Сүүлийн үед фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээгээр баталгаагүй, олон нийтийг төөрөгдүүлсэн дүрс бичлэг, худал мэдээлэл цацагдах нь их болсон. Саяхан цагаан будаа шатааж буй бичлэгийг фэйсбүүкт оруулж “хуванцраар хийсэн хуурамч будааг монголчууд хүнсэндээ хэрэглэж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Тиймээс өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагаан будаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс “Цагаан будааг шатаахаар барьцалддаг” гэсэн тайлбар өгсөн юм. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга С.Даваасүрэнгээс дээрх асуудлыг тодрууллаа.
-Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа цагаан будаатай холбоотой асуудлаар тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Энэ анхны тохиолдол биш. Өмнө 2014 онд “хуурамч цагаан будааг Монголд импортоор оруулж ирэн иргэдэд худалдаалж байна. Хуурамч будаа нь усанд хийхээр уусч байна, гараар үрэхээр бяцарч байна” гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн. Энэ мэдээллийн дагуу бид Улаанбаатар хотод цагаан будааг худалдаалж буй цэгүүдээс тодорхой хэмжээний дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн. Гэвч шинжилгээний үр дүнд хуурамч цагаан будаа гэдэг нь нотлогдоогүй. Харин хадгалах хугацаа дууссан, муудсан будаа болох нь нотлогдож байсан. Анх 2011 онд Хятадын олон нийтийн сүлжээнд будаа шатааж буй мэдээлэл гарч байсан. Худал мэдээлэл болох нь нотлогдсон. Энэ удаагийн фэйсбүүкээр цацагдсан нь “Резинэн, нийллэг материалаар хийсэн будаа байна. Үүнийг нь шатааж үзэхэд барьцалдаж байна” гэсэн дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэн. Ер нь үр тарианы 70-80 хувь нь цардуулаас бүтдэг. Харин цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Цардуул нь цавуулаг чанартай болохоор шатахаараа хоорондоо барьцалддаг юм. Ийм ойлгомжтой зүйлийг шатааж, нийгэмд ташаа мэдээлэл өгч байгаа нь буруу. Фэйсбүүкээр уг бичлэгийг үзээд нэлээдгүй хүмүүс дагаж, цагаан будаа шатааж үзсэн байх. Улмаар үр дүн нь адилхан байсан учир иргэд энэхүү мэдээлэлд итгэсэн болов уу. Ер нь сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж буй худал, хуурамч мэдээлэл утгаа алдаж байна. Үүнд хууль, хяналтын байгууллагууд хяналт, шалгалт хийх байх.
-Сошиалаар баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний талаар янз бүрийн мэдээлэл цацагддаг. Тэр бүрт МХЕГ-аас хяналт, шалгалтын ажил зохион байгуулдаг уу?
-Өчигдөр “Шөлөндөө” хоолны газраас өт гарчээ гэсэн мэдээлэл зарим сайтаар явсан. Энэ дагуу бид зохих хяналт, шалгалтын ажил хийх гэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө ажиллаж, урьдчилан сэргийлдэг. Гэтэл энэ мэт хуурамч мэдээллээс болж бидэнд маш их ачаалал ирж, зардал үүсэж байна. Манай улс цагаан будааныхаа хэрэгцээг 100 хувь импортоор оруулж ирдэг. Тийм болохоор хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бид нарийн шалгадаг. 2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, долоон иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдэлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс есөн дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, хоёр дээж хугацаа дууссан, зургаан дээж хорио цээртэй хортон шавьжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан. Үүний дагуу тухайн аж ахуйн нэгж байгууллагуудыг Зөрчлийн тухай хууль болоод бусад хууль, тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулж, зөрчилтэй цагаан будааг устгалд оруулсан. Үүнтэй адил иргэдээс ирсэн гомдол бүрийг шалгаж, тодорхой зөрчил илэрсэн тохиолдол бүрт нь хариуцлага тооцож ажилладаг. Энэ удаагийн фэйсбүүкээр цацагдсан мэдээллийн дагуу иргэдээс манай байгууллагад нэг ч гомдол ирээгүй.
-Импортоор орж ирж байгаа цагаан будааг монголд дахин савлаж, зах зээлд нийлүүлдэг. Үүнээс болж иргэдийн зүгээс шүүмжлэл их ирдэг. Яагаад Монголд орж ирснийх нь дараа дахин савлаж, худалдаалдаг юм бэ?
-Монгол Улсад мөрдөгдөж буй стандартаар импортоор оруулж ирсэн цагаан будааг дахин савлаж болно гэсэн заалт байдаг л даа. Бид энэ хүрээнд дахин савлан борлуулж буй цагаан будааны хаяг шошго, савлаж буй орчин эрүүл ахуйн чанарт нийцэж байна уу, үгүй юу гэх асуудлаар хяналт хийсэн. Ер нь тодорхой жишээ хэлье. Манай улсад худалдаалагддаг “Сакура” нэртэй цагаан будаа бий. Энэхүү будааны хаяг, шошгон дээр “БНХАУ-д үйлдвэрлэсэн будааг импортоор оруулж ирэн, Монголд савлав” гэсэн байдаг. Гэтэл энэхүү будаа “Сакура” буюу Япон нэртэй. Тийм болохоор иргэд Японоос оруулж ирсэн будаа гэж ойлгохоор. Энэ асуудлаар бид Оюуны өмчийн газарт хандаж, лавлагаа авсан. Тус байгууллагаас “Тухайн бүтээгдэхүүний нэр нь оноосон нэр учир зөвшөөрнө” гэсэн хариу өгсөн. Үүнтэй адил “Слава” гэх Орос нэртэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн будаа байдаг. Энэ ч бас оноосон нэртэй болохоор ийм нэрээр худалдаалагдаж болно гэж албан ёсоор мэдэгдсэн. Ер нь импортоор орж ирсэн будааг жижиглэнгээр савлаж болно. Гэхдээ ингэж савлах орчин, нөхцөл нь ямар байх ёстойг мэдэх учиртай. Үүнд нь дүүргүүдийн хариуцсан улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байдаг. Мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг аж ахуйн нэгж байгууллагууд МХЕГ-т бүртгүүлж, зөвшөөрөл авдаг. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Экспорт, Импортын хорио цээрийн хяналтын хэлтэс гэж бий. Энэхүү хэлтэс нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 13 цэг дээр хяналт тавьдаг. Хилийн боомтуудад мэргэжлийн хяналтын хилийн албадууд гэж байгаа. Энэ жил Монголын 35 аж ахуйн нэгж байгууллага гадаадын найман улсаас цагаан будаа импортоор оруулж ирсэн. Эдгээр 35 аж ахуйн нэгж байгууллага хилээр будааг оруулж ирэхээсээ өмнө Мэргэжлийн хяналтын хилийн боомтуудын хорио цээр, хяналтын хэлтсээс мэдэгдэл авдаг. Тийм болохоор импортоор чанаргүй цагаан будаа орж ирэх үндэслэлгүй юм.
-Та бүхний зүгээс фэйсбүүкт бичлэг оруулсан иргэнтэй холбогдож, учир байдлыг тайлбарлаж үзэв үү?
-Мэргэжлийн хяналтын байгууллага олон нийттэй харилцах албатайгаа хамтарч фэйсбүүкт уг бичлэгийг хийж, оруулсан иргэнтэй холбогдох ажлыг явуулсан. Гэвч бидэнд ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй байна. Үнэхээр тийм будаа байгаа бол бидэнтэй холбоо барихыг хүссэн. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө тэрхүү будааг зах зээлээс яаралтай татаж, устгая, шинжилгээнд өгч нотолъё гэдэг асуудлыг тавьсан. Гэвч бидэнд энэ асуудлаар ямар ч хариу ирүүлээгүй байна.
-Энэхүү бичлэгээс болж иргэд цагаан будаа худалдаж авахдаа болгоомжилдог болсон. Тийм болохоор олон нийт яг ямар цагаан будааг худалдан авч, хүнсэндээ хэрэглэвэл зүгээр бол?
-Аливаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг, шошгыг нь хамгийн түрүүнд анзаарч харах хэрэгтэй. Шошго дээр бүтээгдэхүүний гарал үүсэл, химийн найрлага, гаж нөлөө, он сар тавигдсан байдаг. Хоёрдугаарт, цагаан будааны өнгийг нь сайн харах учиртай. Цагаан будаа нь боловсруулалтынхаа шинж чанараас хамаарч цайвар шаргал, цагаан, цэнхэр өнгөтэй байдаг. Тэгэхээр иргэд аль болох цайвар цагаан өнгөтэй, үнэргүй цагаан будааг худалдан авах нь зөв.
-Шаардлага хангаагүй цагаан будааг хураан авч устгал хийсэн гэлээ. Ямар нэртэй бүтээгдэхүүнүүд байсан бэ?
-“Аюулгүй хүнс” аяны хүрээнд цагаан будааг савлаж, худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн. Замын-Үүд боомтоор импортын мэдэгдэлгүй хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн нэгж байгууллага, иргэдээс хамгийн их зөрчил илэрсэн. Тухайлбал, “Сүмтэй цагаан будаа” гэсэн нэртэй 25 килограммын цагаан будааг хилээр зөвшөөрөлгүй нэвтрүүлж, ард иргэдэд жижиглэнгээр савлан худалдааж байсан иргэний бараа бүтээгдэхүүнийг нь хураан авсан. Энэхүү будаанд бид шинжилгээ хийж үзэхэд 100 хувь чанарын шаардлага хангаагүй. Тийм болохоор шаардлага хангаагүй цагаан будааг хураан авч устгалд оруулсан.
Э.МӨНХ