Categories
мэдээ цаг-үе

М.Игата: Энэ жил монголчуудад 2011 оноос хойш олдож байгаа маш том боломж

Өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатарт, арваннэгдүгээр сард Токиод “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулган болсон. Энэ жил Лондон, Хонконгод зохион байгуулна. Дээрх чуулгануудын талаар зохион байгуулагч “Фронтиер Секьюритийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Игататай ярилцлаа.


-Улаанбаатарт есдүгээр сард болсон хөрөнгө оруулагчдын чуулганы зөвлөмжийг улстөрчдөд хүргүүлсэн. Ямар хариу өгсөн бэ?

-Улаанбаатарт есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд болсон хөрөнгө оруулагчдын чуулганы зөвлөмж аравдугаар сард гарсан. Тэр үед шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй байсан болохоор ажлаа аваад удаагүй сайд нар “Зөвлөмж ирүүлсэнд баярлалаа” гээд яг ямар бодлого хэрэгжүүлэхээ яриагүй.

-Токиогийн чуулган бас шинэ Засгийн газар байгуулагдсан, их хэмжээний мөнгөний гэрээ хийсэн үетэй давхцалаа. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн оны гуравдугаар сард Монголын эдийн засаг хүндхэн байсан. Энэ үеэр ОУВС-тай гэрээ байгуулснаар 5.5 тэрбум доллар орж ирэхээр болж, эдийн засагт гэрэл гэгээ туссан. Түүнээс хойш валютын ханш тогтворжиж, хувьцааны үнэ өссөн. Энэ их мөнгөний гэрээг хийхэд Япон улс манлайлан оролцсон. Япончууд хүнд тус үзүүлчихээд хариу нэхдэггүй. Токоигийн хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр эрх баригч намын бага хурал хуралдаж таарсан. Тиймээс өндөр албан тушаалтнууд оролцож чадаагүй. Үнэхээр оролцох хүсэлтэй байсан нь харагдсан. Харин эрх баригчид оролцсон улсуудаас юу болсон тухай маш их сонирхсон. Чуулганд оролцогч хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэн.

-Япон улс энэ их мөнгөний урсгалд манлайлан оролцсон гэлээ. Өнөөг хүртэл эрх баригчид энэ их мөнгийг юунд зарцуулахаа зарлаагүй байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Энэ мөнгийг юунд зориулах нь тодорхойгүй байгаа ч ийм хэмжээний мөнгийг зээлэх боломжтой гэдэг нь Монгол Улсын валют, бондын зах зээлд тогтвортой байдлыг бий болгох сайн дохио болж байгаа юм. Засгийн газрын бонд савлах аюулаас сэргийлсэн.

-Өмнөх бондууд тодорхойгүй нөхцөлд байснаас өнөөдөр томоохон улс төрийн хэрүүл болж хувирсан. Энэ мөнгийг юунд зарцуулах ёстой вэ?

-Япон улс мөнгө босгоход манлайлан оролцсон боловч, ОУВС мөнгө зарцуулалтад хяналт тавих, захиран зарцуулалтад хариуцлага хүлээнэ. Юунд зарцуулах, юунд зарцуулсан тухайгаа Япон улсад байнга мэдээлнэ. Мөн энэ санхүүжилтэд АХБ, өмнөд Солонгосын Засгийн газар оролцож байгаа. Тийм учраас ОУВС хуваарилалт, санхүүжилтийг шийдээд энэ тухайгаа оролцогч талуудтай тохиролцоно. Одоо ирсэн байгаа ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг дүгнээд, хэдэн долларын санхүүжилт нэмэхээ тохиролцоод явах байх гэж бодож байна.

-Японтой Монгол Улс стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Токиогийн форумд хөрөнгө оруулагчдын хандлагад ямар өөрчлөлт гарсан бол?

-Токиогийн форумд Монгол Японы парламентын бүлгэмийн дарга, Япондоо маш нэр хүндтэй улстөрч Хайши оролцож түншлэлийн талаар ярьсан. Мөн Японы Ерөнхий сайд Абэгийн илгээлтийг төлөөлөгч нь дамжуулсан. Ерөнхий сайд Абэ Монгол Японы түншлэлийн гэрээ хоёр орны харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ. Цаашдын ажиллагаа өргөжих тухай мэдэгдсэн.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад Монголын эдийн засаг өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулагчдад шинэ хандлага төрсөн үү?

-2016 онд валютын ханш унаж, эдийн засаг хүндэрч, дефольт болж магадгүй гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулагчдад байсан. Ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын итгэл бүрхэг байсан. Харин энэ жилийн хувьд ОУВС-тай хамтрахаар болсноос төгрөгийн ханш тогтвортой болсон. Монгол Улсын Засгийн газар хичээгээд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлчихвэл, бизнесменүүд төсөл хэрэгжүүлэх боломжтой болох нь гэсэн ойлголттой болсон харагдсан.

-Саяхан ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд цалингийн татвар нэмэгдсэн асуудлаар нийгэм бухимдлаа илэрхийлсэн. Үүнийг та хэрхэн харж байна?

-ОУВС анх ийм гэрээ хийсэн түүнийгээ өөрчлөхгүй гэдэг хатуу бодлого баримталдаггүй. Тухайн улсын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж асуудлыг шийдэх гарцыг хайдаг. Гэрээтэй холбогдоод улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдвөл тодорхой хэмжээгээр гэрээндээ өөрчлөлт оруулдаг. Харин олон удаа, ирж уулзах болгонд өөрчлөлт оруулах гээд байвал энэ чинь өөрөө асуудал болж хувирна. ОУВС-гийн гайхлыг төрүүлнэ. Харин энэ удаад өөрчлөх санал тавихад хүлээж авах байх.

-Бензиний үнэ нэмэгдсэн талаар бас багагүй шуугиан үүслээ. Чөлөөт үнэ, төрийн үнэ гэдэг дээр нийгэм хоёр хуваагдаж байна…

-Би үнэ чөлөөлөх, зах зээлийн зарчмаар явах танай сонины саналтай нэг байна. Гэхдээ Монгол Улсын хувьд онцлог байна. Япон улсын хувьд бензиний үнэ өссөн тохиолдолд нийтийн тээврээр явж эсвэл дугуй унана. Метронд суух зэрэг олон сонголт байдаг. Өргөн уудам талд амьдарч байгаа хөдөө орон нутгийн иргэдийн хувьд асуудал үүсч байгаа юм. Тээврийн олон сонголттой хот суурин газрын иргэдэд асуудал бага байж болно. Тийм учраас ялгаатай хандах хэрэгтэй. Хөдөөгийнхөн авто машинаар л амьжиргаагаа залгуулна. Гэтэл түлшний үнэ өсөхөөр ганц сонголттой тэдний амьжиргаанд хүндээр нөлөөлнө. Монгол улсын хувьд приус машин нэлээд хэрэглэдэг. Приус түлш бага хэрэглэдэг ч, машины үнэ нь өсөхөөр дахиад л зардал өснө. Үнэ чөлөөлөхийг урт хугацаанд хийх хэрэгтэй.

– Яаж?

-Жишээлбэл үнэ чөлөөлөлтийг бүс нутгаар хийж болно. Аажмаар, эхлээд хүн ам ихээр төвлөрсөн хотуудад.

-Эрдэнэтийн 49 хувийг төр авчихлаа. Дотоодын хөрөнгө оруулагчид гомдолтой байхад гадныхан орж ирэх үү?

-Эрдэнэтийн 49 хувийг төр авах шийдвэрийг шүүх гаргах ёстой. Дотоодын хөрөнгө оруулагчдын эрх хамгаалагдаагүй байгаа тохиолдолд гадныхны эрх ашиг хамгаалагдана гэдэг хэцүү л дээ.

-Хөрөнгө оруулалтын банкны хуульд 200 сая доллараас багагүй байх заалтыг Токиогийн зөвлөмжид буруутгасан байна.

-Монголын улстөрчдийн нэг алдаа байдаг. Бодож байгаа зүйлээ ямар ч судалгаагүйгээр хуулинд суулгачихдаг. Өнөөдөр 200 сая долларын бэлэн төсөл байна уу. Судалгааны байгууллагаас зөвлөлгөө авдаггүй. Монголын Бизнесийн зөвлөл, Америк Монголын худалдааны танхим гээд олон байгууллагаас зөвлөгөө авч болно. Гэтэл тэгдэггүй.

– Монголын банкууд санал хэлдэггүй юм уу?

-Сая ХХБ-наас 400 сая долларыг балансаас авсан тэр мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. Банкны активын үнэлгээ гарчихсан байх ёстой боловч дүнгээ танилцуулаагүй байна.

-Токиогийн зөвлөмжид эдийн засгийн өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Энэ юу гэсэн үг вэ?

-Монгол Улсын хувьд хэдэн зуун төсөл байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч бодлогын чанартай хөрөнгө оруулах санааг илтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл олон жижиг санаа биш, нэг томоохон юманд төвлөрөх ёстой. Олон жижиг юманд үсчээд нэг ч юмыг бүтээхгүй байхын оронд нэг томхон бодлогыг л шийдчих хэрэгтэй гэсэн үг.

-Токиогийн зөвлөмжид хөршүүдтэйгээ түншлэлийн гэрээ байгуулах хэрэгтэй гэсэн байна.

-Үндэсний хөгжлийн газар дэндүү олон асуудал хариуцдаг. 50 гаруйхан хүнтэй. ОХУ БНХАУ-ын хувьд ямар харилцаа тогтоох хэрэгтэй байна гэдгээ харж байгаад тохирсон гэрээг байгуулах хэрэгтэй. Япон улстай түншлэлийн гэрээг Гадаад харилцааны яам байгуулсан. Тэд эдийн засгийн харилцааг сайн мэдэхгүй. Ерөнхий гэрээ л байгуулсан.

-Олон нийтэд хандаж хэлэх үг байна уу?

-2011 оноос хойш хамгийн том эдийн засгийн өсөлт монголчуудад гарлаа. Гэхдээ гэнэтийн өсөлт биш, аажим тогтвортой өсөлт байх нь чухал. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. 2018 онд Лондон, Хонконгод хөрөнгө оруулагчдын чуулганыг зохион байгуулна. Энэ жил Монголын Засгийн газарт том боломж шүү гэж хэлмээр байна.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *