгэлээ базааж эхэллээ.

Баг тамирчдыг Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Инчён хотын нисэх онгоцны буудлаас угтан авч хүндэтгэл үзүүлэн, Олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөв. Баг тамирчид Инчеоны нисэх онгоцны буудлаас “Пёнчан – 2018” Олимпийн шинэ хурдны галт тэргээр тамирчдын тосгонд хүрэлцэн очиж байрлав. Мөн манай баг тамирчдын Олимпийн тосгон дахь анхны хурал явагдаж, дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ “Зохион байгуулах хорооноос гаргасан хуваарийн дагуу тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа базааж, өмнөх олимпийн наадмуудад оролцсон амжилтаа ахиулах зорилт тавин ажиллана” хэмээн мэдээлэв.

“Пёнчан – 2018” Өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй бүх тамирчдад Самсунг компаниас “Note8” гар утсыг үнэ төлбөргүй бэлэглэж байгаа бөгөөд манай тамирчид өнөөдөр Олимпийн тосгонд байрлах тус компанийн салбараас гар утсаа хүлээн авлаа. Тус гар утсанд Олимпийн наадамтай холбоотой бүхий л мэдээ, мэдээлэл болон Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны тамирчдын комиссоос явуулж байгаа сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны тухай мэдээллийг урьдчилан суулгажээ.

Мөн ОУОХ-ны тамирчдын комисст нэр дэвшигчдэд санал өгөх боломжтой юм. ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүнд Монгол Улсаа төлөөлөн 2008 онд Х.Эрдэнэт-Од, 2010 онд Х.Хаш-Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *