Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“One ring scam” буюу “утасны дуудлагын залилан” дэлхий даяар тархжээ

-+231 3304 43301 +38763302666 ЗЭРЭГ ДУГААРААС ДУУДЛАГА ИРВЭЛ БҮҮ АВ-

Монгол Улсын үүрэн телефоны хэрэглэгчдэд сүүлийн өдрүүдэд олон улсын кодтой дугааруудаас дуудлага ирж байгаа талаар сошиалаар шуугих болов. Тодруулбал, +231 3304 43301 болон +38763302660 дугаартай Либери, Босни Герцеговин зэрэг газрын нэр бүхий дуудлага ирсэн тухай хүмүүс олон нийтийн сүлжээндээ бичиж байна. Зарим нь “дуудлага хүлээж авбал их хэмжээний мөнгө авдаг, хэрвээ ямар нэгэн зүйл асуухад тийм гэж хариулсан тохиолдолд дуу хоолойг нь ашиглан данснаас гүйлгээ хийдэг” гэх мэтчилэн бусдадаа анхааруулсан байна. Тиймээс бид энэхүү дуудлагын талаар мэдээлэл бэлтгэлээ. Олон улсын хэмжээнд эдгээр дуудлагыг “Оne ring scam” буюу залилан гэж үздэг байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн хэрэглэгчид Либери гэсэн дээрх дуудлагыг хүлээн авснаас болж хохирч байж. Тус улсын Харилцаа холбооны зохицуулах зөвлөл үүнтэй адил 45 гомдол хүлээж авсан байна. Энэхүү дуудлагууд утсаар ярих нь товчхон бөгөөд хариулт өгөхөд хангалттай цаг хугацаа өгдөггүй нь үүрэн телефоны хэрэглэгчдийг эргэж залгахад хүргэдэг байна. Хэрвээ хүмүүс буцааж залгасан тохиолдолд нэг минутад найман доллар хүртэл “унаж” байсныг “Journal” сонинд бичжээ. Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн тус сонинд ярилцлага өгөхдөө “Энэхүү залилангийн дуудлагын дугаарыг тодорхойлох аргагүй. Тэдгээр нь бидний өдөр тутам тохиолддог ердийн, танил болсон, газар зүйн байршлын дугаартай төстэй байдаг” гэв. Харилцаа холбооны зөвлөлийн мэргэжилтнүүд олон улсын үл мэдэгдэх тоо бүхий дугаараас дуудлага ирвэл авахгүй байхыг зөвлөдөг байна. Мөн танихгүй ижил дугаараас олон тооны дуудлага авахгүй байх, хоосон дуут мессеж байвал хариу өгөхгүй байх, өөрийн нэр болон картын дугаар зэргийг асуувал хариулахгүй байхыг зөвлөжээ.

ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН 2014 ОНООС ДЭЛХИЙН УЛСУУДАД ГАРЧ ЭХЭЛЖЭЭ

Олон ч монгол хүнд яг дээрх шиг гадны улсаас дуудлага ирсэн байх бөгөөд зарим нь утсаа аваад ярьсан, зарим нь эргүүлээд өөрөө залгасан тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэгэхээр энэ бол санамсаргүй тохиолдол биш, дэлхийд тархсан луйврын арга гэдгийг эх сурвалжууд мэдээлж байв. “One ring scam” буюу монголчилбол “Дуудлагын залилан” дэлхий даяар тархжээ. Тодруулбал, одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оноос эхлэн энэ төрлийн залилангийн хэрэг дэлхийн улсуудад гарч эхэлсэн бөгөөд тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сэрэмжлүүлж, мэдээлэл түгээж байсан байх юм. Харин манай улсын иргэдийн хувьд утсанд нь ийм төрлийн залилангийн дуудлага ирж эхэлсэн энэ үеэс л дээрх залилангийн хэргийн талаар мэдэж буй бололтой. Энэ төрлийн залилангийн хэрэг ямар байдлаар явагддагийг иргэд та бүхэнд сэрэмжлүүлэн хүргэж байна. Танил бус, гадаадын ямар нэг улсын кодтой дугаараас таны гар утсанд дуудлага, мессэж ирвэл утсаа авч болохгүй, мөн хариу бичиж болохгүй. Мөн таны утсанд таньж мэдэхгүй гадаад дугаараас дуудлага ирсэн байвал эргүүлэн залгаж бүр болохгүй. Учир нь та ийм дуудлагыг авч хариулсан, эсвэл эргүүлэн залгасан тохиолдолд таны утасны төлбөр маш өндөр гарах эрсдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл та уг дуудлагыг аваад, эсвэл эргүүлээд залгаж ярьсан нэг минут бүрийн төлбөр 9-19, 95 доллар хүртэлх төгрөг төлбөр дээр шууд нэмэгдэх аюултайг дэлхийн хэвлэлүүд болон онлайн залилан судлаачид сэрэмжлүүлж мэдээлсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид автомат залгагч ашиглаж дэлхийн өнцөг булан бүрт байх иргэдийн утас руу автоматаар дуудлага хийдэг аж. Ингэхдээ гурван байдлаар ханддаг байна. Нэгдүгээрт, таны утас руу дуудлага хийх бөгөөд утсаа авахаас тань өмнө тасална. Хоёрдугаарт, таныг утсаа авахад урьдчилан бичиж тохируулсан хэн нэг гадаад хүний дуу хоолойг танд сонсгоод утсаа тасална. Гуравдугаарт, таны утас руу асуудал гарсан гэсэн утга бүхий мессэж явуулна. Дээрх дуудлагатай холбоотой сошиалд олон иргэн сэтгэгдлээ үлдээж байна. Б.Баатархуяг гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч “Өдөр утсанд дуудлага ирээд дохих шиг болоод тасарлаа. Харсан чинь гадаадаас залгасан байна. Улсын кодыг нь мэдэхгүй код байна шүү. Хаанаас юм бол гээд гайхаад улсын кодоор нь хайж үзтэл Эквадорын Гвиней гэдэг улс гарч ирэв. Сонин санагдаад гайхаад “google”-ээр хайхад “One ring scam” гэдэг зүйл байдаг болохыг мэдэж авлаа. Хэрэв танд иймэрхүү дуудлага ирээд эргүүлэн залгах юм бол таны утсанд маш их төлбөр гардаг юм байна. Иймэрхүү зүйлсээс болгоомжтой байгаарай. Хулгайч, луйварчдын арга нарийссаар байна шүү…” хэмээн бичсэнийг маш олон иргэн шэйрлэж, нийтэд түгээжээ.

КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭСТ ОДООГООР ГОМДОЛ ИРЭЭГҮЙ Ч СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

Энэ төрлийн залилагчид эргээд залгасан дуудлага бүрийг алдахгүй авдаг нь их хэмжээний мөнгө эргэлдэж байдагтай холбоотой аж. Иргэд энэ төрлийн дуудлага, мессэжийг авснаар иргэн танд банкны код, нууц үг, санхүүгийн мэдээллээ алдах эрсдэл тулгарна гэж зарим хүн ярьж байна. Гэхдээ энэ нь боломжгүй бөгөөд таны нууц мэдээлэл алдагдах аюулгүй. Харин таны төлбөр өндөр гарч, тэндээс ашиг олдог луйвар гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл төрлийн залилагчид ихэвчлэн 473 (Grenada), 268 (Antigua), 876 (Jamaica), 809 (the Dominican Republic), 375 (Belarus), 371 (Latvia), 284 (the British Virgin Islands) гэсэн улс орнуудын утасны кодыг ашиглаж дуудлага хийдэг байна. Хэрвээ таны утсанд энэ төрлийн дуудлага ирсэн байвал “code lookup” сайтаар орж аль улсаас залгасныг нь шалгах боломжтой ажээ. Дэлхий даяар энэ төрлийн залилангийн золиос болсон иргэд хууль хяналтын байгууллагад олноор ханддаг байна. Олон улсын эдгээр дуудлагатай холбоотой ямар нэгэн мэдээлэл байгаа эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, ахмад Ц.Баатархүүгээс тодруулав. Тэрбээр “Одоогийн байдлаар манай улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст энэ төрлийн залилангийн хэрэгтэй холбоотой ямар нэг гомдол мэдээлэл иргэдээс ирээгүй байна. Гэхдээ зөвхөн Монгол биш, дэлхий дахинд тархсан энэхүү дуудлагын залилангаас иргэд та бүхэн өөрсдийгөө хамгаалж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *