УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.
Ерөнхийлөгч энэ үеэр, “УИХ-ын даргад хандаж онц байдал зарлаач хэмээн хүссэн албан тоот хүргүүлсэн. Энэ дагуу чуулганы өнөөдрийн асуудлаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл хуралдааны ирц тааруу байна. ҮАБЗ хуралдаад жилийн өмнө зохих байгууллагуудад холбогдох үүрэг даалгавар өгсөн ч хэрэгжсэн ажил байхгүй байна. Хэрэгжүүлэхгүй юм бол ҮАБЗ-ийг хуралдуулаад яах юм бэ. Утаа өнөөдөр гамшгийн түвшинд хүрсэн. Соён гэгээрүүлэх ажлыг иргэдийн дунд явуулья гэж гишүүд сая хэлж байна. Соён гэгээрүүлэх тухай ярья гэвэл хэдэн тамирчин, соёл урлагийн залуус байна.
Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэсэн цагт утааг бүрэн шийднэ. Дагуул хотыг хөгжүүлж байж утаа арилна. Дагуул хот руу их дээд сургууль, зарим засаг захиргааны нэгж, урлаг соёлын байгууллагуудыг нүүлгэе. Хөдөөг орлогожуулж, сумдаа шинэчилье. Эдгээр шийдлийг баталж хавраас ажил хэрэг болгоё. Өнөөдөр дулаалгаар айл өрхийг хангаснаар утаанаас сална гэж ярьж байна. Иргэн ажилтай орлоготой болоогүй цагт Улаанбаатар утаанаас салахгүй. Сөрөг асуудлууд бий, тэдгээрийг давж гарах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдэхгүй юм бол Засгийн газраа огцруулж сайд нарыг шинээр томилсны хэрэг гарахгүй. Энэ тал дээр УИХ санаачилгатай ажиллах хэрэгтэй. Ийм байдалтай байвал УИХ-ыг тараах асуудлыг хөндөх болно” гэв.