Categories
мэдээ нийгэм

2017 оны энхийн шагналтнаар эмч Б.Энхравдан тодорлоо

Зураг2011 оноос эхлэн 7 дахь удаагаа олгож байгаа “Энхийн шагнал” олгох ёслол өчигдөр Чингис зочид буудлын “Өргөө” танхимд боллоо.

Уг шагналыг “Дэлхийн Энхийн их наадам”-ын тэргүүн Г.Ганбат, “Монгол уламжлалын академи” -ийн тэргүүн Л.Дашням, “Дэлхийн Монголчуудын чуулган”-ны тэргүүн Ц.Гомбосүрэн, “Дэлхийн Энх тайвны зөвлөл”-ийн тэргүүн Д.Цахилгаан зэрэг ТББ-иуд нэгдэн жилд нэг удаа шалгаруулдаг.

Энэ жилийн нэр хүндтэй шагналыг 61800 гаруй хүүхдэд мэс засал хийсэн ЭХЭМҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Б.Энхравданд хүртээв.

Тэрбээр ХБНГУ-ын Бонн хотод яваа ч цахим дэлгэцээр мэндчилгээ ирүүлэн шагнал хүртээсэнд талархсанаа илэрхийлж, харин түүний хань С.Оюунчимэг шагналыг нь гардан авлаа. Энэ жилийн ёслолд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын мянгат малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мянгат малчдын холбооны тэргүүн Г.Сампил хүндэт зочноор оролцсон нь содон байв. Тэрбээр өөрийн малаа чанаржуулан сайжруулж буй “Өлчир омог хэвшил” гэх маллагааг бий болгож яваа өвөрмөц арга барилтай малчин юм. Түүний мал хашаагүй, өвөлжөө бууцгүй, нэмэгдэл тэжээл хэрэглэдэггүй, жилийн дөрвөн улиралд байгалийн онгон дагшин орчин нөхцөлд өсч байдаг онцлогтой. Бусад малчид шиг эм тариа, вакцин ч хэрэглэдэггүй гэнэ.Энэ өвөрмөц малчин маань “Манай дарга нар малаа үхүүлсэн малчинд өвс, тэжээл өгөөд давхилдах юм. Түүнийгээ зурагтаар дахин дахин гаргаад л…харин ганц ч мал үхүүлээгүй хүнийг огт тоохгүй, тойрч давхиад байдаг болж дээ” гэсэн нь нэгийг бодогдуулав.

Мөн ч оносон үг байна. “Энх тайван энх амьдрал миний нүдээр” хүүхдийн зургийн уралдаанд шалгарсан нийслэлийн “Ирээдүй-1” цогцолбор сургуулийн сурагч Б.Орчлон, 33 дугаар сургуулийн сурагч Э.Халиун, Дорнод аймгийн “Шинэ зуун” сургуулийн сурагч Д.Жавхлантөгөлдөр нарын шагналыг Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд гардуулав.

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны улсын аварга Н.Отгонцэцэг багштай “Ундарга” найрал дуучид ая дуугаа өргөсөн бол спорт бүжгийн дэлхийн аваргын тэмцээнд 5 дахь удаагаа оролцож шагналт байр хүртсэн бүжигчин залуусын жавхаалаг бүжиг зочдын сэтгэлийг сэргээлээ.
“Энхийн шагнал-2017” дээд шагналын эзэн Монгол Улсын гавьяат эмч, ЭХЭМҮТ-ийн зөвлөх Б. Энхравдан эмч 62 хүнээс шалгарч тунасан 6 хүнээс шүүгчийн саналаар давамгайлж энэхүү шагналын эзэн болсон.1975 онд АУИС-ийг их эмч мэргэжлээр төгсөн Дорноговь аймгийн Иххэт суманд салбарын эрхлэгч эмчээр ажлын гараагаа эхэлж хоёр жил ажиллаад 1977 оноос өнөөдрийг хүртэл ЭХЭМҮТ-д эмч, тасгийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байна. Анагаахын салбарт 45 жил ажилласнаас 42 жилд нь хүүхдийн мэс заслын эмчээр ажиллаж олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн ачтан билээ. Тиймээс ч түүнийг 2009 онд Төр Засгаас хөдөлмөрийг нь үнэлж Монгол Улсын Хүний гавьяат эмч цол тэмдгээр шагнасан. 1990 оноос Хүүхдийн бөөрний мэс заслын тасгийг анх байгуулж одоо 5 эмч, 7 сувилагчтай хүчирхэг баг болон ажиллаж 0-16 насны бөөр, шээсний замын эмгэг гажигтай хүүхдүүдийг эмчлэн илааршуулж явна. Зөвлөх эмчийн хувьд 21 аймгийн дуудлагад ч явж эмчилгээ хийсээр байгааг түүний хамт олны төлөөлөл ярив. Хүүхдийн бөөр, шээсний замын гажиг эмгэгийн 51 төрлийн өвчний мэс заслыг эдний багийнхан хийж байгаа гээд бодохоор хорвоогийн нэг хоногийн 24 цаг ч хүрэлцдэггүй мэт. Гэвч Б.Энхравдан эмчийн багийнхан амжуулж сурчээ.
МУГЖ , дуучин Б.Сарантуяа “Б.Энхравдан эмчдээ Энхийн шагнал авсныг дуулаад баяр хүргэхээр зориуд зорьж ирлээ. Хүүгээ энэ эмчээр эмчлүүлж байсан .Одоо хүү маань ханхар эр болсон. Өвдсөн зовсон хүмүүст урлагийн бид хандивын тоглолтоор тус дэм болдог. Алтан гартай эмч нараа хайрлахгүй байхын аргагүй” гэв.
Энхийн шагналыг 2011 онд МУСГЗ дипломатч Д.Цахилгаан, 2012 онд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, 2013 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, 2014 онд МУГБ С.Эрдэнэчулуун, 2015 онд Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, 2016 онд ОБЕГ-ын аврагч Ч.Ганзам, Д.Эрдэнэбат нар тус тус хүртжээ. Энхийн шагналын хүрээ ийнхүү жилээс жилд өргөжин тэлж, нэр хүнд нь өссөөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *