УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад 4 асуудал хэлэлцэхээр болсныг хуралдаан даргалагч хэллээ.
Ингээд товын дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулинд өмнө нь өөрчлөлт орж энэ оны нэгдүгээр сарын нэгнээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар буюу 4 шатлалтайгаар албан татвар ногдуулж эхэлсэн. Иймд өнөөгийн хэлэлцэж буй хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай буюу 10 хувь болгохоор тусгасан юм. Уг асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн. Үүний дараа тус хуулийг бүхэлд батлах асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр хууль батлагдав.