Categories
мэдээ улс-төр

“Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл” гэв

УИХ-ын гишүүн Ж. Батзандан гишүүний зүгээс нэр бүхий 21 гишүүний дэмжсэнээр БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд буй Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ өргөн барьсан байдаг. Гэвч нээлттэй сонсгол хийх асуудал удааширч, зохион байгуулагдах эсэх нь тодорхойгүй болж буй учраас Л.Болд, Ж.Батзандан нар гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд уг сонсголыг зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Нээлттэй сонсголд Д.Энхбат агсаны эгчийн охин Н.Хулан, эхнэрийн дүү нараас гадна иргэн н. Жаргал, Б.Хурцад бизнесээ булаалгасан гэх иргэн н.Бат-Ирээдүй өмгөөлөгчийн хамт, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын өмгөөлөгч н.Мөнхсайхан, С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан ялтнуудын ар гэр, сөрөг тагнуул Цогтбаатарын өмгөөлөгч нар хүрэлцэн ирсэн юм.

Нээлттэй сонсголын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Хурцтай холбоотой 10 өргөдөл УИХ-д ирсэн хэдий ч хэлэлцэхгүй өдий хүрлээ. Тиймээс гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд сонсгол зохион байгуулж байна. Гишүүний бүрэн эрхийн хүрээнд нээлттэй сонсгол явуулахад шийдвэр гаргаж болдоггүй. Гэхдээ бид ард иргэдээ сонсож, мэдээллийг хүргэх ёстой. Төр авлигын сүлжээнд баригдаад, ард иргэдээ сонсохоос зугтаад байна. Б.Хурц гишүүдийг элдвээр хэлж айлгаж байгаад Солонгост Элчин сайдаар сууж тархиа амраагаад, 2020 онд УИХ-д суух юм байна. Бид ийм байдлаас салах хэрэгтэй” гэж тодотгов.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан иргэн Н.Энхбат хэлэхдээ “Би саяхан шоронд өөрийн биеэр ял эдэлж байгаад гарч ирлээ. Миний бие Б.Хурцтай холбогдсон нь түүний эхнэрийн “Сарнайх” компанитай холбоотой татварын асуудлаас эхлэлтэй юм. Түүний эхнэрийн “Сарнайх” компани нь Баянгол дүүрэгт бүртгэлтэй компани бөгөөд Хан-Уул дүүргийн зайсанд байрлалтай 28 айлын орон сууцыг тус компанийн нэр дээр худалдан авсан байдаг.

Ингэхдээ тус худалдан авалтынхаа татварыг тайландаа дурдаагүй байна. Мөн Б.Хурц нь 1989 онд ашиглалтад орсон объектыг 20 сая төгрөгөөр худалдан аваад эргүүлэн “Эрин интернэйшнл” компанид 597 сая төгрөгөөр худалдсан байдаг. Ингэхдээ үүнийхээ татварыг төлсөн эсэх асуудлаар АТГ-аас шалгаад Татварын ерөнхий газарт өгсөн байдаг. Үүнд Хувь хүний орлогын албан татвар болоод бусад татваруудыг төлсөн эсэхийг шалгах болсон. Түүний эхнэрийн компанийн Зайсан дахь орон сууцнаас татвар төлсөн эсэхийг шалгахад иргэн Б.Хурц дээр 1 сая 470 мянган төгрөгийн татварын акт гарсан байдаг. Үүнийгээ доош нь бууруулж төлсөн хэмээн өөрөө хэлсэн байдаг юм.

Өөрөөр хэлбэл, орлогоосоо татвар төлөөгүй байсан. Татварын улсын байцаагчийн 74 сая төгрөгийн акт гаргасан байсныг өөрөө хүлээн аваад хүчин төгөлдөр болгосон. “Сарнайх” компанийг шалгахад худалдан авсан барилгуудынхаа татварыг тайлагнаагүй байсан бөгөөд 169 төгрөгийн татварын тайланг хам хум аргаад өгсөн байсан юм. Ингэхээр 239.7 сая төгрөгийн татварын өр татвар дээр орж ирсэн. Ингээд миний бие хариуцаж тухайн өрийг барагдуулахаар өдөр бүр “Сарнайх” компани дээр очиж орлогыг нь авч, дансыг нь хааж байсан. Б.Хурц над руу удаа дараа залгаж эхнэрийнхээ компанийн дансыг нээхийг шаарддаг байсан. Удалгүй надад өс зангидаж байгаа гэдгээ өөрөө хэлсэн байдаг юм.

Ийм шалтгаанаар надад 14 сар буюу 425 хоног хориулсан. Дараа нь намайг мөнгө угаасан, авлига авсан зэргээр гүтгэж эхэлсэн. Түүнчлэн хэвлэлүүдээр “Портер дүүрэн мөнгө гэртээ хадгалж байсан нь н.Энхбатынх байжээ” гэх зэрэг мэдээллүүд цацаж эхэлсэн. Мөрдөнд байх хойгуур нялх биетэй эхнэрийг минь “Central tower”-ийн 17 давхарт дуудаад, “Нэг өдрийн өмнө ч гэсэн нөхрөө суллуулахыг хүсч байвал тохиролцчих” гэж дуудсан байсан. Эхнэр минь нялх биетэй, намайг хүлээгээд, сэтгэл нь ч хэцүү байсан учир саналыг нь хүлээж авсан юм билээ” хэмээлээ.

Нээлттэй сонсгол үргэлжилж үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцож байна.

Энэ үеэр С.Зориг агсны аллагад сэжиглэгдэж, ял сонссон Б.Содномдаржаагийн ээж хэлэхдээ: “Их хэлмэгдүүлэлтийн үргэлжлэлийг Б.Хурц хийж байна. Хууль, хүчний байгууллагыг гартаа авчихсан. Энэ хүний үгээр л ажиллаж байна. Би хоёр жил гаруйн хугацаанд их зүйл үзлээ. Тухайн үед хүүг минь ТЕГ-ынхан баривчилсан. Тусгай бэлдсэн өрөөнд байлгаж байсан. Ингэж хэл, тэгэж хэл гэх мэтээр дарамталж байсан. Зодож, дарамталж байсан нь гомдолтой явдаг.

Хүүгийн минь бүх зургийг аваад явсан. Хүчээр С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн. Энэ Б.Хурц гэдэг хүн Ц.Элбэгдоржтой ямар холбоотой юм бэ. Ц.Элбэгдорж түүнийг АТГ-ын дэд даргаар томилж, толгойг нь илсэн шүү. Тэр ачийг нь хариулах гэж Б.Хурц гэдэг хүн арай хэтэрлээ” хэмээн хэлэв.

Мөн энэ үеэр Д.Энхбат агсны ар гэрийн төлөөлөл хэлэхдээ “Б.Хурц нэгхэн жилийн курс төгсөөд мэргэжлийн тагнуулч болчихдог юм уу? Энэ хүн барилгын техникум төгссөн юм билээ. Миний ярьж байгааг Б.Хурц өөрөө сонсоно гэдэгт итгэлтэй байна.

2004 онд дөрвөн хүний хамт Б.Хурц Франц явсан. Консулын дипломат машиныг ашиглан Д.Энхбатыг баривчилж авчирсан.

Тэргэнцэрт суулгасан, кофегоор дайлсан, тариа хийсэн ч гэж ярьдаг. Тэрийг нь би ямар нүдээрээ үзсэн биш. Гэхдээ байж болзошгүй. Д.Энхбат агсныг хоёр, гурван улсын хил дамнуулж хулгайлсан нь үнэн. Үе үеийн шоронд байсан хүмүүс бүгд үүнийг мэднэ.

Ялангуяа дамжин өнгөрүүлэх шоронгийн эмнэлэгт ажиллаж байсан эмч, ажилтнууд мэдэж байгаа. Тийм учраас Д.Энхбатыг хэний заавар тушаалаар гадаадаас хулгай хийж ирсэн юм. Б.Хурц Д.Энхбатыг хулгайл гэж үүрэг өгсөн хүнээ Монголын ард түмэнд хэл. 1937 оны хэлмэгдүүлэлт шиг байцаалт авахын тулд хүчлэн янз бүрийн аргыг хэрэглэсэн. Энэ бол нууц биш. Би н.Ариунболд агсантай хамт Д.Энхбатыг эмнэлэгт байхад очиж байсан.

Хорих хөнөөх, хүний амь насыг үрэх, хулгайлах, шийтгэх, яллах эрхийг Б.Хурцад хэн өгснийг өөрөө тайлбарлаж байж дараагийн албандаа томилогдох ёстой. Алуурчныг өмөөрч хаалттай хурал хийж байгаа УИХ-ын гишүүдийн нэрийг ч нээлттэй зарлах хэрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *