Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

У.Хүрэлсүхийн Засгийн газар сайхан “хоол”-ны нэр хэлж, бид түүнийг нь “савхадсаар” 100 хонолоо

Дээхнэ үед хоёр өлссөн аянчин “Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхадъя”гээд сэтгэлээ хуурч байсан тухай шог яриа байдаг. Энэхүү хошин явдлыг манай хууччуул цааш нь хөгжөөж “Хөөрхий савх барьсан аянчин сайхан хоолны нэр сонсоод хурдан, хурдан хий савхдаж, ам нь ангалзсаар байгаад муужирч унажээ” гэж ярьдаг байж билээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээр яг үүн шиг байдал бий болоод байна. Тэрбээр сайхан, сайхан юм их ярьж байна. Түүнийхээр монголчууд диваажинд байгаа мэт. Амьдрал бүхэлдээ зовлонгоос ангижирч, ард түмэн гэдэс цатгалан, сэтгэл тэнүүн жаргаж байгаа бололтой юм уу даа. Уг нь энэ Засгийн газрыг анх байгуулагдахад шударга, зоригтой, шийдэмгий Ерөнхий сайдтай боллоо гэж нийгэм хөөрцгөөсөн. У.Хүрэлсүх ажлаа авангуутаа л улс төр дэх бугшмал ертөнцийг цэвэрлэж, бүхнийг шударгаар шийдэнгүүт амьдрал аяндаа цэцэглээд ирнэ гэсэн хүлээлт ард түмэнд байв. Гэтэл бодитой хийсэн юм алга. Намраас хойш давалгаалсан энэ шударга гэдэг яриа одоо л намжиж байна. Намдахаас ч өөр аргагүй явдал болж өнгөрлөө. Татварын хувь өсч, шатахууны үнэ нэмэгдэж, утаа, жавар тачигнасан зутруухан өдөр хоногуудыг үдлээ.

Сайхан амлаж гарч ирсэн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног өнгөрсөн даваа гаригт болж өнгөрөв. Түүний хэлсэн сайхан “хоолны нэр”-үүдийг ард түмэн хий савхадсаар байгаад муужирч унаж байна. Яриад л байдаг, ард түмний амьдрал дээрдсэнгүй. Ядахдаа сайдууд нь яасан ч увайгүй зан гаргадаг юм дээ. Хамгийн шударга сайд гэж нэрлэгдээд байдаг Хууль зүйн салбарыг толгойлдог Ц.Нямдорж нь “LX-570” маркийн 368 сая төгрөгийн үнэтэй автомашин унаад бидэнд гайхуулах юм. Улсдаа энэ мөнгө нь бага байж болно. Харин ард түмэнд сансрын тоо. Ер нь эрхэм төрийн түшээд шинэ, хуучин машин унахын ямар ялгаа байна вэ. Шинэ машинтай хүнийг дийлчихсэн, мундаг сайд гэх үү. Хуучин машинтайг нь доожоогүй, арчаагүй нэгэн гэж тохуурхана гэж үү. Ард түмэнд тэдний хийж байгаа ажлын үр дүн хэрэгтэй болохоос ямар тэрэгтэй байх нь огт падгүй. Иргэдийн халаас шавхагдаж, өдөр хоногийг өлмөн зөлмөн өнгөрүүлж байхад төрийн сайд хүн шинэ машинд ямбалж буй нь ядарсан ард түмнээ дорд үзэж, тохуурхаж байгаа хэрэг. Монголын төрд таван удаа сайдаар томилогдсон хижээл насны энэ эрийн нүдний ялгаа арилаагүй байхад бусад шинэ сайд нарын тухайд хэлээд ч нэмэргүй биз. Үнэндээ Ц.Нямдорж сайд шуналтай болохоор ингэж үнэтэй машин унаад байгаа ч юм биш. Монголчуудын байж байгаа царай л энэ. Бид угаасаа ийм хүйтэн сэтгэлтэй улс. Зөвхөн хар амиа бодсон, аминчхан үзэл нь хэтэрхий давамгайлсан. Өөрсдийнхөө хамаатан садан, танил тал, нутаг нугынхаа хүмүүсээс бусдад бол ямар ч хайр халамжгүй, цэвдэг ханддаг хойно доо. Энгийн нэг жишээ хэлэхэд, саяхан Ялалтын талбайд гарч байгаа цагаан идээний үзэсгэлэн худалдаанд манай хэдэн гишүүд, дарга нар очиж, нээлт хийлээ. Тэд орон нутгийн малчдыг дэмжиж хоёр сая төгрөгийн цагаан идээ худалдан авч утаатай бүсийн цэцэрлэгүүдэд өгнө гэж мэдэгдэв. Хачир дээрээ өөрийнхөө намын, сонгуульд нь идэвхтэй ажилласан нэр бүхий хүний цагаан идээг нь хамж авчээ. Монголчуудын хандлага ерөөсөө ийм л байна. Тийм ч учраас ард түмэн ядарч байхад Ц.Нямдорж сайд будаг нь ханхалсан машин унаж, кайфтай явна шүү дээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны асуудалд ямар хойрго хандав. Нийгмийн бухимдлыг барж байж, бүтэн сарын дараа арга хэмжээ авлаа. Одоо ч шатахуун тийм ч хангалттай олдохгүй байгаа. Засаг төр “Шатахууны үнийг нэмбэл яах нь уу” гэж удтал ажиглаж, тамирыг нь тасалж байгаад сая арга хэмжээ авмар аядах юм. Яг үүн шиг “Тэтгэврийн насыг нэмчихвэл манай хэдэн сайд шинэ машины мөнгөтэй болчих юм биш байна” гэдэг хандлагаар харж сая тэтгэврийн нас нэмсэн асуудлыг ярьж эхэллээ. Ард түмнийг шулж, дарлавал сайхан амьдардаг гэсэн бодол Монголын төрд нэгэнт тогтчихжээ. Түмэн олон хичнээн ядуу, тэнхээгүй байх тусам төр баригчдад төдий хэр ашигтай хувилбар мэтээр тэд оюун санаагаа кодолчихож.

Энэ Засгийн газрын хийхээр төлөвлөсөн ажлуудыг харлаа. У.Хүрэлсүхийн танхим 100 дахь хоног дээрээ мөн ч сайхан “хоолны нэр”-үүд хэлжээ. Дандаа л ирээдүй цаг дээр, чихэнд чимэгтэй жагсаалт гаргаснаа бөөн бөөнөөр нь ард түмэндээ дуудаж өглөө. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх юм гэнэ. Энэ ажилд 120 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ зарлав. Ардчиллаас хойш 20 гаруй жил яригдаж байгаа газрын тосны үйлдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар барьж байгуулна гэжээ. Хориннэгдүгээр зуун гарчихаад байхад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гэрэл, цахилгаангүй амьдардаг 5000 орчим өрхийг тогтой болгож өгнө гэж амлав. Багш нарын үр дүнгийн урамшууллыг 20 хувь нэмээд зогсохгүй, тэдний илүү цагийн цалинг сургуулийн төсөвт суулгахаар төлөвлөжээ. Сургуулиудыг гурван ээлжээр хичээллэхийг нь болиулна гэв. Өнөө жил 59 сургууль, 90 цэцэрлэг шинээр барьж цэцэрлэгийн ачааллыг багасгах юм байна. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулна гэх зэргээр Засгийн газар хийх ажлуудаа дэлгэлээ. Тэдний ирээдүй цаг дээр тоочиж буй эдгээр асуудлууд яг одоо энгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа. Тиймээс энэ сайхан амттай “хоолны нэр”-үүдийг ард түмэн хэдэн сар савхдах байх.

Хэдий хүртэл цатгалан мэдрэмжтэй явахыг мэдэхгүй. Харин жинхэнэ хийсэн ажил нь хаана очих бол. Тэр хүртэл уначихгүйн тулд мөн ч их тэсч байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *