“Өгөхийг тэсэн ядан хүлээсэн бэлэг” хэмээх гайхамшигт үгс сэтгэл зөөллөн зүрхэнд дурайна. Хэдийгээр “Бишрэлт” их дэлгүүрийн шинэ жилийн зар сурталчилгааны нэг хэсэг ч энэ л үгс хаа сайгүй дулаан мэдрэмж төрүүлэн, энерги, агуулга, өнгө аясаараа шинэ жилийг угтаж буй эгэлхэн өдрүүдийг чимж байна.
Багадаа шинэ жилийн баярыг сэтгэл догдлон хүлээдэг сэн. Өвлийн өвөөгийн бэлгийг ёстой л тэсэн ядан хүлээдэг байж дээ. Хүүхэд байхад амталсан шинэ жилийн бэлэгний алим, мандариний үнэр өнөө ч хамар цоргих шиг. Харин одоо бол эргэн тойрныхоо хэдэн хүүхдийг баярлуулах ажилтай. Одоо ч хэн нэгнээс бэлэг авах дуртай ч хэн нэгэнд бэлэг өгөхийг тэсэн ядан хүлээх сэтгэлийг ойлгодог болсон. Хүнд чин сэтгэлээсээ бэлэг өгч, баярлуулна гэдэг бэлэг авахаас ч дутахгүй сэтгэл догдлуулдаг юм билээ. Ер нь хүн авсаныхаа хэрээр өгдөг юм шиг ээ. Төрүүлж өсгөсөн ижий, аавынхаа ачийг бүрэн хариулж чадаагүй ч өвлөж авсан хайраа үр хүүхдэдээ л “юүлэх”.
Ээжийнхээ авч өгсөн хувцсаар гангарч зогссон бол одоо ээждээ хааяа ч болов бэлэг авч өгөхдөө баяр хөөрийг амсдаг.
Эхийн сэтгэлээр ивээсэн номин цэнхэр дэлхийд цэнгэж өсөхдөө учир мэдэхгүй балчир насандаа хичнээн ч цэцэг таслав даа. Хэзээ нэг өдөр эх дэлхийдээ бордоо болон шингэж, хаврын цэцэгс болон эргэж ирэх ч юм билүү.
Б.ЯНЖМАА