Categories
мэдээ улс-төр

М.Мөнхбаатар: Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийг олон улсын түвшинд эрх ашгаа хамгаалахаас өөр гарцгүй болгож байна

Монгол Зэскорпорацийн ТУЗийн дарга М.Мөнхбаатар мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ өмнө Засгийн газар тус корпорацитай хэлцэл хийгээгүй гэж онцолсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн сарын өмнө манай өмчийг нийгэмчлэх Засгийн газрын тогтоол гарсан нь буруу гэдэг нь арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор батлагдсан. Өнгөрсөн пүрэв гаригт гэнэт Засгийн газрын хуралдаан хийж, шийдвэр гаргасан нь мөн л улс төрийн амлалттай холбоотой. Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн дотор шийдвэр гаргана гэсэн амлалтандаа хавчигдаж ийм шийдвэр гаргасан гэж бид үзэж байна. Дээд шүүхийн шийдвэрийг давж, түүнийг үгүйсгэсэн байдлаар Засгийн газрын шийдвэр гарч байгаад бид харамсч байна.

Нэг намын, нэг парламентаас байгуулагдсан хоёр Засгийн газар нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь дахиад өмч хурааж байгаа үйл ажиллагаа болж байна гэж бид үзэж байна.

Засгийн газрын зарим гишүүдийн хэлж байгаагаар буруу мөнгөөр авсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандах эрх нь Засгийн газрын гишүүд болон агентлагуудад бий.

Гэхдээ энэ нь тогтоогдсон зүйл байхгүй. Бид Монгол Улс болон олон улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомж, гэрээ хэлцлийн дагуу энэ худалдан авалтыг хийсэн. Санхүүжилт маань олон улсын хууль тогтоомж гэрээ хэлцлийн дагуу хийгдсэн.

Үндсэн хуулийн цэцэд маргаан явж байгааг та бүхэн мэдэж байгаа. Нэр бүхий иргэд өнгөрсөн 2017 оны хавар Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан. Манай компанийн зүгээс УИХ-ын тогтоолтой санал нийлэхгүй байгаа гэсэн тайлбараа ҮХЦ-д 2017 оны наймдугаар сард гаргаж өгсөн. Гэтэл энэ маргаан явж байхад Засгийн газар хоёр ч удаа ийм шийдвэр гаргаж байгааг бид маш их гайхаж байна.

Өнгөрсөн гурван долоо хоногт юу болоод өнгөрчихөв гэдэгт товч мэдээлэл өгөх нь зүйтэй байх.

Улсын Дээд шүүхээс арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Монголын зэс корпорацийн гомдлыг бүрэн хангаж тогтоол гаргасан. Гэтэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг тэр дор нь хэрэгжүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор бид Засгийн газар, түүний агентлагуудаад Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 27-нд хүсэлт гаргасныг та бүхэн мэдэж байгаа.

Он гарсны дараа бидний хууль ёсны эрх сэргэсний дараа ТУЗ-ийн хурал хуралдаж үйлдвэрийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг бид шийдвэрлэсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолыг Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгож байгаа үйл явдал болж өнгөрлөө. Энэ бол Үндсэн хуулиар Засгийн газарт олгогдоогүй эрх.

Манай компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд хууль дээдлэх зарчмыг барьж асуудалд хандаж байсан. Дээд шүүхийн шийдвэр биелж, хувьцааны бүртгэлийн эрх сэргэсний дараа ТУЗ-ийн шийдвэрээр үйлдвэрийн дотоод ажиллагаатай холбоотой олон асуудлыг шийдэж, цаашид тогтвортой ажиллах бололцоо бүрдэж байна гэж бид үзэж байсан.

Монгол Улсын Засгийн газар удаа дараа хууль бус шийдвэр гаргаж байгаа нь манай компанийг зөвхөн дотоодын гэлтгүй олон улсын түвшинд эрх ашгаа хамгаалахаас өөр гарцгүй болгож байна. Өөрийн эрх ашгаа дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээ концвенцийн хүрээнд хамгаална.

Энэ гэрээ хэлцэл хийгдсэнээр 2016 оны зургаан сараас хойш Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компани Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд ажилладаг компани болсон. Тендер зарладаг болсон. 2016 онд ганцхан тендер зарласан бол 2017 онд 500-гаад тендер зарлачихаад байна. Энэ компанид шахаа хийдэг хүмүүсийн эрх ашгийг бид хөндөж байгаа. Энэ тендертэй холбоотойгоор зөвхөн 2017 оны есдүгээр сарын байдлаар 15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ мөнгийг хувьцаа эзэмшигчид хувааж аваагүй. Бид ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн. Наймдугаар сард ажилчдадаа урамшуулал өгсөн. Он солигдохоос өмнөхөн ажилчдадаа хүн тус бүрт 500 мянган төгрөгийн урамшуулал өгсөн.

2016 онтой харьцуулахад орон нутаг болон улсын төсөвт дөрөв дахин их татвар төлөөд байгаа. Ийм үр дүнд хүрсэн. Төрийн өмч болгосноор буцаад харанхуй нууцлагдмал байдалд Эрдэнэт үйлдвэрийг аваачна гэлээ.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *