Categories
мэдээ цаг-үе

Ж.Пүрэвжаргал: Монголд утаанаас илүү санаа зовоож буй асуудал нь үргүйдэл

Дэлхийн хүн амын 15 хувь нь үргүйдэлд нэрвэгдсэн судалгаа бий. Энэ асуудал сүүлийн жилүүдэд манай улсад хурцаар яригдах болсон. Энэ талаар их эмч Ж.Пүрэвжаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед гэр бүлүүдийн санааг зовоосон асуудал нь үргүйдэл болж ээ. Манай орны иргэдийн хэдэн хувь нь үргүйдэлд нэрвэгдсэн бэ?

-Монголын эх барих эмэгтэйчүүдийн “Эрүүл өрх” гэж нийгэмлэгээс гаргасан судалгаанаас харахад манай улсын гэр бүл бологсдын 15 хувь нь үргүйдэлтэй байна гэж тодорхойлогдсон. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд улсын хүн амын 15 хувь нь үргүйдэлд нэрвэгдсэн бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг гэж үздэг талаар дурдсан байдаг. Үүнээс үзэхэд өнөөдөр Монголд үргүйдэл утаанаас чухал асуудал болох нь харагдаж байна.

-Манай улсын нийт гэр бүл бологсдын 15 хувь нь үргүйдлийн өвчинд нэрвэгдсэн гэж та хэллээ. Үүний шалтгаан нь юу вэ?

-Үргүйдүүлэхэд нөлөөлж буй олон хүчин зүйл байгаа. Энэ төрлийн өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн дийлэнх нь дотоод шүүрлийн хямралтай болох, эмэгтэйчүүдийн өндгөн эс гадагшлахгүй архагших явцтай болох, өндгөвчний хатуурал зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Гэхдээ манай оронд байгаа хамгийн түгээмэл шалтгаан нь үрэвсэл сэдэрснээс шалтгаалж үрийн хоолой наалдах байдаг. Үрийн хоолой наалдах шалтгаанд нь бэлгийн замын халдварт өвчин бие дааж орно. Бэлгийн замын өвчлөл үрийн хоолойн дахь бортогон эсүүдэд нөлөөлж наалдац үүсэх шалтгаан болдог. Үүнийг эмчлэхэд их төвөгтэй л дөө. Мөн нэг удаа үр хөндүүлэхэд 25-40 хувь нь үргүй болох магадлалтай байдаг. Үүнээс гадна нэг удаа үрэвсэл сэдрэхэд 10-15 хувь, хоёр удаа сэдрэхэд 20-25 хувь нь, гурван удаа сэдрэхэд 50 хувийн үргүйдэлд өртөх магадлалтай байдаг. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан клиник судалгаанаас харахад үргүйдэлд нэрвэгдсэн хүмүүсийн 45.8 нь эмэгтэйчүүдээс, 25.6 нь эрэгтэйчүүдээс, 18 хувь нь хоёулангаас нь, 9.8 хувийнх нь шалтгаан нь тодорхойгүй гэж гарсан.

-Эрэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг гол шалтгаануудын нэг нь гахайн хавдар өвчин гэж ярьдаг. Мөн өсвөр насны хөвгүүд саунд суух нь үргүйдэлд нөлөөлдөг гэсэн. Энэ талаар?

-Эмч нар онолын үндэслэлтэй ярих ёстой. Одоогоор халуун саунд суугаад үргүй болно гэж би сонсоогүй. Эрчүүдийн үргүйдэлд төрөлхийн фемус өвчин, гэмтэл, гахайн хавдар гэх зэрэг зүйл ордог. Нас ахих тусам эр бэлгийн эсийн тоо, шингэний хэмжээ буурна.

-Бидний сэтгэл эмзэглүүлдэг зүйлийн нэг өсвөр насны охидын үр хөндөлт байдаг. Судалгаанаас харахад багагүй хувь нь үр хөндөлт хийлгэсэн байдаг шүү дээ?

-Хувийн эмнэлгүүд нууцаар зөвхөн мөнгөний төлөө үр хөндөлт хийж залуу охидын ирээдүйг баллаж байгаа. Үүнд хяналт тавихад хүндэлтэй байдаг. Нэг удаа үр хөндүүлэхэд нь 25-40 хувийн үргүйдэлд өртөх эрсдэлтэй.

-Өсвөр насны охид хэтэрхий эрт дотно харьцаанд орох нь үргүйдэхэд нөлөөлөх үү?

-Үрийн шингэн дотор их хэмжээний цагаан эс, нян хуримтлагдаж байдаг. Мөн прослядин гэх биологийн идэвхт бодис үрийн шингэнд агуулагдаж байдаг. Үүнээс шалтгаалж үргүйдэлд хүрэх магадлалтай. Халдвар авсан өсвөр насны охид өвчин тусаад ар гэрийнхэн болон мэргэжлийн эмчид мэдэгдэлгүй санаа зовж нууж явах нь хамгийн аюултай.

-Үргүйдэлд хүрэхэд хэрэглэж буй хоол хүнс нөлөөлдөг үү?

-Өнөөдөр яг тийм судалгаа байхгүй. Гэхдээ хар тугалга гэх зэрэг хортой бодис нь генетикт нөлөөлж болохоос биш үргүйдэлд нөлөөлөхгүй.

-Монголд үр шилжүүлэн суулгадаг ямар ямар эмнэлэг байдаг вэ. Үнэ ханшны тухайд?

-Монголд “Өүжүн мед”, “Анухай мед”, “CL” зэрэг хувийн эмнэлгүүд энэ төрлийн ажилбар хийдэг. Харин эх хүүхдийн эрүүл мэндийн төв нь албан ёсны газар юм даа. Төлбөр нь дунджаар 6.5 сая төгрөг болдог. Гэхдээ энэ нь 15-28 хувийн л үр дүнтэй байдаг учраас үр дүнгүй байх магадлал өндөр. Нэг удаагийн ажилбар амжилтгүй боллоо гэж үзэхэд дахиад 6.5 саяар үр шилжүүлэн суулгах шаардлага тулгарна гэсэн үг.

-Манай улсын гэр бүл бологсдын 15 хувь нь энэ төрлийн өвчинд нэрвэгдсэн гэсэн. Үүнээс харахад энэ төрлийн эмчилгээ үзүүлж байгаа эмнэлэг цөөн санагдаж байна?

Монголд байгаа үргүйдэлтэй хүмүүсийн 60 орчим хувь нь гадаадын орон руу явж үр шилжүүлэн суулгуулдаг. Харин үлдсэн 40 хувь нь дотоодын эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Гадны оронд нэг удаа үр шилжүүлэн суулгах ажилбарт ороход 20 орчим сая төгрөгийн зардал шаардлагатай. Энэ их хэмжээний мөнгө гадаад руу урсч гарч байгаа нь харамсалтай санагддаг. Казахстаны Алматад гэхэд үр шилжүүлэн суулгах 20 орчим төв байдаг юм байна лээ. Энэ төрлийн эмчилгээ явуулахад нэг хүнд их цаг зарцуулдаг тул эмнэлгүүд ачаалалтай байдаг. Тиймээс олон хүнд үйлчлэхийн тулд олон төв шаардлагатай. Нийслэл өргөө амаржих газар энэ төрлийн үйл ажиллагаа явуулахаар төсөл бичиж Эрүүл мэндийн яаманд хүргүүлээд байгаа. Бидэнд эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс дутахааргүй мэргэжилтэн бэлтгэгдээд байгаа тул болохгүй зүйл үгүй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой 100 ортой эмэгтэйчүүдийн тасаг үйл ажиллагаа явуулах боломжтой. Бусад үр шилжүүлэн суулгах төвүүдээс давуу тал нь дурангийн мэс засал хурдацтай хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын жишигт нийцсэн эмчилгээг Улаанбаатарт авах боломж бүрдэнэ гэсэн үг. Монголд хоёр том төв зэрэг үйл ажиллагаа явуулснаар гадаадруу урсаж байгаа тэр их мөнгийг эрүүл мэндийн яаманд татах боломжтой. Мөн эмчлүүлэх боломжгүй шаналж байгаа гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломж бүрдэнэ.

-Та цистит эмчлэх шинэ технологийг нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Давсагны үрэвсэл буюу циститыг эмчлэх аргыг анх удаа Монголд нэвтрүүлж байгаа. Цистит нь дахин давталттай хурц цистит, завсрын цистит гэж байдаг. Цистит хөдлөхөд заавал бактерлогийн шинжилгээ өгдөг. Шинжилгээ авахад нян нь өөр өөр байж болно. Энэ нь хурц цестит. Харин нян үүсэхгүй давсагны хана үрэвсээд байхад үүнийг завсрын цистит гэж үзээд эмчилдэг. Дахин давталттай хурц циститийн нянгууд өөрчлөгдөх явцдаа давсагны ханыг гэмтээж болно. Нянгүй цистит байвал эмчилгээ нь өөрчлөгдөж нянгийн эсрэг эмчилгээ хийхгүй. Нянтай цистит байвал сэдрэх болгон дээр нянгийн үүсвэрийн шинжилгээ өгөөд түүнд тохирсон эмчилгээ бичиж байх шаардлагатай. Тиймээс ерөнхий эмчилгээ гэж байхгүй. Ер нь антибиотикийн замбараагүй хэрэглээ дархлаа сулруулж өвчин тусах гол шалтгаан болж байгаа. Бид антибиотик замбараагүй хэрэглэхийн оронд нянгийн үүсвэрийн шижилгээ өгөөд тохирсон эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *