Categories
мэдээ цаг-үе

Навагжавын Энхжаргал: Улсын заан Тулгаа бид хоёр улсын аваргын тэмцээнээс олон жил медаль хүртсэн

Говь-Алтай аймгийн насан туршийн боловсролын төвийн багш, ардын боловсролын тэргүүний ажилтан, үндэсний сурын харвааны спортын мастер, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Навагжавын Энхжаргалтай уулзаж хөөрөлдлөө.

-Та аль сургуулийг ямар мэргэжил эзэмшиж төгссөн хүн билээ?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийг Дүрслэх урлаг, шугам зураг, технологийн багш гэсэн гурван ч мэргэжлээр дүүргэсэн. Тэр үед тэнд тийм боловсон хүчин хэрэгтэй гэсэн улсын хэмжээний боловсролын мундаг концепци байж дээ гэж би боддог юм. Биднийг урьдчилсан төгсөлт гэдгээр 1983 онд гуравдугаар курсээс төгсгөсөн. Хичээлийн хөтөлбөрөөр их шахна. Оюутнууд бид шөнийн хоёр гурван цаг хүртэл сууна. Ардын зураач, төрийн шагналт агуу зураач Одон багш бидэнд хичээл орж байлаа. Ардын зураач Гаваа бас бидэнд хичээл орно. ЗХУ-аас Виктор гэж мэргэжилтэн хичээл зааж байлаа. Нэг жил сургуульд багшлуулчихаад төгсгөж байсан. Тиймээс бид юм юмны зах зухтай хүмүүс болсон. Манай сургуульд дугуйлан хичээллэнэ. Тэнд би Монгол Улсын бар зургийн манлай С.Жамц багшийнхаа удирдлагад хулдаасан бар зураг зурдаг байсан. Дээд сургуульд технологийн, шугам зураг, барилгын шугам зураг гээд бүгдийг судалсан. Гончигдорж, Шагдарсүрэн, Мөнхбаяр гээд Монголын толгой багш нараар хичээл заалгасандаа одоо ч баярладаг.

-Та оюутан байхдаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж байсан гэл үү?

-Хичээлийнхээ завсраар хүндийг өргөлтийн спортоор Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч, Өвөрхангайн уугуул Жигмэддорж багшийн шавь болж штанг өргөж явлаа. Намайг Октябрийн баярын парадан дээр алхаж явахад анх хараад уулзсан юм. Дэлхийн хошой аварга Зэгвийн Ойдов тэр хоёр намайг нэлээд хурцалж чангалж өгсөн. Тэгээд хүнд-хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Би хойтон жил нь хүрэл медаль хүртсэн. Хүнд, хөнгөн жингийн аварга шалгаруулах гэдэг маань 48, 52, 86, 90 килограммын хамгийн доод, дээд жингийн чөлөөт бөхийг хөгжүүлэх тэмцээн юм билээ л дээ. Би уул нь улсын оюутны хоёрдугаар шигшээ буюу дархан аварга Жигжидийн Мөнхбатын дасгалжуулдаг клубт сарын 150 төгрөгийн цалинтай мэргэжлийн тамирчин байсан юм. Намайг багш нар минь Жаргай гэнэ. Мөнхбат аварга бидний жинг өглөө болгон үзнэ. Тэр бол маш том ухаан байж. Эрүүл зөв амьдарч байна уу гэдгийг мэдэхээс гадна ар гэрийн байдлыг ч түүгээрээ судалдаг байж. Жин хэтэрхий хасагдчихсан байвал “Миний хүү өчигдөр яагаад хоолоо идсэнгүй вэ” гэж асуугаад намайг шалгалт өгөх гээд зураг зураад хоол идэж амжаагүйг сонсоод МХЗЭ-ийн Төв хорооны гуанзанд оруулж хоол авч өгч байлаа. Хамгийн гол нь тамирчиндаа баталгаатай хоол өгч байгаа нь тэр л дээ. Тэр үед хоолны газар тийм ч олон байгаагүй. Хүний сэтгэл маш жижигхэн зүйл дээр ч анзаарагддагийн жишээ л дээ. Жигмэддорж багш минь Мөөеө аварга, З.Ойдов багш хоёртой уулзаад хүндийг өргөлт рүү уруу татсан юм.

-Хүндийн өргөлтөөр хэдэн жил “үзэв”?

-1984-1991 он хүртэл арван долоон жил улсын аваргад оролцож алтан медаль гурвыг, мөнгө, хүрэл медалийг бишгүйдээ хүртэж дээ. Хөдөө орон нутгаас улсын аваргад тасралтгүй оролцож медаль авсан хүн гэвэл Говь-Алтайн Энхжаргал, Монгол Улсын заан Тулгаа хоёр шүү дээ. Тулгаа ах үндэсний бөх, самбо, жүдо гээд бөхийн төрлийн спортуудаар их амжилт гаргасан. Олимпийн хорооноос бид хоёрт хүндэтгэл үзүүлж хүлээн авч л байлаа.

-Төгсөөд хаана хуваарилагдав?

-Дөнгөж төгсүүтээ Бигэр суманд хувааригдлаа. Агуу их яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн номоо хүртэл нэрлэж байсан Бурхан Буудай уул байдаг мөн ч сайхан нутаг шүү дээ. Аав, ээжийн маань нутаг Баян-Уул, Жаргалан, Шарга гурван сум чинь засаг захиргааны нэгжээрээ нэг сум байсан юм. Жаргалан сумын Эвлэлийн үүрийн дарга нь манай нагац ах Чуваадорж байлаа. Улсын газарзүйн олимпиадад хэд хэдэн удаа байр эзэлж байсан хүн байлаа. Миний хүргэн ах Базаррагчаа гэж аавын минь оронд аав болсон эмч ах эд нар л ярьж байгаад Бигэрт хуваарилуулахгүй юу. Дараа нь Жаргалан сумандаа багшиллаа. Эндээс олон ч шавь төрүүлсэн дээ. Манай Говь-Алтай аймгийн барилгын чиглэлийн шавь нар олон бий. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн гэж шавь байна.

-Та одоо хаана багшилж байна?

-Аймгийнхаа насан туршийн боловсролын төвд багшаар ажиллаж байна. Нялх балчраас насан өндөр хүмүүст хүртэл сургалт явуулна. Багш хүний бахархал шавь нар нь байдаг. Би гучаад жил багшлахдаа олон шавь төрүүлжээ. Гэхдээ заримдаа хичнээн мундаг хүүхдүүдийг уран зурагт уруу татаж буруу замаар явуулсан байх вий гэсэн нэг айдас байдаг. Бас намайг зориод ирэх байсан хичнээн зураач болох хүүхдүүдийг таниагүй бол гэсэн битүүхэн шаналан байна.

-Та зураачийнхаа хувьд олон үзэсгэлэн гаргаж байв уу?

-Бие даасан үзэсгэлэнгээ аль эрт наяад онд нэг гаргаж байсан. Төгсөөд хоёр жилийн дараа 1988 онд юм даа. Гэхдээ би өөрөө яваагүй, миний хулдаасан бар зургийн бүтээл шалгаран явж байсан. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал, ардын багш Цэрэндорж гэж мундаг хүн байлаа даа. Би тэр хүнтэй нэг өрөөнд хамт сууж үзээгүй ч мөн ч их зүйл сурсан даа. Цэрэндорж гуайн хөдөлмөрч, шаргуу үйл ажиллагаанаас нь суралцсан. Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гэж миний найз агуу хүн байлаа. Хүүхдийн уран бүтээлийн буянгаар бид хоёр уулзаж учран нөхөрлөж явлаа. Жаргалан суманд багшилж байхдаа сурагчдын хулдаасан бар зургийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 1987 он, 1989 онд хоёр ч удаа гаргалаа. Ерэн дөрвөн онд Говь-Алтай аймгийн хүүхдийн урлагийн их наадам болоход бас нэг үзэсгэлэнгээ дэглэсэн. Сүүлд шавь нартайгаа хамтарсан нэг үзэсгэлэн гаргасан. Зохиолоос сэдэвлэсэн дан хулдаасан бар зургийн бүтээлүүд багтсан. Миний шавь Алзахгүйбаатар гэхэд их зохиолч Д.Нацагдоржийн “Од” шүлэгт хийсэн хулдаасан барын бүтээл одоо ч нүдэнд харагддаг юм. Цэрэндорж багш тэр зургийг харуутаа “Галерейдаа авлаа, батламж өгнө” гэж байлаа.

-Шавь нар тань гадаадаас медаль хүртэж байсан байлгүй?

-Манай шавь нарын үзэсгэлэнг харж явсан япон хүн шавь Рагчаагийн Лувсандорж гэдэг хүүхдийн бүтээлийг үзээд арлын оронд урьж байсан. Их гүрнүүдийн бодлого чинь авьяастай хүнийг сүрхий таньдаг юм билээ. Японы гар зургийн уралдаанаас бүтээл нь гранпри шагналыг авчирч байлаа. Хүүхдийн ордны захирал, гавьяат багш Ш.Цог над руу холбооны дууддаг утсаар ярьж баяр хүргэхэд хөл газар хүрэхгүй баярлаж явлаа. Жаргалан сумын сургуулийн захирал Загдрагчаадаа хэлтэл намайг хот руу томилолтоор явуулж шавийн минь шагналыг авахуулж байлаа. Захирал маань намайг орой болгон хоол идэхэд санагддаг том шагналаар шагнаж байлаа.

-За, юугаар шагнадаг билээ?

-Энэ захирал маань их хүнлэг хүн байсан юм. Намайг дөнгөж багшаар очиход сэрүүлэгтэй цаг, халуун сав хоёроор урамшуулж байсан. Нэгдүгээрт миний эрүүл мэндийг, хоёрт намайг цагийн зөв дэглэмтэй байгаасай л гэсэн үүднээс ийм зүйлээр шагнажээ дээ. Тэр шавийг гранпри авахад ёстой нэг бүдүүн иргээр мялаасан. Нас залуу, хүүхэд нялх, хаврын тарчиг цагт бүдүүн эр хонь чинь ёстой нэг өвлийн идэш шиг санагдана биз дээ.

-Та улсын олимпиадад аль хэр амжилт үзүүлж байв?

-Орж байсаан. Хоёр удаа хоёрдугаар байрт, нэг удаа гуравдугаар байрт орж байсан. Намайг гуравдугаар сургуульд захирлаар ажиллаж байхад Бадамсэрээжид гэдэг шавь маань алтан медаль авч байлаа.

-Шинийг санаачилсан олон бүтээл байдаг гэж сонссон юм байна?

-“Өнө-Мөнх” гэж хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэсэн нугалдаг тоглоомонд Оюуны өмчийн газраас патент олгож байсан. “Урлал дасгалын дэвтэр” маань улсад анхлан түүчээлж гарч байлаа. Надад “Урлал дасгалын дэвтэр” хориод бий шүү. Хүн хөдөө хөхөрч, гадаа гандана гэдэг худлаа л юм билээ. Би лааны гэрэлд суугаад сурах бичиг бичиж л байлаа.

-Таны хань бас технологийн багш гэв үү?

-Би ханьтайгаа гучин жил амьдарч байна. Миний ханийг Цэвэгсүрэнгийн Оюунчимэг гэдэг. “Хантайшир эрдэм” цогцолбор сургуульд технологийн багшаар ажиллаж байна. Улсын олимпиадад Говь-Алтай аймгаасаа шалгарч түрүүлж байсан ардын боловсролын тэргүүний ажилтан. Бид хоёр дөрвөн сайхан хүүхэдтэй, маш баян амьдарлаа. Ууган хүү Мөнхдөл маань хүндийг өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер хүн байна. Удаахь охин Мөнхзул маань архитекторч, барилгын зургийн “Өрх” компанид ажиллаж байна. Гуравдахь охин Өнө-Энэрэлт Америкт сэтгэлзүйч эмчээр ажиллаж байгаа. Отгон охин Монгол Улсын өсөх идэр мэргэн, байт сурын харвааны тамирчин хүн. Монгол Улсынхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргах болов уу гэж бодож явдаг даа. Одоо БНСУ-ын Бусан хотод Хиймэл дагуулын чиглэлээр магистрт суралцаж байна. Ханийнхаа сэтгэлийг би үгээр илэрхийлж чадахгүй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *