Саяхан Төрийн албаны зөвлөл Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудын зарим удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдаж, хүнээс хамааралгүй, компьютерээр сонгосон тестээр хууль эрх зүйн мэдлэгийн шалгалт өгч, энэхүү шалгалтад тэнцсэн нь ярилцлагын шалгалтад оржээ. Улмаар шалгалтад хамрагдсан нийт иргэдийн 20 хувь нь тэнцэж, бүх шатны шалгалтаар шалгарсан хүмүүс тухайн удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн байна.
Сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгсөн байдлаас харахад төрийн албанд ажиллах сонирхолтой иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, төрийн алба болон тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага зэргийг сайтар судалж, өөрийгөө шалгалтад тусгайлан бэлтгэхийг Төрийн албаны зөвлөлөөс зөвлөж байна.