Categories
мэдээ цаг-үе

Монгол найргийн улаан алмааз эрдэнэ Цэгмидийн Гайтав

Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ, Ц.Гайтав нар

“Тэрээр гуниж гутахыг мэдэхгүй юм шиг уужим сэтгэлтэй. Түүний яруу найраг сэтгэлийнх нь угийн бадрангуй сайхны дуулал болон цуурайтдаг сан” гэж Сэнгийн Эрдэнэ, Цэгмидийн Гайтавынхаа тухай өгүүлсэн нь бий. Эрдэнэ, Явуухулан, Гайтав гурав бол хорин есөн онд төрсөн үе чацуутнууд юм. Зохиолчдын эвлэлтэйгээ нас чацуу, ирэх жил ерэн жилийнх нь ой тохиох ийм л аваргууд.

Монголын туульсын томоохон хэмжээний найраглалын онцгой содон төлөөлөгч Гайтавын тухай өнөөдөр цөөн ярих болж. Харин дурсаж гэмээнэ өнөө социализмын үеийн уриа дуудлага болсон Сүхбаатар, Чойбалсан, Лениний тухай найраглалуудыг нь хэлж, “Коммунист шүлэгч” гэх тодорхойлолтоос цаашгүй төдий.

“Гайтав гуайг одоогийн залуус буруу ойлгож дэндүү наана үнэлдэг шиг санагдана. Хувьсгалчдыг магтан дуулагч, улаан хамарт, архины лүү гэх маягтай. Яагаад тэдний тухай бичиж болохгүй гэж. Уран зохиолд бичиж болохгүй сэдэв гэж байхгүй. Харин “Улаанбаатарын вальс”-ынх нь аялгуунд бүжихдээ хэн маань ч Гайтав гуайгаа дурсах нь үгүй. “Манай Маяковский”, “Гайтав шаталж бичихээрээ зартай”, “Тэр бол нам төрийн том найрагч” гэх тодорхойлолтууд мань эрд тус болохоосоо ус болсон ч байж магад. Түүнийг Монголын утга зохиол мартах учиргүй. Их утга зохиолд тэнхээ заан орон зайгаа эзэлсэн хүн бол одоогийн залуусын дооглоод байгаа улаан хамарт Гайтав чухамдаа мөн. Гайтав гуайн утга уянгын хүн үнэмшмээргүй шүлгүүдээр хэн нэгэн нь ном хийдэг ч болоосой гэж хүсэмжилж суудаг” тухайгаа эрдэмтэн зохиолч Лувсандамбын Дашням бичсэн байдаг.

Үнэндээ Гайтав гуайн түүвэр ботиудыг уншихад эрдэнийн шигтгээ шиг гялалзаж гялтганасан шүлгүүд олон таардаг билээ.

“Тархиараа бодож зүрхээрээ бичсэн шүлгүүд минь

Таны өмнө зорин байж золгож явбал

Үзэг гартаа барьсан хэрэг бүтэх нь тэр

Үг холбож өрсөн хүсэл биелэх нь тэр

Тэнэгэр талаар хүлэг морины чадал гаргаж

Тэнгэр дундуур хүчит шонхрын жигүүр зааж

Бадаг бүхнээрээ дэвэн дэвсээр зүсээсэй

Байц өндрийг даван давсаар нисээсэй… хэмээх омог төгөлдөр, утга яруу туурвилчийг “намын шүлэгч” гэж тодорхойлох нь гунигтай. Мөн түүнд “Балатон нуурын эргээс” гэж сайхан шүлэг бий.

“Цэгээн өнгөтэй Балатон нуурын элгэн дээгүүр

Цагаан өнгөтэй усан хөлөг мөрөө гаргана

Яарсан онгоц холдон холдоод тэнд хүрэхэд

Явсан мөр нь үлдэн үлдээд энд хоцорно

Замаар нь цахлай шувуу нисэн явна

Загас жараахай юу магад гэж горилон дэвнэ

Олзтой болоод л тэд ингэж дандаа

Онгоц дагаж олноороо явдаг байлгүй

Униарт Балатон нуурын зах үл үзэгдэн

Уудам тэнгэрийн хаяатай цуг нийлээд

Тэнгэр нуур хоёр тээр тэнд очоод

Тэврэлдсэн юм шиг л нүдний үзүүрт сүүмийнэ…” хэмээн яг л зураг шиг нүднээ үзэгдэх, хөл хөөр, хөдөлгөөн дунд бичигдсэн эл шүлгийг миний бие оюутан ахуйдаа улаан хавтастай дөрөвдүгээр ботиос нь олж уншаад шүүрс алдан шуудхан л цээжилчихэж билээ.

“Арц Богдын өвөрт

Харц ардын гэрт

Гандан хийдийг ч ухаараагүй

Гайтав гэгч хүү төрсөн нь

Би өөрөө

Хурганы хошуу долсож

Иргэний өвчүү түшиж

Хөдөө газрын амьдралд

Хөлөө сайртуулсан хүү

Онож онож өгсөн газарт нь

Олон хүслийг шугамдаж

Яван явсаар сүүлд нь

Яруу найраг шугамдсан” хэмээн өөрийгөө тодорхойлсон суут найрагч яах аргагүй Оросын улс төр, иргэний яруу найргийн онцгой төлөөлөл Владимир Маяковскийг үнэн зүрхнээсээ шүтдэг байжээ. Цэл залуухан байхаасаа л Маяковскийн зузаан зузаан ботиудыг номын шүүгээнийхээ дээд талд хүндэтгэлтэйгээр байрлуулж, зургийг нь бичгийн ширээнийхээ ард талын хананд хадчихаад ширтэж суудаг байсан юм гэнэ лээ. Чойжилын Чимидийн орчуулсан “Зөвлөлтийн паспорт” хэмээх Маяковскийн шүлгийг залуухан Гайтав үдэшлэг уулзалт дээр шаталсан хэлбэрээр нь уран яруу уншдаг байсныг үеийнх нь дурссан байдаг.Тэрээр өөрийгөө Маяковскийн шүлгийн айзам цохилтыг тааруулан сүрлэг уншиж чаддаг ганц хүн гэдэгтээ итгэл төгс байжээ. Жаахан халамцахаараа амаа томоор ангайгаад “бөмбөр бөмбөр модондоо” гэж дуулна. Нулимс гарах нь ховор хүн боловч тэр дууг дуулахдаа яагаад ч юм нүдээр ус гүйдэг сэн. Тэр дууг Цогзолмаа гуайн дуулах нь түүнд урлагийн дээд байсныг Эрдэнэ зохиолч хэлээд “Ээжийгээ “Цэгмид чавганц” гэж өхөөрдсөн шоглосон хоёрын хооронд хэлнэ. Гайтавын ээж тэр “Цэгмид чавганц” үнэндээ буянтай хөгшин сөн. Хожим Өвөрхангайн Богдоос хүүгийндээ ирээд байхад нь бид өнөөх муу зуршлаараа бужигнахад Их Богдын хүрмэн хад шиг түмэн үрчлээт даанч уужим хүлцэнгүйн гэрэл цацруулан, хүүгийнхтэйгээ адил ухаалаг доогтой нүдээ жартайлган харж хуучин муу тод толгойгоороо тамхилж суудаг сан” хэмээн дурссан нь бий.

Төрийн шагнал хүртсэн “Дамдины Сүхбаатар” найраглалынхаа мөнгөөр гэртээ цагаан толгойтой ор, хивс, баян хуур, өөртөө хар бостон даавуу гимнастерк, галифитай өмд, урт түрийтэй савхин гутал, саарал бүрх малгай зэргийг худалдан авчээ. Тэгээд баян хуураараа өнөө “бөмбөр бөмбөр модоо” хөгжимдөн дуулж байсан нүднээ үзэгдэх шиг болдог юм. Шагналынхаа үлдэгдэл мөнгөөр “ИЖ-49” мотоцикль авч тугал нүдэн Эрдэнээгээ сундлаад Туулын хөвөө юм уу, Сэлбийн голыг өгсөөд салхи татуулж явсан түүхтэй.

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа Эвлэлийн төв хороонд ажиллаж байхдаа Гайтав гуайтай хар чек мотоцикльтой нь сундалдаад Богд уулын ам өгсчээ. Тэгтэл

Туулын гүүрний тэнд мотоцикль нь унтарчихаад хоёул түрээд арай гэж хот руу орж ирж байсан тухай дурсамж бий. Тухайн цагт Дулмаа гуай тэр хоёрыг холбосон янз бүрийн яриа гаргаж, онигоонд оруулна. Энэ тухай өөрт нь хэлэхэд маш их бухимдаж уурладаг байсан гэдэг. Ер нь тэрээр насны хань Лхамсүрэнгээсээ өөр хүнтэй нэр холбогдоогүй, хайр дурлал ярихаар “заваан юм, бүдүүлэг юм” гээд хүлээж авдаггүй байсан гэдэг. Ямар сайндаа

“Яруу найргийн хаан

Янаг амрагийн дайсан

Яравгар улаан Гайтав” гэх шүлэг хүртэл гарахав дээ.

“Долоочихсон юм шиг өнгөнд чинь болсонгүй

Доржпалам шиг шигтгээтэй бөгжнд чинь болсонгүй

Хайр дурлалынхаар атгасан

Хамгийн анхны мутар нь

Харин таных байлаа…” гэж ханьдаа зориулсан цорын ганц дурлалын шүлэгтэй юм дуулддаг. Гайтав гуайтай архи уух нэг талын хэцүү. Мань эр согтохоороо шууд л сэргийлэх рүү ярина. Цагдаагийн жолооч давхиж ирэн Гайтавыг гэрт нь хүргээд хамт явсан нөхрийг нь баривчлаад аваад явчихдаг тухай онигоо маягийн яриа бий.

Цагдаагийн газар руу гэснээс Гайтав зохиолч халамцуу үедээ Улс төрийн товчоо, сайд нарын зөвлөл рүү утсаар ярьдаг бичигдээгүй хуультай гэж байгаа. Нэг удаа Дулмаа зохиолчийнд ирж шараа тайлан багагүй халамцчихаад гэрийнх нь утсаар

Сайд нарын зөвлөлийг орлогч Пунцагноров руу ярьж “Намайг гадаад явуулна гэсэн яасан бэ” гээд тулган асууж л дээ. Дулмаа гуай санаа нь зовоод “Та согтохоороо яах гэж хамаагүй дээшээ ярьдаг юм бэ” гэхэд “Ярилгүй яадаг юм. Эд нар чинь дэндүү жаргаад, зарим хэлсэн үгээ мартчихдаг юм. Би сануулж байгаа юм” гэж хариулсан байдаг.

Гайтав гуай шүлгийг ядах юмгүй хурдан бичдэгийг нь Дулмаа найрагч ийн дурсч байна. “Гол төлөв улс төрийн шүлэг бичнэ. Тэгэхдээ маш хурдан бичдэг байлаа. Нэг удаа “Үнэн” сонинд улсын баярын шүлэг өгөх захиалгатай байсан. Гэтэл шүлэг байдаггүй. Сонин шилжих гээд байдаг. Намсрай эрхлэгч дуудаад “Одоохон машин аваад яв. Гайтавыг гэрээс нь олоод ир” гэв. Өглөө арван цагийн үед гэрт нь очлоо. Гайтав бор торгон дээл өмсчихсөн, урдаа нэг шил виски тавьчихсан, нэлээд халамцуу сууна. Таныг эрхлэгч хүрээд ир гэж байна гэлээ. Дэбо яах гээ юм бол гэв. Манай эрхлэгчийг Гайтав “дэлдэн боохой” гэж хочилдог байж л дээ. Тэгээд л “дэбо” гэж байгаа нь тэр ажээ. Дуртай дургүй хувцсаа өмсөөд намайг дагаад явлаа. Өрөөнд ортол эрхлэгч инээгээд “Одоохон соёлын хэлтэст орж суугаад манай захиалсан баярын шүлгийг бичээдэх” гэв. Эрхлэгч намайг “Цаадахыгаа гаднаас нь цоожилчих. Аягүй бол шараа тайлах гээд гараад явчихна гэлээ. Хориод минут болов уу, үгүй юу хаалга балбаад, хүүе та нар энэ шүлгээ аваач гэж байна. Жараад мөр тун сайхан шүлэг байж билээ. Ингэж би Гайтавыг шүлэг түргэн бичдэгийг нь үзсэн юм”.

Улс төрийн шүлэгч гэгдэх энэ эрхэм жинхэнэ онигооны эзэн явсан нь зохиолч нөхдийнх нь ярианаас илт мэдрэгддэг. Өөрөө онигоонд ороод зогсохгүй бусдыг явуулах, үгээр идэхийн мастер байж шүү. “Нэгэн удаа Явуу, Эрдэнэ, Ванган, ардын жүжигчин Гэндэн, орчуулагч Самбуугийн Бадраа, нөхөд нь Монцамэ-гийн Цунцаамэ гэж авгайлдаг сэтгүүлч Зундуй нар Явуугийнд элдвийг ярьж суусан. Энэ үед яриан дундуур нь утас дуугарсан нь “Хүрэн морь”-ны Чойжилжавын Лхамсүрэн гуай байв. Тэрээр Цэгмидийн Гайтавтай Батсүмбэрийн сангийн аж ахуй орж уулзалт хийж баяжчихаад байгаа юм байж. Явуугийн зочид тэднийх рүү хөдлөв. Гэрийнхэн нь зусланд гарчихсан гээд Их дэлгүүрийн тэндэх сууцандаа байж байв. Тасарсан яриа дахин үргэлжилж, дуу хуур болж хамгийн олон дууны шүлэгтэй хэрнээ ганц ч дуу дуулдаггүй Явуу гоё гаансаараа утаа савсуулан дуугүйхэн суусан сан. Лхамсүрэн гуай 300 төгрөгийн шагнал авсан байжээ. 150-ийг нь Лхамсүрэнд гэж өөрөө хуваарилав. Гайтав намайг дооглож шүлэг бичээд, би ганц сайн чадаад хэмээн Лхамсүрэн гуай чанга инээж суусан. Сангийн аж ахуйн даргыг нь Дарамжав гэдэг юм байна. Гайтав цус

“Дарамжав гэсэн чинь

Барамжав юм байна.

Лонх гэж санав уу,

Данх саваар цутгаад

Хүрэн морийг Сүмбэртээ

Бүрэн гүйцэд сөнөөв өө” гэж байхгүй юу. Тэгэхээр нь би бас мөчөөгөө өгөхгүй

“Пүүшиг зуудаг

Пойшиг уудаг

Өнөө үеийн Ойдов

Өвөрхангайн Гайтав” гээд дөнгөчихсөн юм, муу туучийг гэж байлаа” хэмээн Дөнгөтийн Цоодол найрагчийн халуун дурсамж бий. Энүүхэн дурдатгалаас Ламын гэгээний цоохор гэгддэг “Хүрэн морь”-ны Лхамсүрэн гуай, төрийн шагналт найрагч Цэгмидийн Гайтав нарын дүр зураг бас л томруун уншигддаг юм. Онигоо гэснээс Чойжилын Чимид, Гайтав хоёрын нэгнээ явуулсан зүггүйтэл, мөчөөрхөл, үгэн идэлт дундаас Монголын залуучуудын сүлд дуу төрсөн түүх ч бичигддэг билээ.

“Нэг өглөө Гайтав гүн шартчихсан хогийн сав руу толгойгоо шаагаад бөөлжиж, нулимж тун хэцүү сууж байтал гялалзсан цовоолог найрагч Чимид орж ирээд шууд шүлэглэж

Тантан Гайтав хоёр ихэр юм

Тамхи архи хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн чөдөр юм

Маргааш өдрийн чөтгөр юм” гэжээ. Огьж суусан Гайтавын хаанаас нь гарсан юм бүү мэд, тэр дор нь шууд нь

“Өмд Чимид хоёр ихэр юм

Өнөөх тэр хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн янхан юм

Маргааш өдрийн ялтан юм”

гэж дайруулж хэлсэнд Чимид “За хоёулаа үүгээр буурал Даржааг бут ниргэчих үү гээд хоёул ганц гожин “юм”-аар дотроо засч суухдаа түрүүчийн бадгийн хэмнэлээр

Улаан туг, залуучууд хоёр ихэр юм

Уралдаан ялалт хоёрын нөхөр юм

Манай өнөөдрийн золбоо юм

Маргааш өдрийн гялбаа юмгэж.

Монголын залуучуудын шинэ марш дууг зохиосон цадиг түүх бий. Буурал Даржааг ниргэх гэдэг нь “Онон Туулыг харахад ээжийн минь сүү шиг санагдана” гэсэн үгтэй залуучуудын дууг Даржаа зохиосныг өөрчилнө гэдгээ хэлсэн хэрэг ажээ.

“Дөчин найман оны өвлийн эхээр нийслэлийн хоёрдугаар сургуулийн олон цонхтой дүнзэн байшингийн танхимд залуу зохиолчдын зөвлөгөөн болов. Тэр зөвлөгөөнд офицерийн сургуулиас хожим нэртэй орчуулагч болсон Аминдаваа, “Хүний ганц” роман бичсэн Загарын Сандагаа бид гурав оролцсон юм. Санхүүгийн техникумаас Гайтав гэж урт хар нэхий дээлтэй, Иванкалан (Бэгзийн Явуухулан) гэж нэг янзгүй хавар намрын пальтотой нөхөр ирсэн. Бааст гуай залуу зохиолчдын бүтээлийн тухай илтгэл тавьж, “Төрсөн газар” гэдэг миний шүлгийг сайн жишээ болгон царгиа нарийн дуугаар уншлаа. Дараа нь үдэшлэг болж Гайтав, Явуу бид “Залуу зохиолчдын цоморлиг” гэж будгийнх нь үнэр арилаагүй шинэ номонд орсон шүлгүүдээ уншиж байлаа” хэмээн Эрдэнэ гуайн дурсамжид бас л бий сэн. Эрдэнэ, Гайтав, Явуу гурав яалт ч үгүй л бар багаасаа нөхөрлөсөн, Монголын их утга зохиоллын эрдэнийн гэрэлт чулууд байж дээ.

“Би амьдралдаа ганцхан удаа архи уусан. Харин түүнээс хойш дандаа шараа тайлсан юм” гэж Гайтав гуайн “алдартай” үг бий л дээ. Сонирхолтой нь энэ үгээ Бал даргад хэлчихсэн юм гэнэ билээ. Халамцуухан явсан Гайтавтай цэцэрлэгт Бал дарга халз таарчихжээ. Тэгээд “Нөхөр Гайтав чиний тухай янз бүрийн яриа надад ирэх болсон. Чи чинь дандаа л согтуу явдаг гэв үү” гэхэд Гайтав огтоос эмээсэн янзгүй улаан нүүр рүү нь харж байгаад “Дарга минь би амьдралдаа ганцхан удаа архи уусан. Харин түүнээс хойш дандаа шараа тайлсан. Намайг муу хэлж танд сайн хүн болж харагдах гэсэн нөхдийн ховын үгээр та хоол хийх хэрэггүй байх аа. Эр хүнд дэмий зүйл” гэчихэж л дээ. Тэгэхэд нь Бал дарга “за ойлголоо. Нөхөр минь чи шараа багахан шиг тайлж үзээрэй” гэх инээдтэй гэмээр яриа байдаг. МХЗЭ-ийн төв хорооны дарга Пүрэвжав нэг удаа дэлхийн залуучуудын их наадамд зохиолч авч явна гэхээр нь “Та Дашдооровыг аваад яваач” гэж нэг нь хэлж л дээ. Тэгтэл дарга хариуд нь “Тэр хар архичингаар чинь яах юм. Би Гайтавыг авч явна” гэснээс үүдэн зохиолчдын дунд Гайтав цагаан архичин, бусад нь хар архичин гэсэн шог яриа гарсан ч дуулддаг л юм.

Улаан хамарт зохиолч сүмбэ шиг сайхан гар хуруутай хүн байсан нь нэртэй орчуулагч Хасбаатарын Мэргэний ярианд гардаг. “Намайг төрөхөд Гайтав гуай шүлэг зориулж бичиж байсан. Манайхаар их орж гарна. Надтай шатар нүүнэ. Халамцуу байхдаа надад хожигдоно. Сүмбэн цагаан хуруутай, тэдгээр нь хойшоо их хотойдог, уран гоё гартай хүн байсан. Хожигдохоороо тэр уран гоё хуруугаараа миний гарыг ороож ирээд л баяр хүргэн, биеийн тамир мандтугай гэж хэлдэг сэн” хэмээн дурсчээ.

Намуухан шөнө түг түмэн зулаа асааж

Нарлаг өдөр түм буман толио гялбуулж

Хөх цэнхэр тэнгэрийн дор дурайсан

Хөвч ханхар уулын ард ярайсан

Улаанбаатар хот минь хүч чадлаа хөвчлөөд

Улс Монгол орныхоо амьсгал болон тэлж байна” гээд “Улаанбаатарын вальс” эгшиглэхэд хэн хүний сэтгэл догдолж, хийморь сэргэд ирнэ. Үүнд Гайтавын үнэ цэн орном буюу. “Гайтавын шүлэг найргаас үгсийн эгшиглэн зохицол, монгол шүлгийн гүн ухаан, цэцэн мэргэн тансаг хээ хуар ямагт мэдрэгддэг. Яруу найргийнх нь увдис, урлах эрдмийг гүн эзэмшсэн хүнээс л гарах авьяас, сэтгэлийн долгис давалгаагаар цалгилдаг” гэж үгийн мастерууд нь үнэлдэг билээ л.

“Дээдсийн тавьсан газар

Дэрний нь чулуу бүлээн бий

Дэргэд нь боссон барилгын

Дээвэр төмөр халуун бий” гэж бичээд “Ухаантай сайхан ардыг удмыг таслахгүй юм шүү” гэж хэлснийг нь санахад сайхан. Ийм л омог төгөлдөр найрагч хүмүүний хорвоод ердөө тавиадхан жил наслаад буцжээ. Одоогоос найман жилийн өмнө шиг санагдана, Гайтав зохиолчийн ганц охин Адъяасүрэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдөж билээ. Дээр үеийн зургийн цомгоо бариад аав ээжийнхээ олон дурсгалтай зургийг үзүүлж, хоёул оройжингоо хуучилж суусан. Аавынхаа бичгийн ширээ болоод номуудыг нь хамгаас илүү хайрладгаа хэлж, олончиг дурсамж дурдатгалыг хөврүүлсэн тэр эгэл сайхан эмэгтэй өнөөдөр бидний дунд байхгүй нь харамсалтай. Далан есөн онд зохиолчдын эвлэлийн 50 жилийн ойгоор Гайтав гуай соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байдаг. Түүнийхээ дараахан өнгөрчихсөн.

Түүнийг “Монгол найргийн улаан алмааз эрдэнэ” хэмээн үе үеийн найрагч нөхөд нь тодорхойлдог нь учиртай. Тэрээр шүлэг найраглалаар ч, их утга зохиолд үлдээсэн өөрийн орон зайгаараа ч, амьдарч асан он цаг, хүнийхээ зан чанар, жудаг ёсоороо ч үнэхээр л улаан алмааз эрдэнэ байж дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *