Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бямбасүрэн: Шатахууны үнийг шийдэж байгааг харахаар Монголын төрд тогтсон бодлого байхгүй нь батлагдлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Шатахуун импортлогчид олон хоногийн турш зориуд хомсдол үүсгэж монголчууд хот хөдөөгүй идэр есийн жавар тачигнасан эдгээр өдрүүдэд зутарч байна. Тэгтэл Засгийн газар А80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэлэх шийдвэр гаргаж асуудлыг шийдэж байгаа мэт дүр эсгэх. Энэ хооронд ард түмэн хэцүүдээд, шийдвэрээс шийдвэрийнх нь хооронд хөлд нь үрэгдэж байгааг ойлгож байгаа төрийн түшээ ганц ч алга?

-Засгийн газарт тулгарч байгаа олон чухал асуудал бий. Түүний дотроос шатахууны үнийн асуудлыг шийдэж байгаа байдлаас нь харахад, төр засагт маань тогтсон чиг, бодлого байхгүй нь харагдаж байна. Эхлээд шатахууны үнийг нэмлээ гэснээ араас нь зарим шатахуун импортлогчдод эрүүгийн хэрэг үүсгэлээ гэж баахан сүржигнэлээ. Шатахууны үнийг нэмэхгүй гэснээ “Одоо нэмнэ” гээд л. Тэгснээ 80, 92 шатахууны татварыг тэглээд бусад шатахууны үнийг чөлөөтэй тавина гэж ярилаа. Энэ бол төр засагт асуудлаа шийдэх нэгдсэн бодлого байхгүйг л харуулж байгаа юм. Шийдэж байгаа байдлыг нь харахад өрөөсгөл хандлагатай байна. Ер нь шатахууны үнэ үргэлж л Монголд амин чухал асуудал байсаар ирсэн. Үнэ нь ч, хангалт нь ч ялгаагүй л дээ, бид чинь гадны гарт байгаа юм чинь. Энэ асуудлыг төр засаг хорь гаруй жилийн хугацаанд шийдэж чадсангүй. Одоогоор шатахууны үнийн бодит суурь нь 2008 онд эдийн засгийн хямрал тохиоход газрын тосны үнэ нэг баррель нь 147 ам.доллар хүртэл өсөхөд тогтсон үнэ шүү дээ.

Гэтэл одоо жаран хэдэн доллар байхад нь л “Болохоо байлаа” гэж ярьж байна. Би саяхан тооцоо хийж үзсэн. Нэг тонн шатахуунд ногдох газрын тосны үнэ 442 ам.доллар байна лээ. Шатахуун үйлдвэрлэхэд гарах зардал бол газрын тосныхоо үнэ дээр 50-70 хувь нэмэхэд гардаг л даа. Дунджаар 50 хувь. Ингээд нийлүүлээд бодохоор шатахууны нийт зардал 600-700 орчим ам.долларт багтах юм. Гэтэл манайхан шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх асуудлаа ч шийдвэрлэсэнгүй. Саяхан Уул уурхайн сайд газрын тосны үйлдвэр Монголд ашиггүй гэх маягийн юм ярьсан байна лээ. Жил болгон тэрбум долларын зардал гаргаж байгаа. Шатахууны үйлдвэр Монголд ашигтай. Гадны хараат байдлаас гарч эдийн засгаа тогтвортой авч явахад ч тустай. Шатахууны үйлдвэр олон талын ашигтай. Гэтэл шатахуун импортлогчдын лобби гэх юм уу тэдний картель маягийн монополь эрх ашгийн тулгалтад ороод л ийм байдалд хүрч байна л даа.

-Шатахууны үнийг ингэж ялгавартай тогтоохоор эдийн засагт ямар хор хохирол учрах бол?

-Нэг хэсгийг нь тогтвортой байлгаад нөгөө хэсгийг нь сул тавьчихаар зах зээл дэх үнийн харьцаа эвдрээд, зах зээл буруу чиглэлээр явж эхэлдэг. Янз бүрийн дамын наймаа, худал хуурамч, чангарч сулрах элдэв өнгийн юм гарч ирнэ. Хэрэглэгчийн сонирхол ч дефермацид орж эвгүйднэ шүү дээ. Үүнийг бодох л ёстой байсан. Одоогийн гаргасан шийдвэр бол мэргэжлийн биш шийдвэр байлаа.

-Элдэв татварын дарамтын хажуугаар машиндаа шатахуун авах гэсэн иргэд уртаас урт дараалал үүсгэж хүйтэнд зүдэрч голынхоо сүүлийн амьсгааг шавхан орилох шиг төр засагтаа гомдон үгээ хэлж зогссон шүү?

-Харсан. Машинууд шатахуун түгээх станц дээр олноор оочерлоод нам зогсчихсон. Үнэхээр харамсалтай л даа. Ер нь эдийн засгийн аливаа хүндрэлийн зовлонг ард түмэн л үүрдэг шүү дээ. Нефть импортлогч компаниуд эрх танхи, төр засгийг дээрэлхээд сурчихсан болохоороо ард түмний эрх ашгийг хөсөр хаяад л шатахуун түгээлтээ зогсоож байна шүү дээ. Түүнээс биш Оросын талаас нийлүүлэгчид нь шатахуунаа хязгаарласан юм байхгүй. Шийдэж болох л асуудал байсан. Эрх ашгийн сонирхол нь мөргөлдөж будилсаар байгаад ард түмнийг хохироож байгаа нь харамсалтай. Тэглээ ч ид хүйтний үе тохиож байдаг. Энэ үед машин удаан зогсвол хөлдөж эхэлнэ. Жолооч хүний ажил амьдрал, хүмүүсийн ар амьдрал юу болох билээ. Бүхнийг бодолцохгүй л байна даа. Ер нь хувийн өмчийн дангаар ноёрхол төрийнхөөсөө арав дахин илүү хортой байдаг гэдэг нь харагдаж байгаа юм. 2008 оны эдийн засгийн хямралын үед, 2009 оны хавар манай шатахуун импортлогчид картель буюу үгсэн хуйвалдаж зохион байгуулалтад ороод төр засгийн тэргүүнүүдтэй уулзахад нь баяр хүргээд гаргаж байсан. Уг нь тэр үед “Тэгдэггүй юм аа, та нар” гэж хэлээд гаргасан бол асуудал өөр л байх байсан. Энэ бүхэн чинь монополь, дангаар ноёрхолтой л тулгарч байгаа асуудал шүү дээ. Тэдэнд ард түмний зовлон, амьдрал хамаа байхгүй. Зөвхөн ашиг хонжоо нь л нүднийх нь өмнө эргэлдэж байгаа.

-Шатахуун импортлогчдын увайгүй байдал, төр засгийн буруу шийдвэрүүдэд цухалдсан иргэд “Болохгүй бол тэр “Роснефть”-ийг нь оруулаад ирье л дээ” гэж эсэргүүцлээ илэрхийлсэн шүү дээ?

-Хуучин бол “Роснефть”-ийнхэн шатахуун түгээх 100 станцаа танайд барья гэдэг саналаа олон удаа тавьсан ч шийдээгүй юм л даа. Гэхдээ асуудлыг шийдэх гарц нь энэ мөн үү гэвэл миний бодоход эргэлзээтэй л дээ. Монгол орон өөрөө газрын тос олборлоод гадагшаа маш өндөр тээврийн зардалтайгаар гаргаж зөөж байна шүү дээ. Тэгэхийнхээ оронд газрын тосоо дотроо боловсруулаад зүүн бүсээ Дорнодын газрын тосоор хангаад баруун бүсээ Казахстан, Оросоос авах шатахуунаараа, төвөөрөө бол Оросоос авах шатахуунаар хангах юм бол энд адаглаад өрсөлдөөн бий болж монополь чинь задарна. Ингэж явбал зөв явна. Тэгэхгүйгээр дотоодын монополио гадаадын монополиор айлгах нь нэг их оновчтой ч юм биш шүү.

-Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдчихлээ. Энэ хавраас барилгын ажил нь бараг эхлэх юм биш үү?

-(Инээв). Уг нь Монгол орон газрын тостой л доо. 1952 онд Дорноговьд газрын тосны үйлдвэр байгуулаад 1969 он хүртэл өөрийнхөө хэрэгцээг хангаж л байсан юм. Тэр үед газрын тос маш хямдхан байлаа. Газрын тосоо нэрдэг зуухаа дэлбэлчихээд үйлдвэрээ хаачихсан юм шүү дээ. Түүнээс хойш юм байхгүй болсон. 1996 онд Тамсагаас газрын тос гаргаад Ерөнхийлөгч маань сайхан ноолууран дээлээ газрын тосоор мялаасан. Тэрнээс хойш 22 жил өнгөрлөө. “Оюуны ундраа”-гийнхан газрын тос боловсруулна гэж баахан газар авч хашаа хороо барилаа л гэсэн. Тэр нь ч бүтсэнгүй. Хэдэн жилийн турш асуудлыг яриад бүтсэнгүй. Манай Засгийн газрын үед жижиг үйлдвэрээр хангах асуудал яригдаж л байсан. Тодорхой саналууд ч байсан. Тэр үед жижиг үйлдвэр авахад хямдхан байсан л даа. 4-5 жил ажилласан үйлдвэр 1.5 сая ам.доллар, шинэ нь дөрөв, таван сая долларын үнэтэй. Гэхдээ жилдээ 100 мянган тонн шатахуун гаргах үйлдвэрүүд л дээ, тэд нар. Тийм замаар ч шийдэж болох байсан. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад нэг том саад байдаг. Гадныхантай газрын тосны гэрээ хийхдээ 1992 оны арваннэгдүгээр сард “Олборлосон газрын тосыг Монголд боловсруулахгүй” гэж тусгасан юм билээ. Тэр нь их сонин. Юуны төлөө газрын тос олборлож байгаа билээ. Өөрөө боловсруулахгүй гэж гэрээ хийнэ гэж байх уу. Тэрэндээ хүлэгдсээр яваад одоог хүртэл газрын тос нь Монголын мэдэлд байхгүй байгаа. Үүнийг хуулиар шийдэх ёстой. Ингэсний дараагаар л боловсруулах тухай ярина. Сайншандад Энэтхэгийн зээлээр боловсруулах үйлдвэр барина гэж яриад байгаа юм. Гэтэл өмнө нь Энэтхэг улстай хамтран гангийн үйлдвэр барина гэж ярьж байгаад бас л бүтээгүй шүү дээ. Тийм болохоор итгэл үнэмшил үүн дээр бага л даа. Том үйлдвэрийг барихад хөргөлт нь усан хөргөлт байх хэрэгтэй болно. Тэгэхээр Сайншанд усны хангамж хэр билээ гэж бодох ёстой. Уг нь Дорнодын нутагт үйлдвэрээ бариад газрын тосоо боловсруулбал нэгдүгээрт, тээврийн зардал нь бага. Хоёрдугаарт, ус нь ойрхон л доо. Ийм байтал шийдэж болоогүй юм болов уу даа. Бүгдээрээ Дорноговь руу л гэх юм. Тээврийн зардал нь их гарна шүү дээ.

-Манай шатахуун импорт, нефтийн салбарын ойрын ирээдүйд дорвитой өөрчлөлт гарахгүй бололтой, тэгвэл?

-Олон улсын мэргэжил-тнүүдийн үнэлж байгаагаар хэрвээ Ойрхи Дорно, Арабын ертөнцөд цэрэг дайны хямрал үүсэх юм бол газрын тосны баррель нь 200 ам.доллар хүртэл нэмэгдэнэ гэсэн прогноз байгаа. Өрсөлдөөний жамаар тогтож байгаа үнэ нь одоо баррель нь 60, 70 орчим ам.доллар гэсэн таамаг бий л дээ. Ер нь цаашдаа 80 ам.доллараар бодоход алдахгүй. Тэрнээс бодож эдийн засгийн тооцоогоо хийх юм байгаа биз ээ. Газрын тосны үнэ 147 доллар болж байхад нэг доллар 1169 төгрөгтэй тэнцэж байлаа шүү дээ. Одоо нэг доллар 2400 төгрөг болчихлоо. Хоёр дахин өсчихсөн. Газрын тосны үнэ алдагдалтай болох нөхцөл байдлыг манай инфляц үүсгээд байна. Инфляци юунаас үүсэв гэхээр төр засаг маань валютын нөөцөө тарамдуулж хаячихаад үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж өр зээлэнд орсноос болсон. Ингээд бодохоор газрын тосны үйлдвэрлэлийн ирээдүйг шийдэхийн тулд дотоодын хүчин зүйлүүдийг цэгцлэх хэрэгтэй.

-Төр засгаас гаргаж буй шийдвэр болгон ард түмнийг сөхрүүлэхэд чиглээд байх юм. Уг нь ард түмнээ баян чинээлэг биш юмаа гэхэд ядаж амар амгалан, дутагдах гачигдахгүй амьжиргаатай болгохын төлөө зүтгэх ёстой сон?

-2016 оноос хойш олон янзын байдлаар ард түмний амьдралд дарамт нэмэгдэж байна. Тэтгэврийн насыг сунгах, татварын асуудлууд, инфляц гээд. 2016 оноос төгрөгийн ханш 30-аад хувиар уналаа шүү дээ. Энэ чинь бүх монголчуудын амьдралд 30 хувийн дарамт учирлаа гэсэн үг. Яагаад төр засгийн бодлого нь ард түмэн рүүгээ чиглэхгүй байна вэ гэхээр төр засаг маань ард түмэндээ үйлчлэхгүй, олигархи бүлэглэлд үйлчлээд байна. Эрдэнэт, Оюу толгойг тойрсон маргаан, Таван толгойг тойрсон нүүрсний салбарын маргаан, одоо хил дээрх, Гашуунсухайт дахь асуудал энэ бүхэн бол олигархи засаглалын л үр дагавар. Эдийн засгийнхаа бололцоо, нөөцийг ард түмнийхээ амьдралыг тогтворжуулж, сайжруулахын оронд цөөн хэдэн баячуудыг тэтгэхэд зориулж байгаа учраас байдал ийм болоод байна л даа. Нөгөө талдаа төр байгуулахдаа ямар төр байгуулдаг билээ гээд эргэж харах хэрэгтэй болж л дээ. Машины дөрвөн дугуй нь доороо, дээр нь хөдөлгүүрээ байршуулаад бүхээгт нь хүмүүс сууж явдаг биз дээ. Гэтэл одоогийн Монголын төр чинь дөрвөн дугуйг нь хөдөлгүүр, бүхээгнийх нь дээр тавьчихсан юм шиг тийм нэг хэрэгсэл болоод байна. Ийм хэрэгсэл яасан ч өнхөрч, урагшилж чадахгүй. Кабиндаа байгаа улсуудаа л дороо хийгээд байхаас өөр юу ч хийж чадахгүй. Ийм байдалтай болоод байна даа. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг зөв хийгээд, жинхэнэ ард түмнийхээ төлөө үйлчилдэг төр засагтай болох нь Монголын хамгийн гол асуудал болоод байна. Бидний энгийн ярьдаг ярианы хэлээр бол Монгол оронд шударга ёс байхгүй болсонтой л холбоотой. Улс төрийн намууд, төрд гаргаж байгаа хүмүүс нь юу хийж байгаа билээ гэдэг нь бидний нүдэн дээр ил байна шүү дээ. Бензин тос, татварын асуудал энэ чинь бүгдээрээ л төр засгийнхны хийж байгаа асуудал. Монголын эдийн засгийн хямралыг хэн эхлүүлэв, хэн бий болгов гэхээр төр засаг л бий болгодог. Түүнээс биш эдийн засаг өөрөө явсаар байгаад болохоо байж хямарна гэдэг их ховор үзэгдэл. Төрийн бодлоготнууд байгаа мөнгөө үрэн таран хийж, гаднаас зээл аваад буруу зөрүү явуулж л хямраадаг шүү дээ. Сүүлд нь тэрнээсээ болж хоорондоо баахан тэмцэлдээд төр засаг нь солигдож эзгүйрсэн байдалд хүрдэг. МАН-ынхан өнгөрсөн сонгуулиар Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэхэд нь монголчууд их найдаж харсан. Юмыг мэргэжлийн хүний нүдээр харж, чаддаг, мэддэг нь төр засгаа авч явах нь дээ гэтэл түүнээс хойш хоёр ч засаг солигдлоо. Энэ засаг олон асуудлыг зөвхөн мэрж л байна. Тал бүрээс нь янз янзаар. Заримдаа боддог юм. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд Мэрэгчдийн Засгийн газар байгуулчихсан болов уу даа.

-Төрд гарсан хүмүүсийн нэг тийм хандлага байна. Ард түмнийг яаж ч дарлаж, мөлжиж байсан өөдөөс юм дуугардаггүй юм гэсэн үл ойшоосон байр байдалтай байдаг нь анзаарагдаад байгаа юм. Сүүлийн үед үл ойшоох байтугай хүн чинээ бодохгүй байна. Жинхэнэдээ ард түмэн гэж ямархуу хүчтэй хүмүүс юм бэ?

-1990 онд ард түмэн гэж ямар хүчтэй хүмүүс байдгийг харсан шүү дээ. Монголын нутагт 70 жил тогтсон социалист дэглэм гэж царцчихсан бетонон хана байлаа шүү дээ. Тэрийг чинь олон түмэн хэд уухайлаад түрээд л унагачихсан. Тэгэхээр ард түмэн гэдэг ийм л хүчтэй байдаг юм. Монголчуудын нэг онцлог бол европчуудтай адил асуудал гарахад л тэрийг дагаж жагсаал цуглаан хийгээд дугуй шатаагаад байдаггүй л дээ.

-Монголчууд их хүлцэнгүй юу?

-Хүлцэнгүй. Нэлээд харзнана. Тайван байж байгаад болохоо байлаа гэхэд сая хөдөлнө. Монгол хүн ташуураа бариад, мориндоо нэг мордсон бол хэцүү шүү дээ. Тэрнийг нэг их өдөөх хэрэггүй юм. Монголчуудад одоо тохиолдож байгаа гол асуудал нь юу вэ гэхээр бидний хүсэл бодлыг илэрхийлэх улс төрийн хүчин, бодит үнэнийг нь ойлгуулаад зөв замыг жолоодох улс төрийн хүчин алга. Улс төрийн хүчний хувьд манай орон мөхөсдөж байна. 1990 оны өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам бол ардчилсан замналын төлөө, социализмаас гарахын төлөөх зорилготой улс төрийн хүчин байсан учраас ард түмэн маш их дэмжиж ирсэн. Гэтэл сүүлдээ явсаар байгаад улс төрийн гол хоёр хүчин маань сонирхлоороо сүлбэлдсэн ийм байдалтай болчихоод байгаа болохоор ард түмэн чинь итгэж чадахгүй завсрын байдалд ороод байна. Нөгөө талд нь Монголын иргэний нийгэм сул байна. Иргэний нийгэм, гуравдагч хүчний асуудал Монголд үнэхээр чухал. Улс орныхоо бодит байдлыг зөвөөр үнэлээд гарах гарцаа зөв олохтой л холбоотой асуудал. Түүнээс биш одоогийнхоо юмыг нураагаад хаячихъя гээд одоо байгаагаасаа дор замаар явбал хэрэггүй л дээ.

Үндсэн хуульд “Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмд зорино” гэж заасан мөртлөө одоо байгаа нийгмээ харахаар олигархи нь ноёлсон зэрлэг капитализмын систем рүү яваад байгаа юм шүү дээ.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдсан гол сэдэв бол Монгол төр цэвэр, шударга байх ёстой. 60 тэрбум, оффшорын асуудлаас цэвэрлэх ёстой гэсэн хүсэл зориг байлаа. Энэ нь Монголын нийгэмд маш том долгион үүсгээд тэр долгион нь МАН-ын Засгийн газрыг солиход хүртэл нөлөөллөө. Үүнд Ерөнхийлөгчийн нөлөөлөл байна, оролцоо байна гэсэн хардлага байдаг. Миний бодлоор Ерөнхийлөгчийн сонгууль энэ долгионыг эхлүүлсэн. Хэрвээ МАН-ын нэр дэвшигч нь Ерөнхийлөгч болсон бол энэ долгион, доргион үүсэхгүй шүү дээ. Нийгэмд бугшсан элдэв өнгийн асуудлууд сөхөгдөхгүй байсан. Энэ нь 2017 онд монголчуудын олж авсан нэг том ололт юм даа. Нөгөө талдаа 2017 он монголчуудын хувьд нэлээд хүнд сорилт байлаа. Эдийн засгийн маш хүнд байдал, өр зээлэнд орж эдийн засаг дампуурлын ирмэгт тулсан. Энэ үед найрсаг харьцаатай хоёр хөрш, гуравдагч хөрш гэгддэг орнууд дэмжиж байгаад эл байдлаас аль болох тойруулж гаргалаа. Одоо Монголд ойрын хэдэн жилдээ дампуурал гэдэг асуудлыг хурцаар тавихгүй. Гэхдээ бид төрийн бодлогоо засч чадаагүй байна. Дахиад өрийг өрөөр дараад явах зам руугаа орж байна. 2016 онд Монголын нийт өр 21 тэрбум доллар байсан бол одоо 27 тэрбум доллар руу дөхөж байна. Өр асар хурднаар өсч байна. Энэ тайвшрах, сэтгэл амрах зүйл биш ээ. Хэдийгээр хурц асуудлыг өнгөлж далдалж байгаа ч цаашдаа, ирээдүй хойч үедээ бид их ачаа нэмж байна. Хөгжлийнхөө ирээдүйг улам холдуулж байна. Үүнээс гарахад төрийн бодлого зөв байгаасай, гол зангилаа асуудлаа шийдэхдээ нийгмийн хүч дэмжлэгээр зангидах ийм чиглэлтэй байгаасай. Энэ нь 2018 оны зорилт болох юм байгаа биз дээ.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *