Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга: Таван үзэгчтэй эхэлж байсан стэнд ап өдөр бүр 150-240 үзэгчтэй болжээ

Сүүлийн үед залуусын дунд хит болоод байгаа хошин урлагийн нэгэн төрөл бол “Стэнд ап” буюу тайзны ярианы урлаг юм. Монголд хөгжөөд төдийлөн удаагүй байгаа ч шинэ үеийн залуусыг байлдан дагуулж чадсан “Ub comedy club”-ын үүсгэн байгуулагчдын нэг Б.Гантулгатай ярилцлаа.


-Стэнд ап гэдэг энэ урлаг ер нь яг хаанаас үүсэлтэй, хэдий үеэс нийтэд түгсэн талаар яриагаа эхэлье.

-Анх энэ урлаг 1800-гаад оны үеэс эхлэн дуурь, жүжгийн үзэгдэл, завсарлага дундуур үзэгчдийг уйдаахгүй байх зорилгоор тухайн театрын хэн нэгэн гарч ирж элдэв хөгжилтэй онигоо, элэглэл гэх мэт зүйлийн тухай ярьдаг байснаас стэнд ап-ыг үүссэн гэж үздэг. Тэр нь явсаар ярих хугацаа нь уртсаад, зөвхөн нэг элэглэл ярих төдий байхаа больж нийгэм рүү хандсан, амьдралд байдаг зүйлсийг арай өөр өнцгөөс нь харж ярьдаг болж өргөжсөн. Английн театруудаас үүсээд Америк руу салбарлаж орж. Одоо бол стэнд ап-ын хамгийн том төлөөллүүд Америкт байгаа. Сүүлийн үед зөвхөн Америк гэлтгүй Азийн орнуудад маш хүчтэй орж ирж байна л даа. Азийн бүх л орнуудад стэнд ап комеди гээд клубууд үйл ажиллагаа явуулдаг болсон. Хоорондын өрсөлдөөн ч тун ширүүн болсон. Монголын хувьд үүсэн бий болоод гурван жил орчим л болжээ. Бид одоогоор арвуулаа байна. 2018 онд Ази тивдээ тэргүүлэх хэмжээнд очихын төлөө зорилго тавиад ажиллаж байна даа. Ер нь дэлхийн стандарт, дуугаралт, гэрэлтүүлэг болон бусад дагалдах үйлчилгээ ямар байна тэр хэмжээнд очихын тулд ажиллаж байгаа. Тэгээд зөвхөн тайзан дээр хэдэн хүн гараад юм яриад өнгөрөх биш, үзэж байгаа үйлчлүүлэгчийн ая тухаас эхлээд бүх л зүйлийг сайн байлгахын төлөө “үзэж тарж” байна.

-Дэлхийн чиг хандлага, Ази дахинд хөгжил нь ийм байдаг байж. Ингэхэд та нар анх хэдүүлээ нийлж байгуулагдаж байсан билээ?

-Анх Батбилэг гээд манай нэг залуу ганцаараа эхэлж байсан. Ганцаараа “Open mic” төрлөөр эхлүүлсэн. Энэ төрөл нь яг цэвэр стэнд ап биш. “Нээлттэй микрофон”-ы үдэш буюу үзэгчдээс хэн ярих сонирхолтой байна тэр хүн шууд гараад ярьж болдог төрлөөр эхэлж байсан. Батбилэгийн хийж байсан арга хэмжээнүүдийг үздэг байсан зарим залуус хамтарч энэ бүхнийг хөгжүүлцгээе, хамтаръя гэсэн санал тавьж өргөжих эхлэл нь тавигдсан юм л даа. Тэгээд гурвуулаа, дөрвүүлээ болоод. Дараа нь тавуулаа болж аваад нэг хэсэг, бараг жил гаран “үзээд”. Хэсэг хугацааны дараа нэмэгдсээр одоо арвуулаа болчихоод байж байна.

-Нэг эмэгтэй гишүүн байгаад байх шиг байсан. Эмэгтэй гишүүн дахиж нэмэгдэв үү?

-Одоогоор албан ёсоор нэг л эмэгтэй гишүүнтэй. Орост сурдаг Оля гэж бүсгүй. Оля маань орост бас стэнд-ап хийж байсан туршлагатай. Тэнд амьдарч, сурдаг байсан юм. Гэхдээ бид бас эмэгтэй гишүүнээр бүл нэмчих гээд өөр нэг эмэгтэйтэй ярьж байгаа. Шинэ гишүүн болж магадгүй эмэгтэй маань “Нээлттэй микрофоны үдэш”-т болон үндсэн гол тоглолтууд дээр ч стэнд ап хийдэг.

-Та хэд бас аялан тоглолт хийцгээсэн. Хэдэн орноор явж үзэгчдэд стэнд ап-ын урлагийг хүргэв?

-Одоогоор бид Азийн гурван орноор, Америкийн Лос-Анжелест очиж тоглосон.

-Очсон газарт чинь тэгээд монголчууд та нарыг хэр хүлээж авч байх юм?

-Бид нар ч “Өө шууд тэнд очоод тоглочихъё” гээд явчихгүй л дээ. Гадаад оронд байгаа монголчууд манай пэйж хуудсаар дамжаад, бидэнтэй холбогдоод “Та нар манай энд ирж тоглооч ээ. Энд ийм байна, тийм байна. Тоглолтыг чинь зохион байгуулж өгье” гэх мэтээр ханддаг. Иймэрхүү хандалтууд дээр үндэслэж л явдаг. Харин гадны оронд байгаа монголчууд биднийг маш таатай угтаж авдаг. Жишээ нь, бид Сөүлд хоёр хоног тоглоход нийтдээ 400-500 орчим хүн үзсэн. Гол нь тоглолтынхоо өдрийг л сайн товлох ёстой юм байна лээ. Монголчуудынхаа цаг заванд тааруулж.

-Та хэд тэгээд санхүүжилтээ яаж босгож байна…

-Санхүүжилт бол өөрсдөө. Тоглолт бүрээсээ тодорхой орлогыг хуримтлуулаад сан үүсгэчихнэ. Тэгээд тухайн жилдээ хаашаа явах эсэхээ төлөвлөсний дагуу л үйл ажиллагаагаа явуулна даа.

-Та хэд санаагаа хаанаас олж аваад байна. Бодвол шинэ санаа олохын тулд юм болгоныг анхаарч харж, үзэж явдаг байх нь ээ дээ?

-Өө тэгээд байж болох бүх л зүйлээс санаа авна. Хоол идээд сууж байхаасаа эхлээд л. Найзуудтайгаа уулзаад юм яриад сууж байхдаа ч юм уу. Тэгээд боломжийн гэсэн санаагаа тэмдэглэж авна. Аль болох мартахгүйн тулд түлхүүр үгээр тэмдэглэж аваад баяжуулна даа. Мөн тэдгээрийгээ ярьж үзэх хэрэгтэй. Үзэгчид хүлээж авч байвал илүү сайн баяжуулаад явна.

-Танай тоглолтуудыг үзэж байхад зарим зүйл анзаарагддаг л даа. Мэдээж хүмүүс бүгдээрээ адилхан хүлээж авахгүй. Зарим нэг нь таатайгаар хүлээж авч байхад зарим нь дургүйцэх хандлагатай байх гэх мэт. Хориотой ч гэдэг юм уу бохир үг хэллэг хэрэглээд байна гэх нь байх шиг?

-Мэдээж олны олон дундаас янз бүрийн хандлага гаралгүй яахав. Гэхдээ энэ урлаг маань өөрөө дандаа цэвэр юм ярина гэсэн зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд жишээ нь, хоёрдугаар сувгийн ч юм уу ярианы хэллэг их ордог л доо. Тайзны сонгодог урлагаас ялгаатай, ямар нэгэн хатуу цензургүй л ярьдаг урлаг л даа. Харин бид тоглолтоо эхлэхийн өмнө нас зааж өгдөг. Мөн ийм ийм зүйл яригддаг аа. Хэрэв та ийм ярианд эмзэг, мэдрэг бол манай тоглолтыг үзэхгүй байх ёстой гэх мэт.

-Энд тэнд өөр залуус та хэдийн яг ийм төрлөөр гарч ирж байна уу?

-Эхнээсээ бий болж байгаа. Японд гурван залуу байна. “T-comedy” гэдэг нэртэй. Тэндээ болдог хөгжилтэй, сонирхолтой зүйлсийг ярьдаг. Долоо хоногт нэг удаа, хагас сайн өдөрт тоглолтоо хийдэг. Токиогийн “Ulaanbaatar Irish” гэдэг газар тоглодог. Америкт бас нэг бий. “Бадарчин” нэртэй. Ер нь энд тэнд монгол залуус энэ урлагаар тодорхой юм хийж байгаа л даа. Энэ урлаг бол хотожсон, суурин иргэншлийн урлаг. Дэлхийд яг тайзан дээр гараад үзүүлдэг хошин урлагийн уламжлалт төрөл ерөнхийдөө хумигдаад, ярианы энэ урлаг тун боломжийн хэмжээнд тэлээд байгаа тухай тодорхой салбарын урлаг судлаачид бас бичсэн байдаг. Тэгэхээр энэ урлаг маань тун сайн хөгжих ирээдүй харагдаж байгаа л даа.

-Тэгвэл стэнд ап хийж байхад үзэгчийн хошин шогийн мэдрэмж их нөлөөлнө биз?

-Тэгэлгүй яахав. Монголчууд хошин шогийн мэдрэмж их өндөртэй. Харьцангуй хэлэх гэсэн санааг ойлгодог, өөрсдөө дотроо баяжуулж боддог гээд. Үзэгчид хүлээж авч байгаа байдал гээд тухайн хувь хүнээс их шалтгаална аа.

-Та хэд саявтархан “Корперейт”-ийн заалыг дүүргэх шиг болсон доо. Их л нүсэр тоглолт болсон.

-Аравдугаар сарын 20, 21-нд хоёр тоглолт хийгээд. Ямартай ч үзэгчдийн заал дүүрсээн. 1100 хүний суудалтай заал л даа. Манай тоглолтын бичлэг “Юнивишн”-ий видео санд орсон. Үзэлт ч муугүй байгаа. Гадаадад оршин суудаг монголчууд маш их үздэг юм байна лээ. Ер нь гадаадад байгаа монголчууд монгол контентоор их дутдаг юм билээ. Тэр ч утгаараа байх, “Look TV”-гээр гаднаас олон үзэгч үзэж байх шиг байна лээ.

-Та хэд “Ардын буйдан” нэвтрүүлэгт оролцдог. Тэр дөрвөн нөхөр чинь одоо “анхны-7” гэдэг шиг анхны хэд нь үү?

-Тийм. Анх бид нар “МонголHD” телевизийн нэвтрүүлэгт ороод ийм урлагийг хөгжүүлж байгаа талаараа танилцуулж, ярьж байсан юм. Тэгээд тэр нэвтрүүлгээс болсон уу, бидэнд “Ардын буйдан”-д оролцох санал тавьж, тодорхой шалгуурыг даваад тэгээд л буйдан дээр хоёр жил суусан даа.

-Та нарыг “Ардын буйдан”-д орсноос хойш хүмүүс бас илүү таньдаг мэддэг болох шиг болсон шүү…

-Өө тэгсэн. Энд тэнд явж байхад “Буйдангийнхан” байна гээд их таньдаг болсон.

-Одоо танай хэд шоуны хөтлөгч хийдэг болоод байна. Хэн хэн хаана юу юу хөтөлж байна. Та энд тэнд янз бүрийн арга хэмжээ хөтөлж байна уу. Ядаж л тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байгаа биз? (Ярилцагч маань өөрөө “Манай хэд тв-ээр юм хөтөлдөг боллоо. Би ядаж тэмдэглэлийн дэвтэр ч болов хөтлөе дөө” гэж бичсэн байсан нь миний инээдийг их л хүргэсэн учир ингэж асуулаа)

-(инээв). Манай Идэр-Од “Шарк танк”-ын хөтлөгчөөр ажиллаж байна. Батбилэг, Амартүвшин хоёр “Боловсрол” тв-ийн “Оддын академи” шоуг амжилттай хөтөлж байгаа. Төгөлдөр удахгүй олны хүртээл болох “Voice” шоуг хөтлөх байх. Би өөрөө бол одоохондоо тэмдэглэлийн дэвтрээ л хөтөлж байна даа.

-Тэгэхээр мэргэжлийн хөтлөгчид шоуг хөтөлдөг гэсэн уламжлалт хэв маягт танай хэд бас салхи оруулж байна аа даа?

-Харин тийм. Яг бидний дунд ямар нэгэн урлагийн сургууль төгссөн хүн байхгүй. Бүгд өөр, өөр мэргэжилтэй. Санхүүгийн, тогооч, инженер гээд. Гэхдээ өөр мэргэжлийн хүмүүс ийм урлагийн төлөө явж л байгаа бол яалтгүй суралцах хэрэгтэй болдог юм билээ. Дор хаяж л яаж үзэгчтэйгээ харьцах вэ гэдэг ч юм уу. Гэхдээ стэнд ап маань өөрөө бас л тайзны урлагийн нэг төрөл учраас хөтлөх гэдэг нь бас ч ойр байгаа юм л даа. Давуу тал бас харагдаад байгаа юм. Мэргэжлийнхний хажууд харьцангуй хямд. Хөтлөхийн хажуугаар үзэгчдээ инээлгэчихнэ гээд.

-Одоо хийгдэж байгаа тоглолтууд хаагуур голдуухан тоглогдож байна?

-Бид өөрсдөө ямар ч гэсэн клубтэй болсон. Хуучнаар 50 дугаар дэлгүүрийн урд “Сант-Асар” төвийн хоёрдугаар давхарт. “Ub comedy club” гэж байгуулаад лав нэг улирал боллоо. Бид долоо хоногт зургаан удаагийн тоглолттой байгаа. Стэнд ап-ын хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явагдаж байна. Голдуу 25-32 насны залуус манай клубт их ирнэ. Бид өөрсдөө ч гэсэн яг л энэ насныхан. Анх хонгилын давхарт тавхан үзэгчтэй эхэлж байснаа бодвол бас ч гэж үзэгчтэй, клубтэй болчихсоон. Одоо манай тоглолтуудыг 150-240 хүн үздэг болсон нь муугүй амжилт шүү. Долоо хоногт бүр урьд нь ирж байгаагүй 400 орчим хүн шинээр ирдэг болсон.

-Сүүлийн үед шүлэг дууны цомгууд их ч гардаг болж. Яг хүч үзэж, хөгжүүлж байгаа энэ төрлөөрөө дагнасан CD ч юм уу, DVD гаргах ойрын төлөвлөгөө байна уу?

-Энэ урлаг өндөр хөгжсөн Америкт гэхэд улсаараа бүтэн аялан тоглолт хийдэг юм байна лээ. Тэгээд тухайн аялан тоглолтоороо бүрэн хэмжээний DVD гаргадаг. Зах зээл нь өргөн болохоор борлуулалт ч маш өндөр юм билээ. Гол нь ярианы сэдэв нь байнга шинэ байдаг, цаг үетэйгээ холбогдож байдаг болохоор сонсогч их байх бололцоотой. Дуучин хүн байлаа гэхэд нэг хит дуу гаргаад түүнийгээ хоёр гурван жил дуулчихаж болдог. Гэтэл бидний хөгжүүлж байгаа урлаг тийм биш. Нэг яриагаа хоёр удаа ярихад л “Өө, та нар хуучнаа яриад байна” гэх жишээтэй. Тиймээс байнга шинийг эрэлхийлж, шинэ юм ол гэсэн шаардлагыг үзэгчид тавьдаг л даа. DVD гаргачихлаа гэхэд бүх зүйл бичлэгт үлдэнэ. Тэгэхээр тэр яриаг дахиж ярих боломжгүй болно гэсэн үг. Үзэгч, сонсогчоо уйдааж үргээхгүйн тулд шүү дээ.

-Стэнд ап-ын энэ төрөл ингэхэд залууст хэр үлгэр дуурайл болох юм бэ. Мэдээж та нарын шүүмжилж байгаа, ярьж байгаагаас залуус өөрсдөдөө бага ч болов дүгнэлт хийх гэдэг ч юм уу, элдэв муу зуршлаа хаях ч гэдэг юм уу?

-Тиймэрхүү хандлага анзаарагддаг шүү. Жишээ нь, ядаж л нэлээн өөдгүй араншин болох тамхины иш, нус цэрээ хаа хамаагүй хаядаг тухай ярихад тухайн үед инээж хүлээж авсан ч гэсэн дотроо бас ухамсарлаад байх шиг байгаа юм л даа. Цөөн ч болов хүний ухамсарт эерэг хандлага суулгаж байвал болно. Бид лут соён гэгээрүүлэгчид биш ч гэлээ өөрсдийн чадах хэмжээндээ залууст дуурайл болох гэж хичээж байгаа.

-Ингэхэд та нарыг аав ээж, ах дүү нар чинь яаж хүлээж авч байна?

-Харьцангуй залуу аав ээжтэй залуус маань гайгүй ээ. Эхлээд жаахан тиймхэн байдлаар хүлээж авах гээд байдаг байсан. “Чи тайзан дээр гарчихаад олны өмнө ийм юм яриад байхдаа яадаг юм” гэдэг ч юм уу. Цагаан сараар ах дүүгийнд очиход “Та нар хоёрдугаар сувгийн юм их ярьж байна. Ичдэггүй юм уу. Чи зурагтаар тийм юм яриад байх юм. Хүмүүс тэгээд уурлахгүй байна уу” гэх мэт. Ер нь заримдаа хэцүү л дээ. Яахав тэгээд, дэмжих нь ч байна, дэмжихгүй нь ч байгаа л даа.

Гэхдээ дэмжихгүй нэгнээс урам зориг өгч байгаа нь олон учраас бид энийгээ орхихгүй хөгжүүлж байгаа хэрэг. Анх тайзан дээр ярихад үзэгчид “Зайлаач ээ, буу” гээд усны сав шидэхээс эхлээд янз бүрийн сэтгэл хөдлөл харуулдаг байсан. Одоо бол эрс өөр болсон л доо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *