Categories
мэдээ улс-төр

Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай төслүүдийг хэлэлцжээ

Зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Энэ 4 улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг урагшлуулах, хөгжлийн туршлага солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад тус дөхөм болох аж.

Түүнчлэн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын олон талт механизмийн хүрээнд нийтлэг ашиг сонирхолынхоо төлөө харилцан дэмжиж, хамтран ажиллах боломжууд нэмэгдэх талтай. Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Иймд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр батлагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *